Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
- .
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө.
- Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.
- Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд найрамдах Словак улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
- Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Словени улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна