УИХ-ын гишүүн Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс анх удаа 16.1 их наяд төгрөгийн том төсөв баталлаа. Сайн, муу олон янзаар ярьж байна. Таны хувьд ирэх оны төсвийг том зургаар нь хэрхэн харж, дүгнэсэн бэ?
-2022 оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн төсөв гэдгээрээ онцлогтой. Зөвхөн манай улс биш дэлхий даяар улс орнууд цар тахлын дараах сэргэлтийн төлөө өндөр төсөв баталж байна. Коронавирусын халдварын дараах эмчилгээ гэж ярьж байгаатай адил ирэх оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн эмчилгээ болно гэдэгт итгэж байгаа.
-Ирэх оны төсвөөс онцлох хөрөнгө оруулалтууд юу байна вэ?
-Миний харж байгаагаар ирэх онд бүтээн байгуулалтад 2.4 их наяд төгрөг төсөвлөсөн нь анхаарал татаж байгаа.
Замын бүтээн байгуулалт гэхэд энэ жилийнхээс 7.5 дахин, эрчим хүчний салбарт 6.4 дахин илүү хөрөнгө оруулалт хийхээр болсон. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөж нь 150 хувиар өсөж ирдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд 250 төгрөг болж ирнэ гэсэн үг. Энэ бол хөгжсөн орны хувьд хийсэн судалгаа. Монгол Улсын хувьд илүү өндөр өгөөж ирнэ гэж бодож байгаа. Мөн анх удаа боловсролын салбарт өндөр төсөв тавьсан байна. Тухайлбал, боловсролын зээлийн санд 79 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийнхээс 46 хувиар өндөр байсан. Энэ бол Монголын ирээдүй болсон залуучуудаа сурч боловсроход нь дэмжиж, боломж нээж өгч байгаа хэрэг. Мөн анх удаа нийслэлийн түгжрэлийг бууруулахад цогц бодлого боловсруулж 420 тэрбум төгрөг баталсан. Нийслэлийн удирдлагууд шаардлагатай цаг үед зоригтойгоор ажиллаж Засгийн газартайгаа уялдаа холбоотой ажилласны илрэл гэж харж байгаа.
-Төсөв томрохын хэрээр төсвийн алдагдал тэлэх, уул уурхайн салбарт хэт өөдрөг орлого төсөөлөх гэх мэт эдийн засагчдын шүүмжлэл дагуулсан асуудлууд байна?
-Төсвийн алдагдлыг 2.3 их наядаар баталсан. Үүний тодорхой хэсгийг Засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлж таарна. Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх нь нэг талаар буруу зүйл биш юм. Учир нь Засгийн газрын бонд нь санхүүгийн зах зээлд жишиг хүү тогтоодог. Ингэснээр хувийн хэвшлүүд бонд гаргаж хөрөнгө оруулалт босгохоос гадна арилжааны жишиг хүү тогтоогддог. Дараагийн анхаарах асуудал бол төрийн өмчит компаниудын ногдол ашгийг 400 тэрбум гэж тооцсон байна. Энэ бол харьцангуй том тоо. Үүнд хүрч чадах уу гэдэг нь асуулт дагуулах байх. Мэдээж энэ дүндээ хүрэхийн тулд менежментээ сайжруулах, хувьцаат компанийн засаглал руу орно гэж байгаа нь дэвшил гэж харж байгаа. Мөн 36 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон байна. Энэ бол хүрэх боломжтой дүн гэж бодож байна. Учир нь Хятадын коксжсон нүүрсний эрэлт ирэх жил өндөр байхаар байна. Миний харж байгаагаар Хятад улсын эдийн засаг ирэх жил 5-6 хувиар өснө. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтууд өрнөж гангийн үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа. Ган хайлуулахад гол түүхий эд болох коксжсон нүүрсийг Монголоос авах нь энэ цаг үед хамгийн тохиромжтой байгаа. Хилийн асуудал шийдэгдвэл эрэлт нь хангалттай гэж бодож байна. Мөн төсөвт нүүрсний тонн тутмын үнийг 73 ам.доллараар тавьсан байсан. Харин зах зээлийн үнэ нь өнөөдөр 300 ам.доллар хүрсэн байгаа. Тэгэхээр төсөөллөөс давсан орлого олох боломжтой. Хил гааль, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлууд ч төсөвт тусгагдсан байсан. Одоо байгаа нөхцөл байдал бол цэвэр ковидоос шалтгаалж байгаа гадны хүчин зүйл тул он гараад нөхцөл байдал сайжирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Хоёр яам шинээр байгуулахаар болж төсөв нь батлагдлаа. Одоо хэрхэн үр дүнтэй ажиллах талаар ярих хэрэгтэй байх?
-Миний хувьд цаг үеэ олсон зөв шийдэл гэж дэмжиж байгаа. Цар тахалтай холбоотойгоор Монголбанкинд ирж байгаа олон сорилт байна. Нэн түрүүний асуудал бол өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Инфляц бараг 10 хувьд дөхөж байна. Монголбанк үүнийг макро түвшинд мөнгөний бодлогоор дангаар шийдэх боломжгүй. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь хил, гаалийн сааталтай холбоотой нийлүүлэлт талдаа буюу микро түвшинд байна. Тиймээс зайлшгүй Засгийн газрын оролцоо шаардлагатай. Монголбанк ирэх жилийн хоёрдугаар хагасаас инфляц буурна гэж байгаа. Гэхдээ бид нэг зүйл анхаарах ёстой. Өндөр тогтсон үнэ эргээд буурахад хэцүү. 9000 төгрөгийн үнэтэй бараа 10 мянган төгрөг болоод эргээд 9000 болох нь бараг үгүй. Харин 10 мянгаасаа нэмж өсөхгүйгээр өсөлт нь тогтворжиж болдог. Үнэ бол цавуу шиг гэсэн эдийн засгийн онол ч байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад сүүлийн 30 жил байгаагүй өндөр инфляцтай нүүр тулж байна. Тиймээс Монголбанк, Засгийн газартайгаа хамтарч уялдаа холбоотой ажиллаж байж иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг багасгах боломжтой. Мөн хил гаалийн асуудлаас үүдээд үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдийн дутагдалд орж байна. Тэгэхээр импорт орлосон түүхий эд үйлдвэрлэхийн тулд энэ төрлийн үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Тоног төхөөрөмж, барилгын материалыг татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох гэсэн олон арга байна. Энэ бүх бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж зангидаж ажиллана гэж ойлгож байгаа. Ковидын дараах сэргэлтийг хийхэд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хамгийн чухал байгааг улс орнууд хамгийн түрүүнд онцлон харж байна.
-Цахим хөгжлийн яамны тухайд?
-Криптовалютаас эхлээд цахим хөгжил асар хурдацтай явагдаж байгаа энэ үед заавал байх ёстой яам. Яам байгуулж салбараа фокусандаа оруулж байж бид цахим хөгжлөөс хоцрохгүй амжилттай хөгжинө.
Яагаад бид бусад орон шиг цахим хөгжлийг цаг алдалгүй хүлээж авах шаардлагатай вэ. Яагаад хөл нийлүүлэн хөгжих боломжтой вэ гэхээр мэдээллийн технологийн эринд гарааны болон газар зүйн ялгаа байдаггүй. Өнөөдөр программ хангамжийн чиглэлээр төгсөж байгаа оюутнууд Монголд байна уу, Энэтхэг, Японд байна уу хамаагүй программын нэг л хэл сурч байна. Тэр хэлээ яаж ашиглаж, ямар оюуны бүтээл хийж байна вэ гэдгээрээ хил хязгааргүй өрсөлдөж байна. АНУ гэхэд блокчэйн дээр суурилсан мэдээлэл технологийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, үүгээр дэлхийд өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэдгээ зарлачихлаа. Бүх улс орон цахим шилжилтэд анхаарч байгаагийн нэг жишээ энэ юм. Тэгэхээр бид хоцорч болохгүй. Удахгүй Монгол Улсад 5G сүлжээ орж ирэх гэж байна. Үүнийг дагаад бизнесийн том боломжууд, ажлын байрууд бий болно. Монгол залуучууд олон улсад софтвэйр, аутсорсингаа зарж, шэйрлэх болно. Гэх мэтчилэн биднийг том өөрчлөлтүүд хүлээж байгаа.
-Манай криптовалютын зах зээлд койны давалгаа хүчтэй өрнөлөө. Богино хугацаанд ашиг олох сонирхол энэ зах зээлийг тэр чигт нь унагаж мэдэхээр болчихлоо?
-Нэг хэсэг койны том давалгаа үүслээ. Монголд найман койн зах зээлд гарч, 20-оод шинэ койн гарахаар хүлээгдэж байгаа гэсэн мэдээллийг авсан. Энд хамгийн гол нь зөв зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь дунд нь хөөс байж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Яагаад хүмүүс койн аваад байна гэвэл богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхол нь давамгайлаад байна. Уг нь койны үндсэн зорилго нь ашиг хийхдээ биш юм. Биткойн, этериум гэсэн койнууд анх гарахдаа төлбөрийн хэрэгсэл болж гарч байсан. Өнөөдөр монгол төгрөгөөр бид Америк, Японд очоод худалдаа хийх боломжгүй. Тэгвэл амжилттай криптовалют гаргаад олон улсын бирж дээр хүлээн зөвшөөрүүлснээр тухайн койноор гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой болно гэж харж байна. Ер нь дэлхийн уламжлалт санхүүгийн том байгууллагууд блокчэйн технологийг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна. Бид хэзээ ашиглах уу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Тиймээс түрүүлж төлөвлөгөө хийгээд угтаж ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ технологи хэнийг ч хүлээхгүй.
Иргэд маань үүнийг зөв ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ямар технологи дээр суурилсан койн байна. Блокчэйн дээр суурилсан байна уу, үгүй юу, хөрвөх чадвар ямар байх уу гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нийгэмд айдас үүсгэхээс илүү зөв зохицуулалт хийгээд, иргэдээ мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Энэ давалгаан дунд хуурамч, луйврын шинжтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Виртуал хөрөнгийн тухай хууль их хурал дээр явж байгаа.
-Хуулийн төсөл дээр ямар саналтай байна?
-Одоогийн байдлаар байнгын хороогоор эхний удаа хэлэлцсэн байдалтай байна. Дэлхийн улс орнуудын жишгийг нэлээд судалж, манай хуулийн төсөлтэй харьцуулж үзлээ. АНУ, Сингапур, Австри, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Хятад улс ямар нэгэн байдлаар бүрэн төгс зохицуулсан хуулиа одоогоор гаргаж чадаагүй байна. Бүгд тодорхой хэмжээнд туршилт хийгээд явж байна. Тэгэхээр Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ямартай ч хуулийн төслөө баталчихья. Нэмэлт зохицуулалтыг дараа нь цаг алдахгүй хийгээд явах ёстой гэж бодож байна. Сүүлийн таван жилд л асар эрчимжсэн зүйл болохоор эцсийн үнэн зөв гаргалгааг нь хэн ч мэдэхгүй байна. Хугацаа нь болоогүй байна гэсэн үг л дээ. Ямартай ч бид зугатах ёсгүй. Цаг хугацааны хувьд бид эгзэгтэй, гэхдээ маш том алтан боломжийн үед байна гэж харж байгаа. Монгол Улс мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадснаар эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна