ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд ШӨХТГ-аас авч хэрэгжүүлэх 8-н санал

С.Гандэлгэр
2021/11/19

Энэ удаагийн форум "ЦАР ТАХАЛ БА ЭДИЙН ЗАСАГ сэдвийн дор зохион байгуулагдаж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, хамтран зохион байгуулагчаар Жижиг дунд үйлдвэрийн газар, НЖДҮ үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, ШӨХТГ ажиллалаа.

Тус форумд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Сайн байцгаана уу бизнес эрхлэгчдээ. Энэхүү форумаар Төрийн байгууллагууд хийсэн ажлаа тайлагнадаг биш бодлого ярьж, хийх ажлаа хэлдэг, цаасан дээр бичигдээд үлдэх биш амьдралд биелээд үлддэг ажил хэрэгч хурал байгаасай гэж хүсэж байна. Төрийн байгууллагууд бага ярьж, бизнес эрхлэгчид маань их хэлж хуралдацгаая.

ЖДҮ эрхлэгчид нь томоохон компаниудтай харьцуулахад хязгаарлагдмал тооны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд худалддаг, холбогдох зах зээл нь газар зүйн хил хязгаарын хувьд харьцангуй жижиг, ихэвчлэн тухайн зах зээлийнхээ хамгийн бага хувийг эзэлдэг, ханган нийлүүлэгч компаниудтай бизнесийн харилцаа тогтооход хүндрэлтэй байдаг. Мөн ЖДҮ эрхлэгчид нь ихэнх тохиолдолд хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй байдаг ба тухайн зах зээл болон хууль, эрх зүйн орчны талаарх мэдлэг дутмаг байдаг.

Ковид-19 цар тахлын үед улс орнуудын засгийн газраас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас ЖДҮ эрхлэгчид нь уламжлалт худалдааны аргуудыг ашиглах боломжгүйд хүрч бизнесээ онлайн хэлбэрт шилжүүлэх үзэгдэл түгээмэл ажиглагдсан бөгөөд олон нийтийн сүлжээ, вебсайт, и-мэйл зэрэг дижитал хэрэгслүүдийг ашиглан бизнесээ сурталчлан, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан борлуулж эхэлжээ.

Засгийн газраас ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ үргэлжлүүлэн авч явахад нь түлхэц үзүүлэхүйц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд шууд мөнгөн тусламж, татвар төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах, татварын хөнгөлөлт зэрэг арга хэмжээнүүд хамаарч байна. Улс орнуудын засгийн газраас авч хэрэгжүүлж буй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд нь жижиг, дунд бизнесүүдийг сул зогсолт хийх, орлогоо алдахаас сэргийлэхэд томоохон нөлөө үзүүлж байна. Үүний зэрэгцээ компаниудад үзүүлж буй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээс илүүтэй томоохон компаниудад ашигтай нөхцөлийг бүрдүүлж байна.

Бичил, ЖДҮҮ эрхлэгчдэд хамгийн хэцүү үе удахгүй ирнэ. Дэлхий дахинаа цар тахлаас үүдэн аливаа хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг үзүүлж байна. Удахгүй энэ бүх дэмжлэг, хөнгөлөлт, тусламжууд байхгүй болно. Энэ нь эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувьд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд шууд тусах болно. Тухайлбал, БНХАУ Өвлийн олимп угтан тогтоож, барьж байгаа үнийн тогтворжуулах хөтөлбөрүүд 2022 оны 4 сараас зогсож эхэлнэ. Үүнд бид бэлэн байх ёстой. Импортлогч орон байхын сул талыг бид хангалттай эдэлж байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих 5 жилийн хөтөлбөрийг боловсруулж төрөөс дунд хугацааны хөрөнгө оруулалтыг эрчимтэй оруулан үйлдвэрлэгч орон болох стратеги, төлөвлөгөөг гаргах шаардлагатай байна.

ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ДАРААХ 8-Н АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА.

1.    ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөөний бодлого, хууль, эрх зүйн орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж, зохицуулалт нь ЖДҮ эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ЖДҮ эрхлэгчдийн салбарын мэдлэгийг дээшлүүлэхэд өрсөлдөөний байгууллага чухал оролцоотой байх ёстой. ЖДҮ эрхлэгчид нь хууль, эрх зүйн орчны талаар ямар нэг мэдлэггүй, өрсөлдөөний бодлогын тэдэнд үзүүлэх эерэг нөлөөлөл, өрсөлдөөний тухай хууль тогтоомж, зохицуулалт нь тэдний үйл ажиллагаанд ямар нөлөөтэй талаар тодорхой ойлголтыг бий болгох хэрэгтэй. Зах зээлд шинээр нэвтэрч, бизнесээ дөнгөж эхлүүлж буй бизнес эрхлэгчдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг төдийлөн байдаггүй нь бүх улс орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Мөн төрийн зохицуулах чиг үүрэгтэй байгууллагууд нь ЖДҮ-ийн салбарын талаар ойлголт дутмаг байдаг тул төрийн байгууллагуудын боловсон хүчнийг чадавхжуулах шаардлагатай байна. Тиймээс баг гарган ЖДҮҮ эрхлэгчдэд байнгын зөвлөгөө мэдээлэл өгөх төвийг байгуулан ажиллана.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДЭРГЭД ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ТУСГАЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ.

2.     Өрсөлдөөний байгууллагын хувьд ЖДҮ-ийн салбарын хэрэгцээ, тулгамдаж буй асуудлуудын талаар байнгын мэдээлэлтэй байх арга бол ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн зөвлөл байгуулах явдал юм. Зарим улс орнуудын өрсөлдөөний байгууллагууд нь ЖДҮ-ийн асуудлаар мэргэшсэн судалгааны байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид, салбарын байгууллага, холбоог оролцуулсан тусгайлсан зөвлөлдөх механизмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү зөвлөл нь ЖДҮ-ийн хэтийн төлөвийг тодорхойлж, өрсөлдөөний байгууллагаас голчлон анхаарах асуудал, бодлогын шинэлэг санаачлагуудыг дэвшүүлэн ажиллана. Үүний хүрээнд ЖДҮ-ийн талаар мэдлэгтэй гишүүнийг томилж ажиллуулах шаардлагатай. Иймд өрсөлдөөний байгууллагын гишүүдийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа нэг ЖДҮ-ийн салбарт туршлага, мэдлэгтэй хүнийг томилох нь бодлогын түвшинд шийдвэр гаргахад үр дүнтэй гэж үзэж байна.

3.    СУДАЛГААНЫ АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ.

Олон улсад ЖДҮ-ийн салбарыг өрсөлдөөний тогтолцооны талаас бүрэн дүүрэн судалсан судалгаа, тайлан дутмаг байна. Тухайлбал, ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөөний хууль, бодлогын талаарх ойлголт, ЖДҮ эрхлэгчдэд өрсөлдөөний хуулийг дагаж мөрдөхөд тулгарч буй асуудал, ЖДҮ-ийн салбарын онцлогоос хамаарсан өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа байгаа эсэх зэрэг асуудалд тодорхой хариулт шаардлагатай гэж үзэж байгаа ба энэ талаар судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

4.    ЗАРИМ ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛИЙГ ЦУЦЛАХ.

Ковид-19 цар тахлын үед ЖДҮ эрхлэгчдийн татварын хэмжээг бууруулах, тавих хяналтаа сулруулах, хяналт шалгалт, торгуулийг хойшлуулах, стратегийн ач 2 холбогдол бүхий салбарт оногдуулсан торгууль, шийтгэлүүдийг цуцлах хүртэлх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

5.    ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ХУУЛЬЧЛАХ.

      Төрийн худалдан авах ажиллагаанд ЖДҮ эрхлэгчид түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бодит дэмжлэг буюу төрийн болон төрийн өмчит компаниудын худалдан авалтын 25-аас доошгүй хувийг хуулиар тогтоож өгөх.

6.    ХАМТРАХ, НЭГДЭН НИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ

Ковид-19 цар тахлын үед зарим салбар дахь бизнес эрхлэгчид хооронд зайлшгүй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүсэх, ялангуяа хэрэглэгчдэд зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд өрсөлдөгч компаниудын хамтын ажиллагааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх үүднээс түр хугацааны журам /guideline/-ыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

7.    ЗӨВШӨӨРЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГОХ.

Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл багасгах шаардлагатай. Нийслэл, аймагт олгож буй БАТЛАМЖ-ийг бол бүр байхгүй болгох хэрэгтэй.

8.    ЭРХ ЗҮЙН ОРЧИНД АНАЛИЗ ХИЙХ.

Өнөөдөр Монгол Улсад 798 орчим хууль, 2100 орчим УИХ-ын тогтоол, 2398 орчим захиргааны хэм хэмжээний акт байна. Эдгээр 5000 орчим эрхзүйн хэмжээний актууд нь хоорондоо зөрчилддөг, үл ойлголцол үүсгэдэг, нэгнээ үгүйсгэдэг болжээ. Хуулийн эрэмбэ алдагдаж хуулийг давсан захирамж, журам гардаг болсон байна. Энэ бүхэн нь бизнес эрхлэгчдэд маш төвөгтэй байдлыг үүсгэж байгаа нь шударга өрсөлдөх боломжийг хааж байна. Тиймээс хуулийн дата анализыг хийж нэг мөр цэгцлэх шаардлагатай байна. Энэ ажлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийнэ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна