32 тэрбумын өртөгтэй хөшөөний саналыг Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар гаргажээ


Иргэдийн халаас хоосорч, эдийн засгийн асуудалтай өрх бүр нүүр тулж буй энэ цаг үед тэдний төлсөн татвар болох 32 тэрбум төгрөгөөр хөшөө барьж эхэлсэн явдал олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж буй. 

Анх “Богд Зонхова” хөшөөг 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32 тэрбум болон тусгагдсан байдаг. Тодруулбал, 2021 онд Ц.Амарсанаа даргатай Барилгын хөгжлийн төв тус барилгыг барихад 5,5 тэрбум төгрөг хүрэхгүй, 32 тэрбум төгрөг хэрэгтэй гэх магадлал гаргажээ. Тус магадлалаар төсвийг нь 2022 оны улсын төсөвт нэмэгдүүлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Үүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайн үеийн Засгийн газар огцрохын өмнөх өдрөө баталж байсан гэх мэдээлэл байдаг.  Ийнхүү  хөшөөний өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ чимээгүйхэн баталсан нь анхаарал татаж байгаа юм.

Сошиал сүлжээнд шүүмжлэл өрнөхтэй зэрэгцэн тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхов байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэх мэдээллийг цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлэв. Мөн Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд “Энэ талаар огт мэдэхгүй” гэх агуулга бүхий мэдэгдэл хийв.

Ч.Хүрэлбаатарын хэлснээр тухайн үед төсөв өргөн барихад Богд Зонховын хөшөөг барих ажлын төсөв тусгагдаагүй байж. Харин 2021 оны төсвийг хэлэлцэх шатанд Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын саналаар "Богд Зонхов" бурхны хөшөөг барих санал дэмжигдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь салбарын сайд нь “би мэдээгүй ээ” гэх. Барилгын ажил нь хэдийнэ эхэлчихсэн байхад нэг ч төгрөгийн санхүүжилт өгөөгүй гэж байгаа нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Хамгийн их өртөгтэй төслийг соёлын сайд, сангийн сайд нар харахгүй, мэдэхгүй өнгөрөх боломжгүй билээ.

Учир нь Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гурван гишүүн санал гаргаж оруулж ирсэн байлаа ч байнгын хороо, чуулганы хуралдааны шат дараатай хэлэлцүүлгээр орж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч таарна. Үнэхээр л хэлж байгаа шигээ цагаа олоогүй төсөл гэж үзсэн юм бол түүнийгээ илэрхийлж, хасуулах боломж Соёлын сайд, Сангийн сайд нарт байжээ. Харамсалтай нь тэд бусадтайгаа ижил чимээгүйхэн явуулахыг илүүд үзсэн бололтой. 

Хүүхдүүдийн сурах орчин хангалтгүй, эрүүл мэндийн салбар уналтанд орж, иргэд, хүүхдүүдийг суурь хэрэгцээгээ ч хангаж чадахгүй нөхцөлд аваачихаад хөшөө барина гээд хөөрцөглөж яваа төрийн түшээд, сайд нарт хариуцлага тооцохыг олон нийтийн зүгээс шаардах нь зүй ёсны хэрэг юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.114.242
    2021/11/22

    Их л нүгэл үйлдсэн дээ! Нүглээ төсвийн мөнгөөр нимгэлэх санаатай ясны хулгайчууд юм.

    Хариулах