Бичил хуванцрууд тархинд нэвчдэг болохыг тогтоожээ


Дэлхий дахинд хамгийн хурцаар тулгамдаж буй асуудлуудын нэг бол хуванцар хог хаягдал. 

Жил бүр олон сая тонн хэмжээгээр далайд хаягддаг хуванцрууд нь далайн усанд цохигдон жижиг хэсгүүдэд бутарч хуваагдах бөгөөд энэ асар их бохирдол үүсэх хүчин зүйл болдог. Харин тэдгээрээр хооллосон далайн амьтад нь эргээд хүн төрөлхтний хоол хүнсний гинжин хэлхээнд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд сануулсаар буй юм.

Тухайлбал, амьтны бие махбодод бичил хуванцрууд нэвтэрснээр булчингийн хөгжлийг сулруулж, байгалийн онцлог шинж, чадавхыг нь алдагдуулдгийн зэрэгцээ нөхөн үржих чадварыг бууруулдаг байна. Харин хүний уушгинд нэвтэрсэн тохиолдолд эсийн бүтцэд нөлөөлдөг болох нь судалгаа, туршилтаар батлагджээ.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн байдлаар БНСУ-ын хулганын Гёонбүк Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэд энэ чиглэлээр нарийвчилсан туршилт судалгаа явуулсан байна. Тэд хулганы биед бичил хуванцар хэрхэн нөлөөлж байгааг ажиглаж үзэхэд, цус-тархины хориг буюу тархинд нэвтрэхээс хамгаалж байдаг хаалтыг нэвтэрч байгааг тогтоосон байна.

Хүний тархинд ч мөн үүнтэй адил хаалт байдаг ч бичил хуванцрууд нэвтэрч байж болзошгүйг анхааруулжээ. Хэрэв тийм бол тархины үйл ажиллагаа муудаж, эсүүд үхжих зэрэг олон сөрөг үр дагавар үзүүлэх эрсдэлтэй юм.

Эх сурвалж: Newatlas



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.