Б.Болор-Эрдэнэ: Иргэдийн хаа сайгүй тарсан дата мэдээллийг хувийн хэвшилтэй хамтран устгаж эхэлнэ

Х.Есү
2022/01/10

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд “Цахим хөгжлийн суурь болсон дөрвөн хууль батлагдлаа. Шинэ хуулиар таны мэдээлэл рүү төрийн албан хаагч орж харсан бол эзэнд нь мэдэгдэл ирдэг болж байгаа нь төрд ямар мэдээлэл байгаагаа мэдэж, эргээд хянах боломж бүрдсэн. Манай улсын кибер аюулгүй байдал эмзэгт ордог. Тэр ч утгаараа кибер аюултай тэмцэх, хамгаалах анхны хуулиа баталлаа. 17-18 жил яригдаад батлагдаагүй учраас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо буюу систем, хууль эрхзүй, соёл, иргэдийн мэдлэг, хандлага, боловсрол, зуршил бүрдээгүй байсан. Үүний сөрөг нөлөөгөөр иргэдийн үнэ цэнтэй дата алдагдсан, эрсдэлд орсныг нуух боломжгүй. Өнөөдөр иргэдийн хамаг эмзэг мэдээлэл дата хаа сайгүй тарчихсан байна. Тиймээс хууль хэрэгжээд эхлэхээр тэдгээр хаа сайгүй тарсан дата мэдээллийг устгах ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийхээс гадна кибер аюулгүй байдал бол эмзэг асуудал учир хуулиар нарийн зохицуулна.

Өмнөх хуулиар зөвхөн тагнуулын байгууллага л төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана уу гэхээс хувийн хэвшил, иргэдийнхийг хамгаалах үүрэг, хариуцлага хаана ч байгаагүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Кибер аюулгүй байдлын хуулиар иргэд, хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаална. Шинээр байгуулагдаж байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд Халдлагаас хамгаалах төв байгуулна. Төсөв, орон тоо нэмлээ гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ халдлагаас хамгаалах төвгүйгээр урагшаа нэг ч алхаж, ямар ч халдлагатай тэмцэж чадахгүй. Энэ төв цагдаа, түргэн тусламж шиг  24 цагаар шуурхай бэлэн байдалд ажиллана. Иргэн, хувийн хэвшил хаягаа хакердууллаа гэхэд шуурхай тусламж үзүүлнэ. Харин төрийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуул хариуцдаг нь хэвээр байх юм. Мөн сонсоход хол мэт санагдавч кибер терроризм, кибер дайн зэргээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний халдлагаас сэргийлэхийн тулд зөвлөл ажиллахаас аргагүй. Кибер аюулгүй байдлыг хангах хамгийн чухал сорилт бол боловсон хүчин. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажилд заавал монгол хүн байх ёстой. Өнөөдөр манай улсад олон улсад кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй 25 хүн байна. Тиймээс Монгол залуусыг сургах, бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир боловсролын яам, олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна.

“И Монголиа”-д байнга эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тестэлж байдаг. Үүнтэй адилаар хуульд мэдээллийн аюулгүй байдлын аудит орж ирж байгаа. Эрсдэлийн үнэлгээ, аудитыг хувийн хэвшил гүйцэтгэхээр хуульчилсан. Мөн иргэдийн датаг авч хадгалдаг байгууллагуудад эрсдэлийн үнэлгээг тогтмол хийнэ. Нөгөө талаас хариуцлага яригдана. Иргэдийн датаг санаатайгаар авсан, алдсан бол хорих хүртэлх хэмжээний хариуцлага тооцно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.