СУРВАЛЖИЛГА: Шахмал түлшний чанар муудаж, үйлдвэрлэх явцад алдаа гарчээ


Монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хамгийн том “дайсан” бол утаа. Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. 

Гэхдээ 2019 оноос иргэдийг галлагаандаа нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлсэн. “Сайжруулсан түлш гэдэг нь нүүрсийг нунтаглаж, угаагаад, шавартай холиод шахаж гаргасан нүүрсийг л хэлнэ” хэмээн физикч Л.Бямбажаргал тодорхойлсон юм.

“Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс 3 дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш 3 уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн иргэдийн дунд ам сайтай байсан ч энэ жил шахмал түлшний чанар муудаж нийслэл дахин утаандаа дарагдлаа. 

Сүүлийн үед гэр хороололд утаа ихсэх шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухнаас хамааралтай хэмээн албаныхан үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлш нь илчлэг багатай, асалт удаан, тортог ихтэй байна хэмээн иргэд хэлж байна. Мөн коронавирус цар тахалтай холбоотойгоор хил гааль хаагдсан өнөө үед түлшний найрлаганд орох барьцалдуулагч бодис болон уутны нөөц тун бага байгаа хэмээн хэллээ.  

Өнгөрсөн 11 сард сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна” хэмээн танилцуулж байсан юм.

Гэтэл 12 дугаар сард "Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек: "Таван толгой түлш" компани нийслэлийн иргэдийн эрэлтэд нийцүүлэн өдөрт дунджаар 3200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргаж байгаа. Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг Хятадаас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна. 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсийг нөөцөлсөн. Энэ нь өвлийг давхад хангалттай нөөц. Мөн 2400 тонн орчим барьцалдуулагч эдийг нөөцөлсөн. Энэ нь 20 орчим хоногийн нөөц” хэмээн мэдээлсэн. 

Гэтэл албаны мэдээллээр нөөц ихтэй гэж байгаа ч аль хэдийнээ барьцалдуулагч бодис нь дуусчихсан  байгаа юм. Учир нь иргэдийн түлж буй шахмал түлш нь маш их үйрмэгтэй, тортогтой байна. 

Дээрээс нь шахмал түлшийг хөлөөр гишгэхэд л үйрч унаж, бутарч байгаа нь Таван Толгой түлш ХХК хэдийнэээ шахмал түлшийг барьцалдуулагч бодисгүй үйлдвэрлэж байгаа нь харагдаж байгаа юм. 

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Баасандорж “Галаа түлээл эхлэхээр гарч байгаа утаа хүртэл арай их байна. Асахдаа бас жаахан дургүй. Замдаа ачаад ирэхэд л үйрч унаж байгаа байдал нь л тэр юм байлгүй. Ёроолдоо бол чамгүй л их үлдэгдэлтэй байна.” гэв.  

Таван толгой түлш компаниас өнгөрсөн намраас л энэ өвлийнхөө түлшний нөөцийг хангалттай бүрдүүлсэн хэмээн мэдээлэл хийж байсан ч энэ нь мөн л худлаа бололтой. Шахмал түлшээ хатааж ч амжилгүй, борлуулалтанд гаргаж байгаа юм. Учир нь борлуулагдаж буй шахмал түлш цантаж хөлдсөн байдалтай байгаа юм. 

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Э.Энхгэрэл “Хуучны түлш бол жоохон цогон дээр хйихэд л асдаг байсан. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй байна. Энэ түлш мод хийнэ, мод хийхгүй жоохон модон дээр хийчвэл асахгүй. Заавал мод ихээр түлж байж гал асна. Эсвэл зүгээр жоохон дунд зэргийн ,арай их цогон дээр хийчхээр бас зарим нь асахгүй байна.” гэлээ. 

Шахмал түлшний нөөц дуусаж үйлдвэрээс хатаж амжаагүй нойтноороо борлуулалтанд гарч хөлдүү царцсан нойтон түлш иргэдийн гар дээр очиж байгаа юм. Нойтон түлш яаж асах билээ дээ. Барьцалдуулагч бодисгүй, нойтон шахмал түлшээр иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр НМХГ-аас “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагийн хяналт тавин гүйцэтгэн ажилласан. Ингэхдээ шахмал түлшний орц, найрлагыг хянаж, стандарт шаардлагыг мөрдүүлэн ажиллаж байна. 

Хяналт шалгалтыг байгаль орчин, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хийж, шахмал түлшний чийг, үнс болон илчлэг байдал, хүхрийн агууламжийг хянахаас гадна шинжилгээ хийж, үйлдвэрээс гарч буй шахмал түлшний баталсан орц нормын дагуу бат бөх, хэм хэмжээндээ хүрч буй техникийн болон элементийн шинжилгээг хянадаг аж. 

Шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийг 10 хувь байх ёстойгоос 1.9-5.8 хувь, хүхрийн хэмжээ 1 хувиас бага байхаас 0.9-094 хувьтай гарчээ. Бат бөхийн хэмжээ 80 хувиас их байхаас 94.9-95.2 хувьтай байна. Мөн олон улсад нүүрсний хүхрийн агууламж 1 хувиас бага байвал аюулгүй гэж үздэг байна.

Тэгвэл АМГТ-ны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээгээр манай улсад хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний хүхрийн агууламж 0.94 хувьтай гарч стандарт хэмжээтэй байгаа” хэмээн мэдээлж байсан.

Иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг "Таван толгой түлш" ХХК-ийн мэргэжилтнүүд хэлсэн юм.

Сайжруулсан шахмал түлшний орц найрлагад үндсэн түүхий эдийн 95 хувийг мидлинг эзэлнэ. 2.5 хувь нь цардуул. 1 хувь нь хувь нь тортог бууруулагч буюу түргэн асаадаг цэвэршүүлэгч sootfree гэж БНСУ-аас шинжилгээнд оруулж авч ирсэн стандарт бүтээгдэхүүн, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг. 

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хийдэг вэ?
НЭГ. ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС МИДЛИНГ ХҮЛЭЭН АВАХ, ҮЙЛДВЭР РҮҮ ЗӨӨХ
ХОЁР. НӨӨЦӨЛСӨН МИДЛИНГИЙГ ХОВО МАШИНААР ЗӨӨН БУТЛУУРТ ОРУУЛАХ
ГУРАВ. ХОЛИХ ХЭСЭГ 1 – ЦАРДУУЛ 

- Үндсэн тэжээлийн бункер рүү тусгай замаар урсан очсон бүтээгдэхүүнүүд холигчийн машинд орно. Эхлээд барьцалдуулагч буюу цардуултай холигдоно. Цардуул нь нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэх бөгөөд уг төхөөрөмж цардуулын хэмжээг тооцоолон доош гойжуулна.

ДӨРӨВ. ХОЛИХ ХЭСЭГ 2 – УС
- Стандартын дагуу ус холихдоо чийглэгийн хувийг тохируулна. Бүтээгдэхүүний чийг 18-22 хувь байх ёстой. Ийм чийглэгтэй байж л хэвлэгч рүү орсон бүтээгдэхүүн хэвээ авч гардаг байна.

ТАВ. ХЭВЛЭГЧ
- Ус чийг цавуулаг байдал нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүний түүхий эд хэвлэгч машин руу орж хэлбэржиж гарч ирнэ. Сайжруулсан шахмал түлш хоёр хэлбэртэй. Нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин дүрстэй. 

ЗУРГАА. ХАТААГЧ
- Тодорхой хэмд хяналтан дор 02:30 цаг жигнэгдэж гарч ирнэ. Жигнэгдэх явцад нүүрсэнд буй утааны агууламж агуулагддаг хорт хий нь зуухандаа үлддэг. Үүнийг тусгай хоолойгоор гадагшлуулна. 12 кабин тус бүрт лазеран термометрээр дулааныг цаг тутамд хэмжинэ. Ингэж байж нэгэн жигд хатсан бүтээгдэхүүн гарч ирэх аж.

ДОЛОО. САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ РҮҮ УРСАН ОРОХ
- Хатаагчнаас урсан гарч ирсэн бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа савлах төхөөрөмж рүү орно. Савлах төхөөрөмжид орохдоо чийг, бэхжилт үүсээд хөрсөн байх ёстой. Тодруулбал, 18-22 хэмийн дулаантай, чийглэг нь 10 дотор бүтээгдэхүүн гарч ирвэл хэвийн гэж үзнэ.

НАЙМ. ШУУДАЙНД САВЛАГДАХ
ЕС. ХҮЛЭЭХ
- Шуудайнд савлагдаж хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг 48 цаг гадаа байлгана. Энэ нь чийгийн ууршилтыг гаргах, хөргөх үйл явцтай холбоотой. 

АРАВ. ТЭЭВЭРЛЭЛТ
Дээрх 10 шат дамжлагаар сайжруулсан шахмал түлш иргэдийн гар дээр хүрдэг байна. 

Гэтэл нөөцөлсөн түлш байхгүй улмаас сайжруулсан түлшээ үйлдвэрийн горимын дагуу хатаахгүйгээр нойтноор, дээрээс нь барьцалдуулагч бодисгүйгээр үйлдвэрийн горимыг зөрчиж технологийн дагуу үйлдвэрлэгдэхгүй байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна