Хөгжлийн банкны мөнгийг хэдхэн улстөрчдийг тойрсон хүмүүс хувааж аваад дуусгадаг байж таарахгүй


Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Хөгжлийн банк болон төсвийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “2021 он хүний эрхийг зөрчсөн, үүний төлөө тэмцсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлгасан жил боллоо. Харамсалтай нь энэ асуудлаар эрх баригчид бодитой ажил хийсэнгүй. Харин АН-ын бүлгээс эрх нь зөрчигдсөн, үг хэлснийхээ төлөө хоригдсон, шалгагдсан иргэдийнхээ талд зогссон. Хүний эрхийн дэд хороотой хамтран нээлттэй сонсгол зохион байгуулсан. Цаашид хүний эрхийг хамгаалахын төлөө бүлэг тууштай ажиллана.

Түүнчлэн өнгөрсөн он хөшөө дурсгалыг хэдэн тэрбумаар бариад нураасан төсөвтэй жил болсон. 32 тэрбум төгрөгөөр нэг хөшөө барих тухай ярилаа. Хөшөө дурсгал барихтай холбоотой 290 гаруй төсөл хөтөлбөр улсын төсөвт суусан байсан. Төсөв уйлдаг бол уйлахаар л төсөв баталсан. Энэ байдал дээр эрх баригчид анхаарч ажиллах хэрэгтэй.

Хөгжлийн банкны мөнгийг хэдхэн улстөрчдийг тойрсон хүмүүс хувааж аваад дуусгадаг байж таарахгүй. Энэ бүхний зэс нь дөнгөж цухуйж байна. Үүний оронд жижиг дунд бизнес эрхлэгчдээ татвараас чөлөөлөх нь илүү бодитой алхам. Хурааж байгаа татвар хуульчлагдсан тонуул болж хувирлаа. Сан, банк байгуулаад хөрөнгө төвлөрүүлж байгаад хэдхэн хүнд хуваарилдаг байж болохгүй.

Дараагийн нэг асуудал бол тэтгэвэр, тэтгэмж гэдэг бол халамжийн бодлого биш.

Төрийг цомхон байлгах тал дээр дорвитой ажил хийсэнгүй. Хаврын чуулганд нэн даруй хэлэлцүүлэх хуулийн жагсаалтыг гаргана. Дөрвөн хуулийн төсөл бэлэн болж байгаа. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төслийг өргөн барина. Мөн иргэний улс төрийн эрхийн тухай хууль бий. Энэ эрхийг нь нээж өгье.

Хариуцлагын асуудлыг яримаар байна. Намрын чуулганаар УИХ 16 хууль баталсан байна. Тухайн хуулиуд дотор төрийг хариуцлагатай болгох чиглэлд нэг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан нэртэй 200 гаруй хүн бий ч хариуцлага тооцдог хууль байхгүй. Ийм хуультай болох ёстой. Төсөл нь бэлэн болсон бөгөөд хаврын чуулганаар өргөн бариулна. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон. Бүртгэл, санхүүжилт, илт тод байдлаас эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2022/01/27

    Fortuna shulag Batbayriin taviul nusgai Munkhbat yunii turuund unenee helj Shulag Batbayriig barij ogoh heregtei !

    Хариулах