Ковидийн улмаас хөл хорио зарласан анхны бөгөөд сүүлийн улс ба "ТЭГ КОВИД" бодлого

С.Гандэлгэр
2022/04/14

 БНХАУ цар тахлын эсрэг бүх нийтийн хөл хориог зарласан анхны улс байсан бол энэ хориог цуцлах мөн сүүлийн улс нь болж мэдэхийг урд хөршид хэрэгжүүлж буй ТЭГ КОВИД бодлого харуулж байна. Коронавирусийн делта хувилбар тархаж эхэлснээс хойш орон даяар зарласан дээрх бодлого нь шинжилгээний давтамж, тоог нэмж, хөл, хорио, хязгаарлалтын дэглэмийг чангатган, шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол бүртэй тэмцэхэд чиглэнэ. Хэдийгээр хүн амын дийлэнхийг вакцинжуулалтад хамруулсан ч Хятадын өргөн уудам нутаг, дэвсгэрийн аль ч хэсэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн л бол ижил, шуурхай арга хэмжээг авч, аажим аажмаар гадаад орчноос тусгаарлагдаж буйг бүх дэлхий харж байсан. ТЭГ КОВИД-ын үр дүнд Бээжин-2022 өвлийн олимпыг урьтаж, халдваргүй, ногоон бүс болохыг зорьж байгаагаа эрх баригчид тайлбарлаж байсан ч үүний цаана дотоод улс төрийн хэд, хэдэн гол шалтгаан байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байв. Хамгийн түрүүнд 2022 оны 10 дугаар сард болох Хятадын Комунист Намын их хурал, дотооддоо олон улсын нөлөөллийг бууруулах Ши Жинь Пиний шинэ бодлого гэхчилэн давхар зорилтууд нөлөөлсөн гэж бичицгээж байлаа.

Импортын дийлэнх хувь урд хөршөөс хамааралтай манай улсын хувьд дотооддоо цар тахлыг тогтоон барьж чадсан ч эдгээр гадаад хүчин зүйлс эдийн засгийн том сорилтуудыг дагуулж байсныг хэн бүхэн таамаглаж байсан. Эргэн санавал, өнгөрсөн намар буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдварын нэг тохиолдол илэрч, бүх нийтийн тэг зогсолт хийснээр, хилээ хаасан. Үүний дараа 11 дүгээр сарын 15-нд хоёр улсын төлөөлөгчид уулзаж, халдвар хамгаалалт болон бусад бэлтгэлийг хангаад чингэлэг тээвэр, авто замаар бараа материалаа солилцъё гэсэн урьдчилсан тохироонд хүрсний мэдээлж байв. Манай улсын хувьд стратегийн чухал боомт учраас урт хугацаанд зогсонги байж болохгүй гэдгээ учирлаж, аль аль талууд 12 дугаар сарын 6-нд бэлтгэлээ бүрэн хангаж, 10-ны өдрөөс үе шаттайгаар авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлсэн билээ. ТЭГ КОВИД бодлогыг хатуу чанд мөрдөж, халдвар гарсан муж, бүс нутгийн удирдлагууд эргэлт буцалтгүй арга хэмжээ хэрэгжүүлж байсан тухайн үед Эрээн хотын Онцгой байдлын газраас Эрээн-Замын-Үүдийн боомтын дундын цэгт монголчууд орж ирсэн тул халдвартай бүс гэж үзэн, удаа дараа хилийн үйл ажиллагаа, хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт хийсээр байв. Мөн БНХАУ хуурай замаар хиллэдэг найман улстайгаа ижил шаардлага тавьж, хилээ хааснаа гэж мэдэгдэж байлаа.  Ийнхүү он гарсаар, олимпын наадам ч хязгаарлалтын дэглэм, хорио цээр, түүнийг тойрсон хэл ам, асуудал ихтэй болж өрнөсөн юм. Улс төрийн системийн онцлог, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдсэн бодлогыг эсэргүүцэх, зөрчих нэг ч хүн байхгүй нь тодорхой.

Дундыг баримталсан бодлоготой, далайд гарцгүй, жижиг орны иргэдийн нүдээр, энэ бүхэн эхнээсээ их гүрнүүд “найтаахад” эдийн засаг хэрхэн доргиж байгааг харуулж буй мэт. Нөгөөтэйгүүр цах тахлын сорилт, өөрчлөлтүүд нь тэдгээр их гүрнүүдэд тоглоомын дүрмийг хэрхэн өөрт ашигтайгаар өөрчлөх вэ гэх боломж, сэдлийг үлдээжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 77.75.244.193
    2022/04/16

    Ene hujaa nar t1 yum bhda

    Хариулах
  • 213.87.138.141
    2022/04/15

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах