ТАНИЛЦ: ХАБЭА-н инженертэй, хамгийн аюулгүй орчинтой 38 дугаар сургууль

Админ
2022/06/16

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэхээр нэг л хүний хийх ажил юм шигээр ойлгодог буруу ойлголтууд байдаг. Тэгвэл, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, ажилтан, албан тушаалтан бүрт тодорхой хэмжээнд өөр өөрийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг хуульд тодорхой зааж өгчээ. Тиймээс тухайн шаардлагуудыг хангаж ажиллах чиглэлд илүү анхаарах нь чухал байна.

Ажил олгогчийн хувьд ХАБЭА-н эрх үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлж хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод дүрэм, журмууддаа зааж өгч мөрдүүлэх хэрэгтэй. Мөн ажил олгогчид ХАБЭА-н талаар мэдлэг дутмагаас болж ажилтнуудын эрх зөрчигддөг тохиолдол цөөнгүй гардаг бол байгууллага ч мөн адил санхүүгийн эрсдэл хүлээх цаашлаад үйл ажиллагаа доголдох хүртэл асуудал тулгарч болно. Тиймээс ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд үйл ажиллагаанд тохирсон менежментийг бий болгож байгууллагад учирч болох эрсдэл боломжийн талаар ажил олгогчтойгоо тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах нь чухал аж.

Тиймээс ч байгууллагын орчин эрүүл аюулгүй байхын чухлыг таниулах, мэдүүлэх зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” улсын уралдааныг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг байна. Энэ удаагийн улсын уралдааны төрийн болон төрийн үйлчилгээний салбарын шилдэгээр Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар сургууль шалгарчээ. Бид тус сургууль 3300 хүүхдийн болон, багш, ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинг сайтар ханган ажиллаж байгаа сайн жишээг онцоллоо.

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, ХАБЭА-н ажлыг хавсран гүйцэтгэдэг Б.Оюун-Билэгтэй хэсэг хугацаанд ярилцсан юм.

-Сургуульд ХАБЭА-н ажилтан ажиллаж байгаа тохиолдолтой би анх удаа таарч байна. Энэ тухай яриагаа эхлэх үү?

Аюултай, эрсдэлтэй буюу хүнд нөхцөлтэйд тооцогддог барилга, уул уурхай, төмөр зам, эрчим хүчний зэрэг салбарынхан ХАБЭА-н инженерийг тогтмол ажиллуулдаг. Үүнтэй адил сургуулиуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулах  шаардлагатай нүүр тулдаг ч тусгайлан заагдсан орон тоо байдаггүй учир тодорхой асуудлуудтай тулгардаг. Тиймээс тухайн сургуулийн нийгмийн ажилтан, менежер эсвэл багш ажилчид цалингүйгээр буюу ажлынхаа зав чөлөөгөөр хавсарсан байдлаар хийх болдог. Эдгээр тохиолдлуудад тодорхой хэмжээний урамшуулал олгосон ч аудитын газраас хориглож, суутгалд тооцоод, торгочихдог. Учир нь орон тоо байхгүй, хуулийн дагуу цалин хөлс олгох нөхцөл бүрдээгүй гэсэн үндэслэлээр цуцлахаас өөр аргагүйд хүрдэг байх жишээний.

-Та энэ сургуулийн нийгмийн ажилтан хийдэг. Мөн давхар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талыг хариуцан ажилладаг юм байна, тийм үү?

-Манай сургуулийн хувьд нийгмийн ажилтан нь ХАБЭА-н инженерээ давхар хийдэг. Ямар нэгэн цалин урамшуулал олгогддоггүй учраас энэ ажлыг хийх чин сэтгэлтэй хүнийг л чухалчилдаг. Мөн бичиг цаасаа боловсруулдаг түүнийгээ дагаж мөрдүүлдэг, хамт олондоо таниулдаг, мэдлэг мэдээллээр байнга хангадаг байх нь чухлаас гадна сургалтын үйл ажиллагаа гол үүрэгтэй гэж хэлж болно. Хаана хүн байна тэнд аюулгүй байдал яригдаж байх ёстой. Тиймээс зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг уул уурхай, барилгын салбарт голчлоод яриад байгааг ойлгодоггүй. Бидний энэ чиглэлээр хийсэн зүйлүүдийг хараад хүмүүс сургуульд ийм их зүйл хийдэг юм уу гэж асуудаг. Угтаа бол хамгийн ихээр аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдсан байх ёстой чухал орчин шүү дээ. Аюул гэхээр хүмүүс том хүрээнд бодоод байдаг. Гэтэл гадна орчноос илүүтэй дотор орчинд аюул их байдаг. Жишээ нь хүүхэд нойлд орох, гараа угаах, шатаар буух гээд энэ бүрт аюулгүй байдал яригдана гэсэн үг. Тиймээс халтирхаас болгоомжил, мөргөх эрсдэлтэй, гараа хавчуулж болзошгүй зэрэг анхааруулга тэмдэглэгээг бид хүүхдийн алхам тутамд харагдахаар стандартын дагуу байршуулж өгсөн байгаа.

-Сургуулийн орчинд ямар чиглэлийг түлхүү барьж ажиллаж байна?

-Эрчим хүч, уул уурхай, барилгын компаниуд өглөө ажил эхлэхээс өмнө ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгдөг шиг манайх долоон хоног бүрийн болон сар бүрийн эхний өдөр мөн ямар нэгэн үйл ажиллагаа явагдахын өмнө зааварчилгаа өгч хэвшсэн.  Мөн намар хүүхдээ авч эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 25-нд бүх багш ажилчдадаа жилийн турш аюугүй ажиллагааны ямар журам мөрдөх тухай урьдчилсан, анхан, давтан гэсэн гурван шатны зааварчилгаааг өгч эхэлдэг гэсэн үг. Түүнчлэн сургуулийн багш ажилчдын гэрээс ажилдаа ирэх замын эрсдэлийн зэргийг бид нэг бүрчлэн тооцож гаргасан.

-Танай сургууль эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангаж, эрсдэлгүй орчныг бүрдүүлж чадсан шилдэг байгууллагаар шалгарсан байна. Гол шалгуурууд нь юу байв?

-Энэ  уралдаан зохион байгуулагдаад 11 жил болж байна. Манайх 2019 онд оролцоод улсад дэд байр эзэлсэн бол энэ удаа тэргүүн байранд шалгарсан. Манай сургуулийн хувьд гадна болон дотно орчиндоо багш, ажилчид, сурагчид болон эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангаж чадсан учраас энэ шагналыг авсан гэж ойлгож байгаа. Бид дотоод нөөц боломжоо ашиглан чадах хэмжээгээрээ орчныхоо аюулгүй байдлыг бүрдүүлсээр л байна. Тиймээс ч манай сургуулийн гадна болон дотор орчинд ямар нэгэн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас гарсан гэмтэл, осол бүртгэгдээгүй. Энэ хэмжээгээгээр бид их хөдөлмөрлөсөн, тодорхой хэмжээнд хөрөнгө зарсан гэдгийг ойлгож болно.

-Энэ уралдаанд бусад ямар ямар салбарынхан оролцдог вэ?

-Уул уурхай, барилга, эрчим хүч, төмөр зам, төрийн болон төрийн үйлчилгээний гэсэн таван салбарынхны хүрээнд энэ уралдаан зохион байгуулагддаг. Манай сургууль тав дахь буюу төрийн болон төрийн үйлчилгээний салбарт хамаарагддаг. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбар болон төрийн байгууллагууд дотроос манай сургууль шалгарсан.

-Таниас гадна ХАБЭА-н зөвлөл бас ажилладаг гэсэн?

-Манайд ХАБЭА-н 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллаж байна. Мөн эрсдэлийг бууруулах баг ажилладаг. Энэ багийн ажиллах гол чиглэл нь сургуулийн гадна болон дотор орчинд хаана хаана эрсдэл байна гэдгийг олж тогтоогоод аюулыг мэдээлэх хуудсаар ХАБЭА-н ажилчидтайгаа хамтарч ажилладаг. Олж тогтоосон эрсдэлийн дагуу бид аюулгүй болгож шийдвэрлэдэг гэсэн үг. 2019 онд эрсдэлийг бууруулах багийн олж илрүүлсэн тохиолдлууд харьцангуй их байсан ч энэ онд мэдэгдэхүйц багассан. Үүнээс сургуулийн орчны эрсдэл буурсан байгааг харж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:www.Eguur.mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.190.156
    2022/06/17

    Mundag hamt olon shuu

    Хариулах