НОЦТОЙ: 775.000 ам.доллар “ЛУЙВАРДСАН” хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Жакияновыг МУ-ын хилээр гарахыг ХОРИГЛОЖЭЭ

2022/08/28

Казахстаны нэрт улс төрч Галымжан Жакияновыг монголын хууль, хяналтын байгууллагаас залилан хийж, их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар мэдээлсэн билээ. Мөн уг мэдээлэл орос хэл дээрх хэд хэдэн цахим сайтад нийтлэгдсэнийг баримтжуулан хүргэсэн. 

Тэгвэл түүнийг чухам ямар хэргээр шалгаж буй талаархи нэмэлт баримт мэдээлэл бидэнд ирснийг эрхэм үзэгч /уншигч/ бүхэнд хүргэж байна.

Галымжан Жакияновыг “ALGT” компанийн нэхэмжлэл бүхий гомдлоор 775.000 ам.долларыг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр шалгаж буй аж. Тодруулбал, түүнийг Монгол дахь бизнесийн түншүүдээ залилж, их хэмжээний мөнгийг хууль бусаар хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газарт 12021505 тоот эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор Жакияновыг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон ба энэхүү хориг нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна.

Залилангийн хэрэгт холбогдсон Галымжан Жакиянов гэж хэн бэ ?

Галымжан Жакияновын талаархи мэдээлэл олон нийтэд хүрсний дараа түүний өмгөөлөгч гэх нэгэн манай редакцид холбогдож мэдээллээ нягталж тодруулахыг хүсч байв. Энэ дагуу Галымжан Жакияновын холбогдсон хэргийн араас эрэн сурвалжилж дараах мэдээллүүдийг олж авсан юм.

Галымжан Жакияновын хувьд Казакстанд асар хурдтай карьер хийсэн нэгэн аж. Энгийн слесарь-цахилгаанчнаас эхлээд тус улсын Павлодар мужийн захирагч хүртэл бүх шатны албан тушаалыг хашсан байдаг. Улмаар 2002 оны 8 сард албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 7 жилийн хорих ял сонсож байжээ. Тухайн үед Жакиянов Павлодар мужид үйл ажиллагаа явуулж байсан томоохон аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хууль бусаар хамгаалж, лобби хийж, эрх мэдлээ урвуулан ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Гэвч 2006 оны 1-р сард тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдсан байна.

Үүний дараа Жакиянов БНХАУ-д хэсэг хугацаанд ажиллаж байгаад удалгүй манай улсад суурьшиж, Ховд аймагт төмрийн хүдэр олборлох бизнес эрхэлж, түүхий эдээ урд хөрш хятад руу экспортолдог болсон аж.

Галымжан Жакияновын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх юм билээ.

Энэ цаг үед бид “Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна” гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялах учиртайг энэ кэйсээс харж болохоор. Монголчууд бид “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” ч гэж ярьдаг. Уг нь монголчууд Галымжан Жакияновт манай улсад шударгаар, хууль ёсны дагуу бизнес эрхлэх /төмрийн хүдэр буюу ашигт малтмалыг олборлох, борлуулах, их хэмжээний ашиг орлого олох/ боломжийг олгосон. Харамсалтай нь монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, “хар” аргаар мөнгө олох хэрэгсэл болгосныг анхаарахгүй өнгөрч болохгүй юм.

Уг хэргийн үйл явцыг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.75
    2022/08/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах