Эрүүл мэндийн салбарынхан чинь “ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ” С.Энхболд сайд аа

2022/11/25

Эрүүл мэндийн салбарыг салбарын удирдлагууд болон бодлого боловсруулагч нарын уялдаа холбоогүй бодлого шийдвэрээс болж өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүсч хөгжиж ирсэн хувийн хэвшлийн эмнэлгүүд үүд хаалгаа барихад хүрээд байна.

Тухайлбал: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолыг салбарын хэмжээнд хийсэн судалгаа нотолгоон дээр үндэслээгүй, өнөөгийн нийгмийн асуудал болоод буй өвчлөл, эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулаагүй, бүс нутгийн өвчлөлийг харгалзаагүй, орон нутгийн газарзүй болон аж амьдралтай уялдуулаагүй, мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан шийдвэрээр баталсан тогтоол нь өнөөдөр эрүүл мэндийн салбарыг уналтанд оруулаад байна.

  • ЭМДҮЗ-ийн баталсан  01 тоот тогтоол: 
    • Энэхүү тогтоолд өртгийн жин буюу нийт төлбөр нь өмнөх 03-р тогтоолоос буурсан. Жишээ: Зонхилон тохиолдох өвчнүүдийн төлбөрийн хэмжээг хүснэгтээр харуулав
    • ДЭМБ нь “эрхтэн хадгалах” уриаг тавин ажиллаж байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас явуулж буй бодлогод эмийн аргаар эмчлэх боломжит өвчнийг эмчлэх өртөгийг багаар тусгаж, мэс заслыг өндөр өртөгтэй тусгасан нь эрхтэн хадгалах тогтолцоотой нийцэхгүй байна. Энэ нь Монгол хүний эрүүл мэндийн эсрэг явуулж буй бодлого гэж харагдаж байна!!!
    • Яаралтай тусламж, мэс заслын оношийг өндрөөр тавьж өгсөн нь ард иргэдэд зөвхөн амь насанд аюултай, яаралтай байдлыг л чухалчилж, архаг хууч, дахилт өгдөг, эмчлэн намжаах боломжтой, эмийн эмчилгээ шаарддаг оношийг чухал бус гэж харагдуулж байна.Жишээ нь дотрын өвчнүүдийн хувьд сэдрэлийн үед нь эмийн эмчилгээгээр эмчлэн, намжмал байдалтайгаар хяналт хийх боломжтой байдаг.
  • Сонгон шалгаруулалт
    • 2022 оны 03-р сарын 22-оос 07 сарын 25-ны хооронд цахим сонгон шалгаруулалт http://selection.1818.mn сайтаар 2 үе шаттай явагдсан. 2-р үе шат эхэлсэнээс хойш программ нь бүхэлдээ гацаж, алдаа зааж программ руу орохоо болих, оруулсан мэдээлэл устах зэрэг асуудлууд гарч эхэлсэн. Мөн  сонгон шалгаруулалт явагдах хугацаанд энэхүү программын хөгжүүлэлт зэрэг хийгдэж байснаас шалтгаалж бидний оруулсан мэдээлэл устаж, /журмын дагуу заасан хугацаанд оношийн мэдээлэл, хүний нөөцийн мэдээллийг бүрэн оруулж илгээгдсэн гэсэн хариу гарч ногоон болсон байтал  программын алдаанаас шалтгаалж/ эмнэлгүүдийн мэргэшсэн эмч нарын чиглэлийн тусламж үйлчилгээ хумигдсан. Өөрөөр хэлбэл бэлэн болоогүй цахим прогрммаар сонгон шалгаруулалт зарласан нь хуулийн хүрээнд ажил явагдаагүйг харуулж байна.
    • Сонгон шалгаруулалтад заасан хүний нөөц болон багаж тоног төхөөрөмж нь шаардлагагүй байдлыг үүсгэсэн. Жишээ нь. Зүрхний нарийн мэргэжлийн эмчтэй эмнэлэгт зүрхний мэс заслын эмчтэй байхыг шаардсан. Гэтэл зүрхний мэс засалч монгол улсын хэмжээнд цөөхөн байдаг. Энэ нь дээр дурьдсанчлан мөн л эрхтэн хадгалах тогтолцооны эсрэг үйлдэл болж байна. Чихрийн шижин өвчнийг гэхэд дотоод шүүрлийн эмч эмчлэх, хянах боломжтой байтал мэс заслын эмч шаардаж буй нь чихрийн шижин өвчний хөнгөн болон дунд хэлбэрийн өвчлөлийн эмчилгээ үйлчилгээнд анхаарал хандуулах бус нэгэнт хүндэрсэн чихрийн шижин өвчний үеийн хөл тайрах мэс заслыг чухалчилж буй нь хоорондоо уялдаа холбоогүй харагдаж байна.
    • Сонгон шалгаруулалтын шалгуур нь “Дотрын эмч” нарыг ажилгүй болгосон. Олон жилийн турш дотрын бүх өвчнийг оношилж, эмчилсээр ирсэн дотрын гэх тодотголтой эмч нар энэ шалгуурт үл нийцсэн ба зайлшгүй нарийн мэргэжил эзэмшсэн байж тухайн өвчнийг эмчлэх боломжтой байгаа нь Монгол улсын эрүүл мэндин салбарын хувьд, тэр тусмаа хөдөө орон нутгийн хүний нөөцийн байдалд тохирохгүй үл ойлгогдох зүйл байсан.Гэвч сургуулиуд нь одоо ч ”дотрын” гэх эмч нарыг төгсгөж гаргасаар, тэдгээр эмч нар нь ард иргэдэд эмчийнхээ үйлчилгээг үзүүлсэр байгаа билээ.
    • Сонгон шалгаруулалтын дүгнэлт нь нийт эмнэлгүүд тэр дундаа орон нутгийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг бодитоор дүгнэсэнгүй.
  • 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээг байгуулж эхэлсэн.
    • ЭМДЕГ-тай хийх албан ёсны гэрээ эмнэлгүүд дээр хавсралтгүй дутуу гэрээ ирсэн бөгөөд http://selection.1818.mn дээр хавсралт чинь байгаа гээд хавсралтгүй гэрээ хийсэн. Энэ нь мөн л хууль зөрчиж буй асуудал болсон.
    • ЭМДЕГ-тай хамтран ажиллах гэрээг 3 жилээр хийж буй бөгөөд 2022.09.05нд байгууллагууд баталгаажуулж явуулсан гэрээ 2022.11.05-ны байдлаар ерөнхий газраас баталгаажиж ирээгүй байна.
    • ЭМДЕГ-тай хийсэн гэрээнд хэвтэн эмчлүүлэх оношийг хязгаарлан, квот тогтоох болсон нь өвчнийг хүртэл урьдчилан мэдэж, эмчилдэг болгожээ. Мөн квотын тоо хэмжээг тухайн байгууллагын хүчин чадал, өмнөх жилүүдийн оношийн гүйцэтгэлийг тооцоололгүйгээр тусгасан нь тухайн эмнэлгийн орны фонд ашиглалтын хувь буурах, даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээ буурах зэрэг асуудлуудыг үүсгэж байна.
    • Мөн тухайн квот дууссан бол уг оношоор хэвтэн эмчлүүлэх дараагийн үйлчлүүлэгч даатгал төлдөг байсан ч  эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтгүйгээр буюу бүх зардлыг өөрөөр нь төлүүлэн эмчлүүлэхээр болж байна. Гэрээнд заасан нийт оношийн 50,5%-75%-г өртгийн жин бага оношууд эзэлж байна. Зарим оношууд эмнэлэг бүрт 1,2-хон квоттой байгаа нь улсын  хэмжээний өвчлөлтэй тохирохгүй байна.
    • Гэрээнний 2,4,11-д зааснаар  хувь хүнээс нэмэлт төлбөр авахгүй байхаар зааж өгсөн. Гэтэл тухайн оношийн нийт өртгийн жин болох төлбөр нь тухайн хүнд зарцуулж буй бодит зардалдаа хүрэхгүй байна. Үүнээс үүдэлтэйгээр  ЭМБ-ууд шууд алдагдалд орж байна. Хавсарсан оношийг давхар эмчлэх ямар ч боломжгүй болсон.
    • Уг гэрээ нь 1 талын давуу эрхийг барьсан гэрээ болсон. Жишээ нь: гэрээний 2,1,2-т урьдчилгаа санхүүжилтийг сар бүрийн 11-ны дотор олгохоор заасан. Үлдэгдэл гүйцэтгэлийг олгох өдрийг тодорхой тусгаагүй. Гэтэл  өнөөдрийн байдлаар 11 сар гарчаад байхад зарим эмнэлгүүдэд  8 болон 9 сарын гүйцэтгэл олгогдоогүй байна. Үүнээс үүдэлтэйгээр тогтмол болон хувьсах зардлууд төлөгдөөгүй байна. 
  • Хяналт
  • Гэрээ байгуулахаас өмнө үйлчлүүлэгчид өөрсдөө эмнэлгээ сонгоод ямар нэг чирэгдэлгүй эмчлүүлдэг байсан бол энэ удаагийн гэрээгээр дараах шатлалын эмнэлэгт тусламж үйлчилгээ авахдаа заавал 13А маягт авчрахыг шаардаж байгаа. 13А маягтгүйгээр хэвтүүлэн эмчилсэн бол Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхгүй байхаар заасан. Эдгээр заалтууд нь эмнэлгүүдэд төдийгүй үйлчлүүлэгчид илүү  чирэгдэл учруулж байна. 

 

Онош

03 тоот тогтоолын нийт төлбөр

01 тоот тогтоолын  нийт төлбөр

Зөрүү

1

Шээс бэлгийн тогтолцооны эмгэгүүд

780451

250000

530451

2

Чихрийн шижин өвчин

611061

537000

74061

3

Ходоод ба дээд гэдэсний бусад өвчин

945652

759000

186652

4

Элэгний хордлогот өвчин /гепатит/

849355

571000

278355

5

Зүрхний архаг өвчнүүд

809041

537000

272041

 

Дээрхи хүснэгтэд буй мөнгөн дүн нь нэг даатгуулагч 7-10 хоног хэвтэн эмчлүүлэх нийт төлбөр болно. Энэ нь инфляци нэмэгдэж, өдөр болгон бараа бүтээгдэхүүн, эм тарианы үнийн өсөлттэй байх үед судалгаа тооцоололгүй гаргасан шийдвэр боллоо.

Гэтэл өдрийн эмчилгээнд 240000 төгрөгөөр санхүүжих тооцоолол гарсан байтал хэвтүүлэн эмчлэх буюу 24 цагийн турш эмч, ажилчдын хяналтан дор эмийн болон сэргээн засах эмчилгээ хийлгэх, хооллох нийт зардал нь бараг адилхан 250000 төгрөг байгаа нь  өнөөгийн нийгмийн ойрын хэрэгцээ шаардлагыг хангахгүй, инфляцитай уялдаагүй санхүүгийн ямар ч  тооцоо судалгаагүй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүйгээс гадна эмнэлгүүд орлого олох нь бүү хэл зардал гарган тусламж үйлчилгээгээ хүргэж байна.

Өнөөгийн байдлаар энэхүү тооцоолол нь энгийн дэн буудлаас ч дор үнийн тарифтай дүйцэхээр байна. Монгол орны цаг агаар, уур амьсгал, аж амьдралын нөхцлөөс хамаарч үйлчлүүлэгчид бүгд хавсарсан суурь өвчтэй байдаг тул эмчилгээний зардал өндөр гардаг. Бага өртгийн жинтэй оношоор 1 хүнийг дан оношоор 7 хоног хэвтүүлэн эмчилснээр бид 250000-350000 төгрөгийн алдагдалд орж байна. Учир нь хувийн эмнэлгүүдийн нэг хүнд үйлчлэх нэг өдрийн хамгийн бага бодит зардал нь 78000-100000 төгрөгийн хооронд байна.

Мөн нэг хүнд, нэг оношинд заасан мөнгөн дүн нь даатгуулагчид үйлчлэхэд хүрэлцэхгүйн дээр хувь хүнээс авах төлбөрийг зааж өгч байгаа нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож цаашид хөгжих, чанартай үйлчилгээ үзүүлэх, өрсөлдөхүйц чадвартай байх боломжийг хааж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ удаад чанартай тусламж үйлчилгээг худалдан авна гэж зорилт тавьсан мөртлөө улсын хэмжээнд цөөхөн байгаа нарийн мэргэжлийн эмч, оношлогооны багаж тоног төхөөрөмжүүдтэй эмнэлгүүд нь чиглэлийн дагуу оношоор тэнцээгүй гэх хариу авсан нь цахим сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь бодит байдлыг үнэлээгүй, учир дутагдалтай явагдсантай шууд холбоотой юм.  Өөрөөр хэлбэл ЭМДЕГ нь өөрийн зорилтын хүрээнд байгаа оноогүй шийдвэр гаргасан.

Мөн сонгон шалгаруулалтын журамд өндөр өртөгтэй оношлогооны тоног төхөөрөмжийг гэрээлэн гүйцэтгэж болно гэж заасан боловч программд гэрээлэн гүйцэтгэхээр оруулсан оношийг хассан, өмнө оруулсан оношийн мэдээллийг программ шинэчлэх үедээ хадгалаагүй бөгөөд дахин засварлаж илгээгээгүй гэсэн шалтгаануудаар хассан байна.

Энэ бүгдийн үр дүнд нарийн мэргэжлийн эмчтэй, тухайн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, чанартай явуулсаар байсан  эмнэлгүүд нь онош тэнцээгүй гэх дээрхи шалтгаануудаар тухайн оношоор даатгуулагчид үйлчлэх боломжгүй болсон, олон жил эмчилгээ үйлчилгээ авч хяналтанд байсан даатгуулагчид төлбөртэйгээр үйлчилгээ авах эсвэл үйлчилгээ авч чадахгүй байдалд хүрсэн.

  • Нэхэмжлэлийн хяналтын 12-р тогтоолд олонлогийн хасалтыг оруулсан. Энэ нь түүвэрлэгдсэн оношоос нэг онош хасагдахад тухайн оноштой бүх хүний нэхэмжилсэн төлбөр олгогдохгүй. Мөн бусад шалтгаануудаар хасагдлууд гарсаар байна. Ийм тохиолдлуудад тухайн ЭМБ-ууд шууд алдагдалд орж байна. Мөн хасагдсан санхүүжилт юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байна.
  • ЭМДаатгалын хөнгөлөлттэйгөөр хэвтэн эмчлүүлээд гарсан даатгуулагчийн өвчний түүхийг эмчийн болон программын хасалт гэж хасдаг. Өөрөөр хэлбэл тухайн даатгуулагчийн даатгалын мөнгийг бидэнд олгохгүй гэсэн үг. Энэ хасагдлаас шалтгаалж хувийн хэвшлийн эмнэлгүүд нь шууд алдагдлыг хүлээж байна.
  • ЭМД-н өвчний түүхэнд хийх эмнэлзүйн шалгуурууд нь Монгол улсын стандартаас давсан, хөдөө орон нутагт хэрэгжих боломжгүй, үг үсгийн алдааг өөлсөн байдлаар хийгдсэн шалгуурууд байгаа нь нэгэнт үйлчилгээгээ үзүүлээд гарсан даатгуулагчийн өвчний түүхэнд хасагдал гарах том шалтгаан болж байна.

Иргэд эмнэлэгт хэвтэхээр бол заавал сумын төв, өрхийн эмнэлгээс очиж 13А маягт авах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ нь анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд илүү ажил, чирэгдэл болж ачааллыг нэмэгдүүлж байна.  Зөвхөн энэ цаасыг авахын төлөө сумын төв орох, өрхийн эмнэлэгт дугаарлах шаардлага үүсдэг. Зарим өрхийн эмнэлгүүд хувийн эмнэлэгт “13А маягт өгвөл бидний үр дүнгийн гэрээг дүгнэхдээ  хариуцлага тооцно” гэдэг үндэслэлээр бичиж өгөхөөс татгалзсан.    

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3 дахь заалт  иргэд эмч, эмнэлгээ сонгох эрхийг  зөрчин 13А маягтыг хэвтэн эмчлүүлэх хүн бүрээс нэхэж байгаа нь ард иргэдэд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж байна.

Сумын төвөөс алслагдмал амьдарч буй иргэдийн хувьд зайлшгүй сумын төв орох шаардлага үүсч байна. Маягт олгохгүй, заавал улсын эмнэлэгтээ хэвтэж эмчлүүл гэдэг хариулт өгдөг сумын эмнэлгүүд ч олон байна. Энэ нь мөн л Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.1.3 дахь заалтад дурдсан “Иргэд эмч, эмнэлгээ сонгоно” гэсэн хуулийн заалтыг  ноцтой зөрчиж байна.

            Гэрээнд зарим оношийг газар дээр нь хяналт хийж шийдвэрлэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүйн улмаас уг оношуудаар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй цаг хугацаа алдсаар байна. 

 Шийдэл нь:

  • Хууль бус шаардлага хангаагүй сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин явуулах, оношийн квотыг болиулах, оношийн бүлэг болон өртгийн жинг дахин нягтлах
  • Гэрээнд гүйцэтгэлийн олгох хугацааг тодорхой заах, 2 талын эрх ашгийг хангасан, хавсралт бүрэн хүчин төгөлдөр гэрээ байгуулах
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн зардлыг нэхэмжлэлийн хяналтаар хасагдсан тохиолдолд тухайн иргэнээс нэхэмжлэн авах хууль эрх зүйн зохицуулалтыг тогтоол болон гэрээнд тусгах.
  • 13А маягт шаардахыг болиулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл  хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх иргэдэд саадгүй олгох

 

 

 

 

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.18
    2022/11/28

    emiin une arai l bna shuu

    Хариулах
  • 66.181.160.18
    2022/11/28

    emiin hungulultiin huvi buursnaas zarim shaardlagatai emee avahad berh bolloo

    Хариулах
  • 192.82.84.102
    2022/11/27

    Энэнд Сайдын буруу гэж юу байгаан.Эмч сувилагч нар хахуул авдаг нь үнэнюм бол гаргаад ирээчдээ гонгиноол байхын

    Хариулах
  • 122.201.22.232
    2022/11/27

    Эмч сувилагч бүгд л хахууль ёс юм шиг авдаг болохоор нэг их амьдрал нь доор ордоггүй биздээ төрсөн төрөл садангаасаа хүртэл ичихгүй авна гээч.

    Хариулах
  • 213.87.132.26
    2022/11/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.134
    2022/11/25

    Аа мэдэхгүй үнээ нэмэх нэг шалтаг бол уу даа

    Хариулах
  • 202.131.227.179
    2022/11/25

    зөв бичжээ

    Хариулах