Илон Маскийн “Хамгийн том сансрын хөлөг” хөөрөх явцдаа дэлбэрчээ

2023/04/21

Тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн “Старшип” сансрын хөлөг Техас мужийн Бока Чика дахь сансрын баазаас хөөрөх явцдаа дэлбэрчээ. Хөдөлгүүр асаж, хөөрөх үйл явц эхэлснээс хойш дөрвөн минутын дараа энэ үйл явдал болсон байна. Хоёр минут хагасын дараа хазайж эхлэн, дахин минут хагас өнгөрсний дараа бэлбэрчээ. Эхний үе шат амжилттай болсон ч хоёр дахь үе шат дээр алдаа гарсан байна.

Пуужин тээгч уг хөлгийг “SpaceX” компани сар, ангараг гарагийг эзэмших төсөлдөө зориулан бүтээсэн, энэ удаад дэлхийн тойрог замаар туршилтын нислэг үйлдэнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

Хөлгийг энэ сарын 17-нд хөөргөхөөр төлөвлөсөн ч хөргөх системд алдаа гарсан тул гурав хоног хойшлууд байжээ. Хөлгийг нисгэгчгүй хөөргөсөн учир хүний амь нас үрэгдээгүй. Мөн компанийн эзэн Илон Маск хөлөг буудлаас хөөрч, нислэг дөрвөн минут үргэлжилсэн тул туршилтыг амжилттай болсонд тооцож байгаагаа твиттер хуудастаа бичсэн байна.  

“SpaceX”-ий олон удаа ашиглах хөлгийн систем нь “Ship 24” сансрын хөлөг, “Super Heavy” зөөгч пуужингаас бүрдэх бөгөөд 120 метр урттай, дэлхий дээр урьд өмнө нь бүтээгдэж байсан дурын пуужинг тээвэрлэх хүчин чадалтай тул “Хамгийн том сансрын хөлөг” хэмээн алдаршиж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна