-Эхний 90 хоногт 200-300 мянган цэрэг, хэдэн зуун мянган энгийн иргэд амь үрэгдэнэ-
Японы Ерөнхий сайд Фумио Кишида БНСУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр Сөүлд газардсан бөгөөд Хойд Солонгосын цэрэг, зэвсгийн хүчин чадал нэмэгдэж буйтай холбоотойгоор нийтийн дайсныхаа эсрэг холбоо үүсгэхийг зорьж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч хэдий дотооддоо ихээр шүүмжлүүлсэн ч өнгөрсөн жил Японд айлчилж, Японы эзлэн түрэмгийллийн жилүүдэд /1910-1945 он/ Солонгосын ард түмэнд учруулсан хохирлын төлөө нөхөн төлбөр шаардахгүй байх тохироонд хүрсэн гэх зэргээр хүчин чармайлт гаргасан тул энэ удаагийн айлчлалаар тодорхой шийдвэрт хүрнэ гэсэн найдлага байгаа юм.
БНАСАУ-ын эсрэг дайснууд нь үгсэж эхэлсэн нь цэрэг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх сэдлийг улам л тэжээх нь ойлгомжтой.
70 жилийн өмнөх дайн, одоогийн нөхцөл байдал
Солонгосын хойг бол Дэлхийн II дайны үеийн нөхцөл байдлыг хэвээр хадгалж буй, одоогийн хэллэгээр бол хамгийн “халуун цэг” юм. 1945 онд Их гүрнүүдийн ашиг сонирхлын дагуу 38 дугаар өргөргөөр хуваагдсан БНСУ, БНАСАУ хэдий нэг үндэстэн ч Хойд Солонгос “Урвагч Ли Сын Ман хил давсны хариу” хэмээн 1950 онд дайн эхлүүлж, гурван жил ширүүн байлдсан юм. АНУ, НҮБ-ын цэрэг БНСУ-ыг дэмжин цэргээ оруулахад болгоомжтойгоор ажиглаж байсан БНХАУ америкчууд 1950 оны аравдугаар сарын 8-ны өдөр БНАСАУ-ын хилийг давуулахад дайнд татагдан орсон байдаг.
Үүний өмнөхөн Мао Зэдун И.Сталинд "Хэрвээ АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлбэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлсэн байдаг. Түүхэнд “Солонгосын” хэмээх тодотголтой бичигдсэн энэхүү дайн 1953 оны долдугаар сарын 27-нд түр зогссон бөгөөд дайны байдал одоо хүртэл хэвээрээ байгаа. Талууд эвлэрлийн бус “Гал зогсоох тухай гэрээ” л байгуулсны дээр Өмнөд Солонгос уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан тул Өмнөдийн эвслийн өмнөөс АНУ-ын армийн генерал Кларк гарын үсэг зурсан. Гурван жилийн хугацаанд БНСУ сая орчим, БНАСАУ сая гаруй хүнээ алдсан бол АНУ 54 246, БНХАУ 390 000 (Сая гаруй хүнээ алдсан гэдэг албан бус мэдээлэл бий) хүнээ алдаж хохирсон байдаг.
Одоогийн нөхцөл байдал
Ким Жон Ун 2021-2022 он солигдох мөчид ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ “Армиа хамгийн хүчирхэг болгох” амлалт өгч, улмаар шинэ оны эхний хоёр долоо хоногт багтаан нэг нь нөгөөгөөсөө илүү хүчтэй гурван ч пуужинг амжилттай туршсан. Тэднийг ийнхүү хүчирхэгжихийг мэдэж байсан гэлтэй АНУ, БНСУ хойд солонгосчуудтай дайн эхлүүлсэн тохиолдолд байлдах тактикаа шинэчлэн сайжруулахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохирсон юм.
БНСУ-ын Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яамнаас “Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа зогсоохгүй. Дайн болсон ч хүмүүнлэгийн асуудал тусдаа” гэж мэдэгдсэн ч АНУ Хойд Солонгост хатуу хориг тавьсан юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан тушаалаа өгөхийнхөө өмнөхөн “1953 оны гал зогсоох гэрээг бүр мөсөн эвлэрэх гэрээ болгоод дуусгах” санаагаа дахин, дахин ил тодоор илэрхийлсэн нь БНСУ-ын зүгээс элэг нэгтнүүдтэйгээ дайтах сонирхолгүй байгааг илтгэсэн. Харин Юн арай өөр, хамгаалах, хүчээ зузаалах, холбоо эвсэл үүсгэх замаар явж байгаа бөгөөд асуудалд прагматик хандаж байгаа гэж үнэлэгдэж байгаа юм. Дайсагнагч улсуудын хүчний тэнцвэр алдагдах тусам дайтах магадлал нэмэгддэг. Дайтсан тохиолдолд ерөнхий удирдлага АНУ-ын гарт байх тул үнэндээ дайн, хийх, хийхгүйг БНСУ шийдэхгүй, Юнээс шалтгаалахгүй.
Гол нь, БНАСАУ урьд өмнөхтэйгөө харьцуулшгүй өндөр хүчин чадалтай пуужингууд зохион бүтээсэн нь нэгэнт тодорхой болсон тул Пеньяны гол бай болох АНУ олшруулахаас нь өмнө шийдвэртэй арга хэмжээ авч мэднэ гэх айдас дээр дүгнэлт хийсэн байна. БНАСАУ-аас гадна БНСУ, АНУ, Япон, Тайвань зэрэг улсууд татагдан орох магадлалтай тул талууд яаран шийдвэр гаргахгүй нь тодорхой. Гэсэн ч хэвлэлүүдэд БНСУ-АНУ, БНАСАУ-ын цэргийн хүчийг тооцоолсон мэдээллүүд гараад ирсэн байна.
Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд дайсагнагч талууд (Хоёр Солонгос,+АНУ, магадгүй Япон) хэдий хэмжээний хохирол амсах талаар судлаач Ф.Ш.Гадигийн хийсэн таамаглал Thediplomat.com цахим сэтгүүлд гарсныг эцэст нь хүргэе. Тэрээр “Солонгосын хойгийн дайнд хамгийн гэнэтийн өөрчлөлт авчрах боломжтой хүчин зүйлсийг бүгдийг нь тооцоолохыг хичээсэн” хэмээн өмнөтгөлдөө дурьджээ.
Дайн болбол цөмийн дайн болно
Таамагт аль тал нь ялахыг чухалчлалгүй, хохирлын хэмжээг тооцохыг урьдал болгосон нь үнэхээр ч дайнаас зайлсхийх агуулгатай харагдаж байгаа юм.
Тухайлбал, БНАСАУ Сөүлийг эхлээд бөмбөгдвөл дайн эхэлснээс хойш 48 цагийн дотор л амиа алдагсдын тоо 100 мянгад хүрнэ. Үй олноор хөнөөх зэвсэг ашиглахгүй байсан ч энэ хэмжээний хохирол учруулна. АНУ-ын Батлан хамгаалах яамны гаргасан тооцоогоор бол Солонгосын II дайн эхэлбэл эхний 90 хоногт БНСУ, АНУ-ын армийн 200-300 мянган цэрэг офицер, энгийн номхон хэдэн зуун мянган иргэн амиа алдах ажээ.
Нөгөө талаар, АНУ, БНСУ-ын цэргүүд Хойд Солонгосын цөмийн объектуудыг устгах нь зайлшгүй. Энэ тохиолдолд Ким Чен Уны цэргүүд цөмийн зэвсэг хэрэглэх нь тодорхой аж.
БНАСАУ түрүүлж довтлох магадлал бага гэдгийг Ф.Ш.Гади нийтлэлийнхээ эхэнд онцгойлон дурджээ. БНХАУ-БНАСАУ-ын хооронд харилцан туслалцах гэрээ бий. Гэвч Пхеньян гэнэтийн цохилт өгөх давуу талаа ашигласан тохиолдолд Бээжин тусламж үзүүлж чадахгүйд хүрнэ. Харин АНУ, БНСУ-ын хувьд дайсныхаа цөмийн объектуудад цохилт өгөх нь зайлшгүй гэнэ.
Хойд Солонгосын арми 1.2 сая /Globalfirepower.com 2021/ цэрэг албан хаагчдын бүрэлдэхүүнтэй. Ким Жон Ун тэднээсээ эхний ээлжинд 700 мянган хуурай замын цэрэг, 8000 артиллерийн зэвсэг, 2000 танк (5895 танктай), 300 сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц, 200 (460) хөлөг онгоц, 20 (35) шумбагч онгоцыг БНСУ-ын эсрэг хөдөлгөх боломжтой. Дурдсан бүх хүч үэвсэггүй бүсээс 100 миль зайтай байрлах учир маш хурдан хугацаанд хил давах боломжтой аж. Хойд Солонгосын цэргүүдийн гол зорилго нь Сөүлийг нэн даруй эзэлж авах явдал байх болно. Бүхэлд нь биш юм аа гэхэд ядаж нэг хэсгийг нь л авахад Ким Жон Ун цэрэг нь өмнөдөд ялалт байгуулсан талаар суртал ухуулга хийж, дараа, дараагийн довтолгооноо амжилттай явуулах цэнэгийг олж авах ач холбогдолтой. Гэвч Сөүлийн төлөөх энэ дайн орчин үеийн цэрэг армийн түүхэнд бичигдэх хүнд хүчир тулаан болно гэдэг нь маргаангүй гэнэ. Сөүлийг эзэлж авахын тулд Ким Жон Уны цэргүүд 75 милийн өргөнтэй фронт нээж, Чорвон, Кэсон-Мунсан, Кумва чиглэлээр давшина. Мэдээж байж болох хамгийн дээд хурдаараа давшихыг оролдох нь лавтай ч БНСУ-ын арми үүнийг нь мэдэж, давшилтын дагуу хориглон тулалдвал 75 милийн өргөнтэй энэ хонгил хойд солонгосчуудын хувьд “үхлийн хавх” болж хувирах гэнэ.
Хойд Солонгост алсын тусгалтай, 170, 122, 240, 300 мм-ийн диаметртай Коксан их бууг багтаасан 500 гаруй артиллерийн цогцолбор бий. Пеньян энэхүү зэвсгээр БНСУ, АНУ-ын дайралтыг эсэргүүцэхээс гадна энгийн иргэд олноор сурьшсан аж үйлдвэр, эдийн засгийн бүсүүд рүү цохилт өгөх магадлал өндөр.
Хойд Солонгосын нисэх хүчнийг БНСУ, АНУ-ын нисэх хүчинтэй өрсөлдөхөд хэцүү ч хэрвээ тэд зарин, иприт зэрэг химийн хорт бодис ашиглавал хохирлын хэмжээ үлэмж ихсэхийг Ф.Гади онцлон тэмдэглэжээ. Химийн зэвсгийн сэтгэлзүйд үзүлэх нөлөө үлэмж их. Тиймээс хэрвээ Сөүлийг химийн зэвсгээр довтолбол БНСУ, АНУ-ын арми тогтоон барихад мэш төвөгтэй болно гэж тэрээр дүгнэсэн байна. Хойд Солонгосын армид химийн зэвсэгтэй 150 хошуу байгаа бөгөөд Сөүл болон Токио, Ази Номхон далайн бүс дэх АНУ-ын цэргийн баазууд руу харвах бололцоо байгаа аж. Гэхдээ онгоцуудын ихэнх нь он хуучинтай учраас тэднийг ТХААД системийн тусламжтайгаар замд нь устгах боломжтой гэдгийг тэрээр мөн онцлон тэмдэглэжээ.
Хойд Солонгост мөн тусгай үүрэг гүйцэтгэх чадвартай 100 мянган цэрэг байгаа бөгөөд тэднийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах чиглэлээр бэлтгэжээ. Эдгээр цэргүүд өмнөдийн нутагт орсон даруйдаа дэд бүтцийн байгууламжийг эвдлэн сүйтгэх ажил хийх гэнэ. БНАСАУ түрүүлж довтолсон тохиолдолд асар их хүч хаяж, гэнэдүүлсэн давуу талаа ашиглан эхний үед амжилттай урагшилна. Харин дараа нь эрч нь буурч ухарлаа гэхэд аль болох их зүйл эвдлэн сүйтгэсэн байх нь энэ ангийн зорилго гэнэ.
БНАСАУ түрүүлж довтлон дайн эхэлсэн тохиолдолд амь үрэгдэгсдийн тоо 48 цагийн дотор хэдэн арван мянга, 72 цагийн дотор 100 мянгад хүрэх магадлалтай ажээ. Ким Жон Уны цэргүүд Сөүл рүү орж амжих л юм бол хотын дотор гудамж бүрийн төлөөх дайн өрнөж, амиа алдсан энгийн иргэдийн тоо үлэмж нэмэгдэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.170
Өмхий кимчинүүд хоорондоо байлдана биз хэнд хамаатай юм.
Хариулах213.87.162.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах