Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК алдагдсан ордоо 16 жилийн дараа буцааж авах эсэхийг АМГТГ шийднэ


-Хөтөлийн шохойн ордыг “Ж.Эрдэнэбатын хүн” С.Бүрэнбат гэгч хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн байжээ-

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Сова” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээлэл хэд хоногийн өмнө хэвлэлээр мэдээлэгдсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн нарийн учир, ач холбогдлын талаар уншигчидтайгаа хуваалцъя.

16 жил, дөрвөн гүйцэтгэх захирал дамжсан тэмцэл үр дүнд хүрэх эхний алхмаа хийв 

Хөтөлийн ”Цемент шохой” ТӨХК-ийн эзэмшилд байсан, 5.8 сая тонн шохойн чулууны нөөц бүхий “Хөтөл 1” ордын лиценз 2007 оноос “Сова” хэмээх хувийн компанид  хачирхалтайгаар шилжиж очжээ. Энэ цагаас хойш Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг А.Шоовдор, Г.Батдорж, С.Уранчимэг, Ч.Туул гэсэн дөрвөн ч захирал удирдаж, дор бүрнээ өмчээ эргүүлж авахаар оролсон ч авч чадаагүй аж. Харин хамгийн сүүлд томилогдсон Л.Наранбаатар ордоо эргүүлж авах тэмцэлдээ олон нийтийг оролцуулсан нь амжилтад хүрч, ийнхүү 16 жилийн дараа ордоо буцааж авах эхний алхмаа хийсэн юм байна. 

Л.Наранбаатар тэмцэлдээ компанийнхаа 800 гаруй ажилтнаас гадна, Хөтөл хотын 2000 гаруй иргэн, Сайхан сумын ҮЭ-ийг нэгтгэн, ордын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу шийдвэр гарсан нь энэ юм байна. Одоо Л.Наранбаатар нь АМГТГ-т орд газраа буцаан авах өргөдлөө өгөөд байгаа аж.

Хөтөлчүүдийн өмч болсон ордыг “Ж.Эрдэнэбатын хүн” гэх С.Бүрэнбат 16 жилийн өмнө “булаажээ”

Л.Наранбаатар захирал тэргүүтэй одоогийн удирдлагууд нь ордынхоо лицензийг хэдийд, хэрхэн, яаж алдсаныг судалж үзжээ. Ингэхэд 1981 онд улсын болон компанийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газрыг “хайрга дайрганы” лиценз хэлбэрээр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гар хөл болсон С.Бүрэнбат нь аймгийн засаг ноёноор ажиллаж ахуйдаа ямар ч сонгон шалгаруулалттгүй буюу хууль зөрчиж “СОВА” гэх өөрийн эзэмшлийн нэг ширхэг ч хөрөнгөгүй, байгуулагдаад удаагүй компанид учир битүүлгээр буюу нийтэд мэдэгдэлгүйгээр хууль бусаар олгосон болох нь тодорсон байна. Түүнээс хойш А.Шоовдор, Г.Батдорж, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ч.Туул нарын үе, үеийн удирдлагууд ордоо авахын тулд 16 жилийн турш 10 гаруй албан бичиг, хүсэлтүүдийг өгсөн ч авч чадаагүй аж.   

Тухайлбал,

  • АМГТГ-т 2007, 2009, 2015 онуудад
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад 2014, 2015, 2017, 2020 онуудад
  • Уул уурхайн яаманд мөн 2015 онд
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018 онд гээд нийт 10 гаруй удаа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн.

Харамсалтай нь, АМГТГ болон аймаг, сумын Засаг дарга нар компанийн зүгээс гаргасан дээрх хүсэлтийг бүртгэхгүйгээр “Сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, “Сонгон шалгаруулалтад ороогүй байна”, “Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх мэт шалтаг шалтгаан тоочиж, Хөтөлийн “Цемент шохой” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, шударга ёсны зарчмыг алдагдуулан, захиргааны хууль бус актаар “СОВА” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосоор байжээ.   

Тэрчлэн захиргааны хууль бус актаар олгосон уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхыг хүссэн өргөдөл, гомдлыг удаа дараа шат шатны байгууллагад гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт хариу өгөлгүй, үл тоосон үйлдэл гаргаж байж. Энэ нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэхэд хүргэсэн аж.

“Цемент шохой”-н үйлдвэр ордоо эргүүлж авснаар ямар ҮР ДҮНД хүрэх вэ?

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан үйл ажиллагаанууд бариандаа хүрэхэд 27 жилийн хугацаа үлдэж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн монгол” уриалга, Шинэ сэргэлтийн бодлогын “Хот хөдөөгийн сэргэлт” гэхчилэн бодлогын томоохон баримт бичгүүд өөр хоорондоо уялдаа холбоотой, төрийн өмчит компаниад ч тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж буй. Тэгвэл цемент, шохойн үйлдвэрийнхэн СОВА ХХК-ийн хууль бусаар авсан лицензийг цуцлуулж, ТӨРД эргүүлэн авснаар гарах хамгийн том ҮР ДҮН бол “Эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй 30 жил түүхий эдээр хангах нөхцөл бүрдэнэ. Мөн дараах бодит өөрчлөлтүүд гарна. Тухайлбал;

  • Цемент шохойн үйлдвэрийн шохойн ордын нөөц 18 жилээр нэмэгдэх,
  • Эрдэнэт үйлдвэрээс 66 тэрбум төгрөгийн санхүүжилт татах,
  • Жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэр барих,
  • Байгаль орчинд ээлтэй утаагүй үйлдвэртэй болох
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн шохойн хэрэгцээг олон жилээр хангах баталгаа нэмэгдэх,
  • Ажлын байр нэмэгдэх
  • Хөтөл хот түүнийг тойрсон 5 сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл хангагдах,
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох зэрэг олон боломж нээгдэх юм байна.

Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатараас тодруулахад  “Манай ордын түүхий эдийн одоогийн нөөц нь 30 сая тонн гэж байгаа боловч технологийн нөөц нь ердөө 2.7 сая тонн байна. Энэ нь 10 жил ашиглах хэмжээ бол СОВА ХХК-ийн хууль бусаар авсан байсан ордын нийт нөөц 5.8 сая тонн бөгөөд үүнээс 4.2 сая тонн нь технологийн шохойнх байгаа юм.

Хэрэв бид шохойн ордоо албан ёсоор эргүүлэн авч, жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж чадвал ордын нөөц 28 жил, технологийн шохойн нөөц 7 сая тонн, борлуулалтын орлого 1 их наяд төгрөг, цэвэр ашиг 348 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

Ямартай ч манай удирдлагын баг, 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 орчим иргэн хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулан уг лицензийг цуцлуулах хүсэлтээ өгснөөр маш хурдан хугацаанд үр дүнд хүрлээ. Одоо бид хуулийн дагуу АМГТГ-т өргөдөл өгч, 1981 онд хайгуул хийж, нөөц тогтоосон талбайгаа эргүүлэн авах ажил өрнүүлнэ” гэв.

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК ийнхүү олон жилийн дараа өмчлөлийн ордоо буцааж авч, ажиллах хугацаагаа уртасгах эхний алхмаа хийлээ. Цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийг түүхий эдээр тасралтгүй хангах стратегийн өндөр ач холбогдолтой ордын нөөцийн асуудлыг АМГТГ хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.113
    2023/06/06

    авах л хэрэгтэй дээ монголын ард түмний хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан бие биеэндээ найр тавина гэж юу байхав дээ

    Хариулах
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 150.129.143.178
    2023/06/05

    Заа ашгүйдээ

    Хариулах