Домогт уулчин, "Уулын улаан" хэмээх Л.Раднаа: Цагаан дэглийд авирахаар Увс руу оргоод Төв хорооны хурлаар орж явлаа

Х.Батсайхан
2023/07/29

Монгол Улсад уулын спорт эрчимтэй хөгжиж, монгол уулчид дэлхийн дээвэр гэгддэг Эверестэд /төвд нэр нь Жомолунгма/ багаараа авирах хэмжээнд хүрээд байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр оргилд гарахад төлдөг их хэмжээний мөнгөнөөс болоод гарч чадахгүй байсан болохоос өмнөх үеийн уулчид ур чадвар тэсвэр хатуужлаараа хойч үеэ үлгэрлэж ирснийг түүх гэрчилнэ. 

Бид наадмын амралтын өдрөөр та бүхэндээ Монголд уулын спортыг анх үүсгэлцэж явсан анхдагчийн нэг, спортынхондоо “Уулын улаан” хэмээх хочоороо алдаршсан уулын спортын мастер, ахмад багш Л.Раднаа агсны амьд сэрүүн ахуйдаа өгсөн нэгэн ярилцлагыг хүргэж байна. 

Уулсын спортын хөгжил, сурган хүмүүжүүлэх үйлсэд их үр бүтээл гаргасан энэ эрхэм буурал 2020 онд тэнгэрийн орондоо заларсан билээ.  

-Таныг уулын спортыг Монголд анх хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн анхдагчуудын нэг гэж дуулаад уулзахаар зорьж ирлээ.“Эр зоригийн”гэгддэг энэ спорттой холбогдох болсон шалтгааныг асуухаасаа өмнө төрсөн нутаг ус нутаг усыг тань асууя. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн хүн. Онон голынхоо хөвөөнд өсч торнисон. 1938 онд бага сургуульд орж, 1945 онд долдугаар ангиа төгсөөд шууд МУИС-ийн физик математикийн ангид хууваарилагдаж байсан юм. 15 настай хүүхэд анх нийслэл хотод хөл тавьж байлаа даа. 

-Тийм жаахан уу?

-Тэр үед чинь 10 жилийн сургууль гэж байгаагүй шүү дээ. Дээд тал нь л долоон жил гэж байсан. МУИС байгуулагдаад удаагүй, хоёр, гурван жил л болж байсан үе.Багш нарын ихэнх нь оросууд.Хичээлээ орос хэл дээр үздэг. Миний хувьд долдугаар ангиа бас ч үгүй онц дүнтэй төгссөн болохоор шалгалтгүй шууд хуваарь өгсөн юм шиг байгаа юм.Манай анги даасан багш МУГБ Ишдорж гэж хүн байлаа. 

-Хүн үзээгүй юмандаа дурладаг гэдэг. Та тал газрын хүн юм байна. Уулгүй газрын хүн ууланд дурлах нь аргагүй ч юм биз. Гэхдээ ууланд авирах нь спорт юм байна гэдгийг анх яаж мэдэв. Ер нь спорттой хэрхэн холбогдсон түүхээсээ ярьж өгөөч?

-Их сургуульд ороод цанын спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн. Ингээд ангийнхаа хэдэн нөхдийн хамт Хэнтий хүртэл 340 км-ыг цанаар явж туулсан юм. Дараа жил нь Сэлэнгэ хүртэл 400 километрийн цанын аяллыг зохион байгуулсан. Энэ бүхэн маань багш нар намайг гайгүй спортлог болгож харагдуулдаг байж л дээ. 

Ангийн багш маань нэг өдөр гэнэт дууддаг юм. Яваад ортол “Зүрхний хилэн” романыг бичсэн нэрт зохиолч Ж.Пүрэв гуайтай хамт сууж байна. Тэгээд хэлж байна аа. “Төв хорооноос Монгол уулын спортыг хөгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тогтоолын дагуу Монголын уулын спортын түүхэн дэх анхны авиралтыг Монголын гурав дахь өндөр цэг болох, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан ууланд хийхээр болсон. Чамд явах сонирхол байна уу” гэж. 1951 оны хоёрдугаар сард шүү дээ. 

Монголын анхны уулын спортын багийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах шийдвэр гарч хоёр хүнийг нь МУИС-иас авах төлөвлөгөөтэй байсан юм билээ. “Хэрвээ явна гэвэл хичээлээс чөлөөлнө. Оросоос сургагч багш нар ирнэ, хичээл заана” гэсэн. Би мэдээж дуртай байлгүй яах вэ. Ингээд МУИС-аас би, Баасансүрэн гэж Булганы нэг барилддаг нөхөр бид хоёр сонгогдсоноор уулын спорттой холбогдох эхлэл тавигдсан түүхтэй. 

-Анхны тэр багт ямар, ямар хүмүүс байсан бэ?

-Багийн ахлагч нь Ж.Нямсүрэн гэж ахлах дэслэгч байсан. Баг 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан, ихэнх нь ДЯЯ-ныхан. Офицер, оюутан нийлсэн ийм баг уулын спортын анхны шанг татсан юм даа. Анхны тэр багаас одоо би л ганцаараа үлдэж дээ. 

Анхны мастерууд. Зүүн гар талаас Б.Халтар, Ж.Лувсандаш, Б.Цэрэндаш, өвөр эгнээнд Л.Раднаа, Увс аймгийн БТСХ-ны дарга Б.Чимид, Р.Зориг нар. /Гэрэл зургийг сэтгүүлч, уулчин Жагдалын Баярхүүгийн фэйсбүүг хуудаснаас авлаа/

-“Түүхэн” гэж тодотгож болох тэр авиралтад хэрхэн бэлтгэв, хэцүү байсан уу?

-Бид хоёрыг хичээлээс шууд чөлөөлж амраасан. Ингээд баяр хөөртэй, сэтгэл догдлон хэд хоног амарч ирснийхээ дараа бэлтгэлдээ орсон доо.Оросоос А.Пельшинов гэж сургагч багш ирлээ. Би их сургуульд орос багш нартай харьцдаг байсан болохоор орчуулагчийн албанд томилогдож байгаа юм. 

Багш нарийн ширийн юмнуудаа хэлнэ, би тэрийг нь орчуулах маягтай их бэлтгэсэн. Ингээд зургадугаар сард 10 хүн, 10 морь, гурван ачаатай морь, хоёр адуучинтай замдаа гарлаа даа. 

Би насандаа буу барьж үзээгүй хүн. Гэтэл бидний 10 хүнийг бүгдийг нь пистолетоор /гар буу/ хангадаг юм байна. Хоёр адуучныг болохоор винтовоор. Энэ нь ямар учиртай байсан бэ гэхээр, нэгдүгээрт, Хэнтийн ууланд баавгай их байсан. Хоёрдугаарт, шилийн сайн эр, оргодол Уулын улаан Цэнд гэдэг хүн тэр ууланд амьдарч байсан. Гуравдугаарт, фашистын Германд бууж өгсөн 505 дугаар армийн хориглууд Монголд төмөр зам барих ажил гүйцэтгэж байх үед хурандаа Иван Суслов гэж мэргэн буудагч эр оргож босоод Хэнтийн ууланд бүгж, ард олны зүрхийг чичрүүлж байсантай холбоотой.

/Жич: Энэхүү “Сахалт Иван” хочит Суслов гэгчийн талаар нутгийнхан одоо ч домог мэт хэлэлцсээр байдаг бөгөөд ЗХУ-аас сайтар бэлтгэгдсэн чекистийн бүлэг гурван ч удаа ирсэн ч ихэнхийгээ хядуулаад буцаж байсан гэдэг. Сурв/. 

Уулын улаан Цэнд нь Мөнгөнморьтынхонтой холбоотой, их гарын эр байсан гэж байгаа юм. Бид бүгд савхин малгай, зориулалтын хувцастай. Хэрдээ л бэлтгэсэн байсан. Тэгэхээр тэр сайн эрчүүд бидэнтэй таарвал тэр бүгдийг маань авахыг хүсдэг юм байгаа биз. Тийм л учраас биднийг зэвсэглэсэн юм билээ.

-Тэгээд тэр нөхдүүдтэй таарсан уу?

-Хүнтэй нь таараагүй. Харин баавгайтай бол таарсан шүү. Би буудаж үзээгүй байсан гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэр үед баавгайтай таарчихаад буудсан гэж байгаа. Тэнгэр рүү л буудсан шиг байгаа юм. Баавгай зүгээр, зугтаад явчихсан. Би ч зүгээр ийм нэг явдал болсон. Бид уулаа олохгүй төөрч, явсаар байгаад Естийн рашаан руу оччихсон. Тэнд холоос зорьж ирсэн рашаанчид байна. Найм нь ууландаа үлдэж, хоёр нь бууж очин, зам асууж, идэж уугаад буцаж ирж байсан хөгжилтэй түүх байдаг юм. Уулынхаа баруун урдаас очсон хүмүүс чинь төөрч будилаад зүүн хойноос нь авиралтаа эхлүүлсэн.

-Оргил хэрхэн гарав, анхны авиралт байсан учраас бэлгэдлийн шинжтэй ёслол хийсэн байх? 

-Уулынхаа наана адуучдаа үлдээгээд, бид зуураа нэг хонож, 1951 он зургадугаар сарын 25-нд байна уудаа, оргилдоо хөл тавьсан.Монгол улсын далбаа, маршал Х.Чойбалсангийн баримлыг Асралт хайрханы оргилд байрлуулсан. 

Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан

-Тэр үед ямар санагдаж байсан бэ?

-Сайхан байлгүй яах вэ. Монгол улсын түүхэн дэх уулын спортын ахны авиралтыг хийлээ. Нэг хөгжилтэй юм ярихад, оргил дээр гарчихаад хартал тээ тэнд хар утаа олгойдож байна. Бид нар “Галт тэрэгний утаа байх” гэж ярилцав. Гэтэл үнэн хэрэгтээ Хэнтийн нуруунд тэр өдөр түймэр гарч, утаа нь бидэнд харагдаж байсан юм билээ. Тэгээд ч тэр үед галт тэрэг Налайх-Улаанбаатарын хооронд л явдаг, хол учраас харагдахгүй шүү дээ. Мөн ч гэнэн улс явцгаасан байгаа биз.

-Нэгэнт эхний авиралтаа амжилттай хийсэн болохоор цаашдаа авирч өгсөн биз?

-1951 онд тэр авиралтыг хийчихээд хэсэг тасарсан. Сургуулиа төгсөөд хөдөө аймагт хуваарилагдаж 4-5 жил багшаар ажилласан юм. Тэр үед есөн жилийн сургуулиуд дөнгөж байгуулагдаж байсан үе. Хөдөө боловсон хүчин дутмаг, илгээлт нь нэг ёсондоо эх орны даалгавар байлаа. Энэ зуур 1955 онд хоёр дахь авиралт явагдаж, тэр багт орсон н.Нямсүрэн, Р.Зориг нарын зургаан хүн “Уулын спортын мастер” цолоор шагнагдаж байсан. Би 1958 онд ирээд долоо дахь мастер нь болсон түүхтэй.

/Жич: “Одоогоос 55 жилийн өмнө Монгол Улсын зэрэгтэй ангиллын нормыг биелүүлж, улсын зэрэг цолны анхны комисс байгуулагдахад мэргэжлийн комиссын анхдугаар хурлаар буюу 1956 оны зургаадугаар сарын 25-нд уулын спортын тамирчдад спортын мастер цол олгох шийдвэр гарсан. Тэгэхэд тэр үеийн комиссын гишүүд хоорондоо санал зөрөлдсөн юм байна лээ. Юу гэвэл, анхны мастер цолыг волейболын спортын тамирчинд өгөх үү, шатрын тамирчинд өгөх үү гэдэг асуудал гарсан.Тэгээд Монголын уулчид хамгийн том өндөр ууланд гарчихлаа. Энэ бол билэгдэл гээд Монголын спорт өөдөө байхыг ерөөж, зургаан уулчинд өгсөн юм”. МУ-ын Спортын гавьяат багш Р.Зоригийн дурсамжаас. Сурв/

-Уулын спортыг хатуу, ширүүн хэцүү гэдэг. Үнэхээр ч эрсдэлтэй спорт. Таны хувьд үхэл амьдралын дэнсэн дээр ирж үзсэн үү?

-Илгээлтээр явж ирснийхээ дараа жил /1959 онд/ Увсын Цагаан дэглий оргилд авирахаар боллоо. Уг нь япончуудтай авирахаар төлөвлөж байсан ч хятадууд дургүйцээд япончуудыг болиулсан. Харин биднийг Төв хорооноос “Нэгэнт бэлтгэл хийцгээсэн юм чинь явбал өөрсдөө явцгаа” гэсэн юм. Багийн ахлагчаар би, дасгалжуулагчаар Р.Зориг, тэгээд манай Лувсандаш, Цэрэндаш нарын долоон явахаар болсон. Сүүлд энэ авиралтын талаар зохиолч Цэдэв гэж хүн “Домогт оргилыг эзэлсэн долоон бүргэд” гэж сайхан өгүүлэл бичсэн дээ. 

Тэгээд Цагаан дэглийдээ авирлаа. Эхлээд Цэрэндаш хөл нь гэмтээд хаягдсан. Увсын хамгийн сайн уулчин Нордог гэж хүн байсан, уулын өвчин тусаад бас хаягдлаа. Бид уулынхаа баруун талаас авирч байсан юм. Тэр үед бид чинь их дэг журамтай. Намын хурал хийнэ. 

-Тавуулхнаа байж тэр уулын тагтанд уу?

-Долуулаа байхдаа. Намын хурал хийж, "Үхэхэд гомдолгүй, нэгэндээ садаа болохгүй, хэрвээ гэмтэж бэртвэл өөрийгөө аргална" гэсэн утгатай бичиг үйлдэж бүгд гарын үсгээ зурцгаасан. Тэр бичиг нь багийн ахлагчийн хувиар миний энгэрийн халаасанд явдаг. 

Э.Ювуухүү оператороор явж байсан. Бид тав хоорондоо 200 метр урт олсоор холбоотой. Уулчид нэг олсонд гурвуулаа л холбогддог журамтай. Нэг хүн хоёр хүнийг даана гэдэг үндэслэлээр ингэдэг юм. Бид тавуулаа нэг олсонд орсноороо дүрэм зөрчиж байсан хэрэг. Хамгийн доод талд Р.Зориг, би хамгийн дээд талд. Ухаандаа багийнхнаа хамгаалж явж байгаа юм. 

Уулнаас буух нь авирахаасаа хэцүү байдаг. Тэгэхэд зам дээр 40 орчим метр өндөр байц таардаг юм. Р.Зориг хамгийн доод талд, тэгээд Лувсандаш, Халтар, Ювуухүү, би явж байсан. Гэтэл Халтар маань гэнэт салхинд хаяулаад хад руу нисчихэв. Ингэхдээ замдаа Лувсандашийг бас хамаад арилж өгдөг юм байна. Ингээд Р.Зориг, Ювуухүү бүгд ниссэн. 

Би тэр үед хамгийн дээд талд байсан. Олс маань ч татагдаад дууслаа. Миний олсонд бэхэлгээ байдаг. Цоожийг нь ганцхан түлхэхэд л олсноос салж би амьд үлдэнэ. Гэвч би тэгэх эрхгүй, нөхдөө тэгж болохгүй. Бэхэлгээ хийсэн. Би гэр бүл зохиочихсон, үр хүүхэд маань гарчихсан байсан. Тэр хэдхэн секундэд тэд нар маань бүгд харагдаж байгаа юм. Гэвч дөрвийн дөрвөн хүн байсан болохоор шаасан гурван гадас маань мулт үсэрч, шууд агаарт хөөрөөд явчихсан. Тэр үед би агаараар 90 орчим метр ниссэн гэж байгаа юм шүү дээ. 

Тэр үед биднийг доороос харж байсан хүмүүс “Тэр хамгийн сүүлд унасан хүн өнгөрсөн, бяц унаж будаа болсон” гэж ярилцаж байсан гэсэн. Гэтэл би хамгийн түрүүнд ухаан орсон гэж байгаа юм. Олон хүнд хүчтэй татагдсан болохоор хад мөргөлгүй агаараар ниссээр ёроолын хунгар цас руу толгойгоороо шааж ойчсон байсан. Лувсандаш надаас хойхно ухаан орлоо, Ювуухүү нас барлаа. Р.Зориг 20-иод хоноод ухаан орлоо. 

Спортын мастер Э.Ювуухүүгийн сүүлчийн зураг /Зүүн гар талаас нэг дэх нь/. Осол болохоос дөрөв хоногийн өмнө. Увс. Цагаан дэглийд. 1961 он. /Гэрэл зураг, тайлбарыг сэтгүүлч, уулчин Ж.Баярхүүгийн фэйсбүүк хуудаснаас авав/

-Энэ авиралтын талаар сонсч байсан юм байна. Сүүлд тэр газар Э.Ювуухүү агсны дурсгалд зохиулсан хөшөөг байрлуулсан биз дээ?

-Тийм. Бүргэдтэй хөшөө байдаг шүү дээ. Тэр аяллаас ирсний дараа бид Цагаандэглийд дахин авирахаар ярилцав. Олон улсын ёс юм даа, авиралт хийж байгаад багийн нөхрөө алдвал "өшөөгөө авах" гэдэг ч юм уу, өөрсдийгөө ялахын тулд дахиж авирдаг. Тэр журмаар бид авирах гэж байсан юм. Гэтэл явуулдаггүй ээ. Зарим нэг нөхдүүд “Уулын спорт хэцүү, гарлагатай спорт. Нийтэд хэрэггүй. Энэ спортыг хөгжүүлэхгүй” гэцгээх болсон. Ингээд БТСХ, Үйлдвэрчний эвлэлээс зөвшөөрдөггүй дээ.

Тэгэхээр нь Р.Зориг бид хоёр ийм ийм учиртай явах гээж байна гэсэн утгатай өргөдөл бичиж, Ц.Даржаад /Монгол Улсын спортын гавьяат багш/ өгчихөөд дөрвөн хүний хувцас бэлтгэж аваад онгоцоор Увс руу оргодог юм байна. 

Гэтэл баригдаж ирээд Төв хорооны хурлаар орлоо. Тэр үед Төв хорооны хурлаар орно гэдэг үнэхээр чанга эд байсан юм шүү. Хэрхэн явсан талаараа би эхлээд тайлан тавих ёстой. Гэтэл явахаасаа өмнө өгсөн өргөдлийг Ц.Даржаа тэр өдөр оруулж ирсэн. 

-Ц.Даржаа гуай тэр дор нь дээшээ өгөөгүй байсан хэрэг үү?

-Мэдэхгүй, ямар ч ухаан байсан юм. Тэр өдөр зэрэг орж ирснээр дарга нарт хамаг учрыг ойлгуулж, аврагдаж билээ. Мөн ч их баярласан даа. Төв хороонд байсан Жамьян гуай “Нөхрийнхөө төлөө явсан чинь зөв. Олон улсын ч ч ийм байдаг юм байна. Раднаа, Зориг хоёрын тэмцэл зөв” гэж ярьсан. 

Ингээд “Р.Зориг, Л.Раднаа хоёр буруугүй юм байна. Сая Увс явахдаа өөрсдийн зардлаар яваа биз, тэр нь шийтгэл болог. Даага нэхэх авиралтаа дараа жил хий” гэсэн шийдвэр гаргаж, бид бөөн баяр хөөр болсон түүхтэй. Гэхдээ ингээд тэр хурал дуусаагүй ээ. Тэр үед манай орлогч дарга байсан Шархүү гэдэг хүн босч ирээд “Ноднин энэ хэдийг Цагаан дэглийд балрахад гэр бүлийнхнийг нь онгоцоор аваачсан. Улсад их хэмжээний зардал чирэгдэл гарсан. Уулын спортыг цаашид хөгжүүлэхгүй хориглох саналтай байна” гэж хэлдэг юм байна. 

Тэр үед бидний гэр бүлийг Цагаан дэглий рүү шууд онгоцоор аваачиж байсан нь үнэн юм. Харин хурлын тэргүүлэгчид “Төв хороо авиралтаа хий гэсэн шийдвэр гаргасан л бол хийж л таарна. Улсаас гарч байгаа хөрөнгө хэдэн зуун төгрөг байна уу, хэдэн сая төгрөг байна уу хамаагүй” гэж загнаснаар энэ санал газар авалгүй дарагдсан юм. Мань хүн лүгхийтэл доош сууж байсан гэж байгаа. Хүмүүс инээлдэж, ихэд наргиантайгаар өндөрлөж билээ. 

-Хурлаар орсон гэснээс, Увсаас яагаад баригдаад ирдэг билээ?

-Бид хоёр Увсад буугаад машинаар яг уул руугаа очихоор явж байсан юм. Улаангомын гудамжаар шүү дээ. Гэтэл нэг хүн тааралдаад “Та хоёрыг дарга дуудаж байна” гэсэн. Тэр үед Увс аймгийн даргаар Хурметбекгэж хүн ажиллаж байсан юм. Яваад ортол “Төв хорооноос захирамж ирсэн. Наад хоёрыгоо цаашаа явчихсан бол яах вэ, орхи. Яваагүй байх юм бол үлдээж нааш нь буцаа гэсэн. Та хоёр явж амжаагүй ингээд баригдлаа” гэдэг юм байна. Уур их хүрсээн. Сүүлдээ “Чи, би”-дээ хүрсэн. Тэр үед тэр хүн “Би энэ аймгийн эзэн. Энэ аймагт байгаа хүн амьтанг яахаа би мэднэ. Энэ аймагт байгаа нэг хорхой шавжийг ч би захирна” гэж хэлж байж билээ.

-Уулын спортын сайхан нь юундаа байдаг юм бэ?

-Оргилд гарчихаад зогсож байхад маш сайхан мэдрэмж төрдөг. Ядаргаа, зүдэргээ мартагдаад л. Дэлхийн дээвэр дээр гарсан юм шиг л болдог. 

-Цагаан дэглийгээс өөр сонин содон авиралт хийж байсан уу?

-Зөндөө. Бэрхшээлгүй авиралт гэж байдаггүй. Бүгд л их бага хэмжээнд зовж байж төрийн далбаагаа оргилд мандуулдаг юм. Харин нэг сонин юм ярья. 

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 40 орчим метр өндөр ханан хад байдаг юм. Тэндээс 10 гаруй километрийн зайд Аварга могойн агуй гэж агуй байх. Агуйн адарт байх мөснөөс ус гоождог, тэрийг нь нутгийнхан “Аварга могойн шүлс” гэж гэж эмийн чанартай ууж хэрэглэдэг. Тэр ханан хад руу авиралт хийж, агуй руу нь бууж байсан. 

Аймгийн биеийн тамир спортын хорооноос урьсны дагуу хотоос Ж.Нямсүрэн зэрэг уулчид гарч, замдаа аймгаас, сумаас хүмүүс нэмэгдсээр 10-аад уулчид авирч байсан юм. Сумынхан бараг тэр чигээрээ нүүгээд ирсэн. Авиралт харах гэж. Тэр хадан дээр юу байдгийг мэдэхийг их хүсдэг байж л дээ. Тэгээд бид гарч байсан юм. Үнэн хэрэгтээ бол шувууны сангас, элдэв мэрэгч амьтны яснаас өөр юу байх билээ.

Дараа нь Аварга могойн агуй руу орсон.Ханан байцнаас 10-аад километр зайтай, Дун уулын хажууд шахам байрлалтай газар л даа. Ам нь жижгэвтэр боловч доошлох тусам өргөссөөр машин багтах хэмжээний болж ирсэн. Цас мөснөөс бүтсэн бана ихтэй. Улмаар явсаар байгаад нэг том гурвалжин чулуунд тулж дууссан байсан. Сүүлд тооцоолоход 67 метр явсан байсан. Мэдээж, аварга могой байгаагүй. Хүмүүсийн дунд аварга могой байгаа гэж итгэсэн хүн нэлээд байсан юм даг. Энэ авиралт, буулт их сонирхолтой байсан санагддаг юм.

-Спортын амжилтаараа шагнал урамшуулал их хүртэж байв уу. Ямар ямар шагнал авч байсан бэ?

-Уулын спортын мастер цолтой. Биеийн тамир спортын тэргүүний ажилтан. Жилийн ойн медаль олон бий.Дээд тал нь “Алтангадас” одон байна даа. 

-Уулын спорт удам дамжсан байх нь олон. Үр хүүхдүүдээс тань уулчин болсон хүн бий юу?

-Хүүхдүүдээс байхгүй ээ. Харин ач гуч нараас уулчин гарч магадгүй. Манай нэг ач ноднин Г.Бат-Оронгыг дагаж Богдхан уулын Цэцээ гүнд авирчихаад ирсэн. Уулчин болох гээд л үзээд байгаа.

Ярилцлагаа өндөрлүүлэхээр шийдсэний дараа Л.Раднаа гуайн гэргий Г.Сэрээтэр гуай биднийг ширээнд суухыг урив. Цөцгийн тосон дээр жимсний чанамал түрхсэн шинэхэн талхыг амтархан идлээ. 90-ээд оны эд бараа ховор хомс цагт ингэж идэхийг “тансаглана” гэж ярьдаг байснаа өөрийн эрхгүй дурсав. Өмнө нь сонсч л байсан болохоос идэж үзээгүй “Мойлтой тос” амтлах боломж ч гардаг юм байна. 

Л.Раднаа гуайн гэргий Л.Сэрээтэр насаараа биеийн тамирын багш хийсэн хүн. Шавь нар нь уран сайхны гимнастикаар хот улсын аваргад олон жил өндөр амжилт гаргаж байсан гэнэ. Харин өөрөө цанын спортоор шаггүй уралдаж явжээ. “Спортын мастер уу” гэж хэрэгт дурлавал Л.Раднаа гуай “Нэг удаа мастерын нормативаас 26 секунд хоцорсон. Тэр үед би цагчин шүүгч байсан. Тамирчдыг бариалахад цагийг нь тэмдэглэдэг. Гэхдээ 26 секундыг аргалаад эхнэрээ мастер болгох боломж байсан ч тэгээгүй хүн дээ. Тэр үеийнхэн ер нь бүгд л тийм “коммунист” байлаа шүү дээ” хэмээн хошигнож байлаа.

Л.Раднаа, Г.Сэрээтэр нар таван хүүхэд төрүүлж өсгөжээ. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа нэг нь аж. Нэг хүү нь гэр бүлийнхээ спортлог уламжлалыг үргэлжлүүлэн ҮБТД сургууль төгссөн, бодибилдингийн спортоор хичээллэдэг гэнэ. 

Ардын хүүхдүүдэд боловсрол олгох ариун үйлсэд насаараа зүтгэсэн хоёр буурай насны наран хэвийх үедээ гадаадад аялах хоббитой болжээ. Одоогоор 23 улсад очоод байгаа гэнэ.Хятадын их цагаан хэрэмээс эхлээд инкүүдийн хүн төрөлхтөнд бүтээж үлдээсэн агуу гайхамшиг Мачу Пикчу, Везувийн галт уул дэлбэрэхэд үнс нурманд нь булагдаж үгүй болсон Помпей хотын туурь, 200 жил нурчихалгүй тэсч байгаа Пизагийн цамхаг гээд очоогүй газар цөөн бололтой. Ид насандаа ажилласан шиг ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүс ёстой л өмнө нь амжуулаагүйгээ амжуулж байгаа бололтой. Хүмүүний хэрхэн өтлөх ёстой жишээг энэ хоёр буурлаас олж харах шиг болов. Дараа баяртай уулзахын ерөөл тавьцгаагаад бид саллаа.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 206.232.66.255
    2023/08/05

    Энэ бол миний явцын гэрчлэл юм. Би түүний бөөрөнд (Nahealce.IlethCare. in@gmare.in@gmail.co m) -ийг өөрийн эмнэлэгт хэвтсэн тул би эмнэлэгт хэвтэж байсан тул өвчтөнд 700,000,00000 доллараар зарлавал Хэрэв миний төлөө байгаа бол миний эрүүл мэндийн тусламжийг сонирхож, азаар худалдаж авахыг сонирхож байгаа бол тэд эмнэлэгт хэвтэхийг сонирхож байгаа бол тэд үргэлж эмнэлэгт хэвтэхийн тулд үргэлж бөөр хэрэгтэй бөгөөд тэд аль болох олон хүн худалдаж авахад бэлэн байдаг гэж хэлсэн. Тиймээс, бид, өнөөдөр, өнөөдөр Бөөрнийхөө аль нэг жилийн туршид би бөөрөнд нь 700,000,000,000,000, 0009000 доллараар зарагдаагүй байна. Та бөөрөө нэгдэхийг хүсч, эсвэл худалдаж авахын тулд та бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу Бөөрний дараа дараа нь na эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоо бариарай: NahalthCare.in@gmail .com Whatsapp дугаар: +1909913424258

    Хариулах
  • 103.242.47.226
    2023/08/02

    Төрийн байгууллага, сэтгүүлзүйн байгууллагууд Засаг захиргааны хуваарийг мэддэггүй юм байна лээ ямар сайндаа Хил хамгаалах ерөнхий газар нь Хэнтий аймгийн Баян-Уул сум гээд бичиж байх жишээтэй ийм л боловсон хүчнүүд ажиллаад байгаа юмдаа

    Хариулах
  • 66.181.161.84
    2023/08/01

    Мөн манай сумаас энэ авиралтад оролцож явсан Б Цэрэнжав ах одоо 80 настай байж байгаа шүү.

    Хариулах
  • 66.181.161.84
    2023/08/01

    Дорнод аймаг Баян дун сумын нутаг их газрын чулуу гэж байдаг тэнд хаданд уулчид гарсан юм .мөн үүнээс урагшаа Тэмээний ар гэдэг газарт энэ агуй чинь байдаг би дэргэд нь тоглож өссөн .Баян дун сумын 7р багын нутаг.тэр үед байсан юм шүүдээ .Ууланд авирагч нар нэг жигд хувцас өмссөн одоо бодоход тангараг өргөөд дээш нь дохиооны буугаар буудаад ихэл сүртэй юм болж байхыг дэргэдээс нь хараад айж байсан хөдөөны юм үзээгүй жаахаг хүбүүн гүйж явсан юмдаг

    Хариулах
  • 46.135.24.156
    2023/07/31

    Миний эмээгийн дүү байсан бна бага бхдаа энэ хүнийг хэдэн удаа харж бж.

    Хариулах
  • 66.181.160.112
    2023/07/31

    Дорнод аймагт Баян гол сум орхон гол гэж байхгүй. Бичсэн зүйлээ нэг нягталж үзэж байвал зүгээр байна. Баян уул сум Улзын гол гэж байдаг.

    Хариулах
  • 150.129.141.29
    2023/07/31

    Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, уулын спортын мастер цолтой. Баян-Уул суманд томоохон нь Онон, Улз голууд бий. Залруулж бичээрэй

    Хариулах
  • 202.126.88.115
    2023/07/30

    Дорнодод Баянгол сум байхгүй. Нэл алдаа

    Хариулах