Энэтхэгийн цэвэрлэгч эмэгтэйчүүд сугалаанаас 1.2 сая ам.доллар хожжээ

Х.Батсайхан
2023/08/01

Энэтхэгийн Керала мужид амьдардаг цэвэрлэгч ажилтай 11 эмэгтэй өнгөрсөн зургадугаар сарын 11-ний өдөр мөнгөө нийлүүлэн сугалаа авчээ. Сугалааны азтануудыг өнгөрсөн долоо хоногт тодруулахад тэдгээр эмэгтэйчүүд жекот буюу супер хонжвор болох 100 сая рупи /1.2 сая орчим ам.доллар/ хожсон байна.  

Аз нь шовойсон эмэгтэйчүүд Малаппурам дүүргийн Парапанангади хотод цэвэрлэгчээр ажиллаж, өдөрт 250 рупи /10,000 төгрөг/ гар дээрээ авдаг байжээ. Энэ нь Энэтхэгтээ ч ага мөнгө учир эмэгтэйчүүд гэр бүл, хүүхдийнхээ боловсролд зориулж авсан зээлийнхээ төлөлт гэх мэт зүйлд зарцуулаад мөнгө илүү гардаггүй. Гэхдээ заримдаа мөнгөө нийлүүлээд сугалаа авдаг байсан нь ийнхүү аз авчирсан байна.

Энэтхэгийн олон мужид сугалааны бизнес эрхлэхийг хориглодог. Харин Зерала мужийн тухайд, өөрсдөө хөтөлбөр хэрэгжүүлдэг тул хувиараа сугалаа эрхлэхийг л хориглодог аж.

Азтануудын нэг, сугалаа худалдаж авах үүргийг гүйцэтгэдэг байсан Радха “Бид нэг удаа 1000 рупи хожоод хувааж авч байсан” гэж ярив. Харин өөр нэг гишүүн Куттимали аз авчирсан сугалаагаа худалдаж авахдаа дургүй байсан гэж ярьжээ. Сугалаа нь 250 рупи буюу тэдний нэг өдрийн цалинтай тэнцэх үнэтэй. Тиймээс тухайн үедээ мөнгө тааруу байсан Куттимали мөнгөө нийлүүлэхдээ сэтгэл дундуур байсан гэнэ. Тиймээс болихоор шийдээд байтал Черуманнил Бэби /багийн бас нэг гишүүн/ өөрт нь байсан 25 рупинийхээ талыг зээлдэх санал тавьснаар багт нэгдсэн аж. Ингэснээр 11 эмэгтэйн хоёр нь 12.5, 12.5, үлдсэн найм нь тус бүр 25 рупи гаргажээ.    

Нэгэндээ мөнгө зээлдсэн Черуманнил Бэби

Сугалаа худалдаж авдаг Радха "Бид жекпот хонжворын сугалааг дөрөв дэх удаагаа худалдаж авсан. Дөрөв дэхь удаад биднийг аз ивээлээ" хэмээн ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна