Х.Баттулга, С.Ганбаатартай нийлж, УИХ-ын сонгуульд МоАХ-г “сойх” уу

Zuv.mn
2023/08/23

-Экс Ерөнхийлөгчийн "Морины нүүдэл"-тэй улс төр-

2020 оны УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан С.Ганбаатар гишүүн ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамт Өвөрхангайд оччихсон МоАХ-оос зохион байгуулж буй “Хөх Монголын хөх туг” аяны тоосонд хутгалдаж явна. “Та бидний эвсэл”-ийг бүрдүүлж байсан Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намаас С.Ганбаатарын харъяалагдаж асан Монгол ардын хувьсгалт нам нь МАН-тай нэгдсэн ч С.Ганбаатар эвслийг төлөөлж сонгогдсон, УИХ-д эвслийг төлөөлөх учиртай. Гэвч хамаагүй гэж үзсэн үү, яасан, ямартай ч экс ерөнхийлөгчтэй дөрөө харшуулан МоАХ-ны ажлыг нь дэмжиж явна.

Экс ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ аянаар улс төрийн идэвхээ сэргээж байна. Тэрбээр 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа амжилттай ашигласан “Монгол ялна” уриагаа аяны зорилгод багтаасан нь нэгийг хэлнэ.


Ардчилсан нам саяхан Хангай, Баруун бүсэд Эдийн засгийн форум зохион байгуулсан. Форумд намын дарга Л.Гантөмөрөөс гадна С.Эрдэнэ оролцсон нь Х.Баттулгыг Ардчилсан намтай нэгдмэл байгааг илэрхийлж буй. Учир нь Ардчилсан намын орон нутагт “хөл”-тэй хэсэг нь буюу 2020 оны Орон нутгийн сонгуульд ялсан хэсгийн дийлэнх нь Х.Баттулгын талд байсан тул С.Эрдэнэ тэргүүтнүүд хөдөө явна гэсэн ойлголт байдаггүй байсан юм. Харин удирдлагуудтай нь нэгдмэл байгаа гэж батлах баримт одоогоор алга. 

Мөрөн, Өлгийд болсон эдийн засгийн форумыг өнжсөн экс ерөнхийлөгч ийнхүү ил гарч, ил гарахдаа МоАХ-ийн бие даасан үйл ажиллагаанд оролцож, тэр тусмаа С.Ганбаатарыг дагуулж яваа нь цаанаа энэ сарын 28-нд болох ҮБХ-ны хурлаас ахиухан албан тушаал, эрх мэдэл олж авах зорилготой, Л.Гантөмөрт шахалт үзүүлсэн үйлдэл гэж харагдаж байгаа юм.

Учир нь, ҮБХ-ны хурлаас сонгогдох ЕНБД тэргүүтэй албан тушаал нь ирэх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахад гол эрх мэдлийг атгана гэгдэж буй юм. “Х.Баттулга хэрвээ энэ санаагаа биелүүлж чадахгүй бол С.Ганбаатар, Н.Алтанхуяг нартай нийлж, шинэ нам байгуулах хувилбар ч байгаа” гэсэн “бор шувуу” санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй нисэж буйгаас харахад, Х.Баттулгын эхний сонголт Ардчилсан намын эв нэгдэл мөн боловч эрх мэдлээс лавхан атгаж үлдэхгүй бол биеэ даахыг үгүйсгэхгүй бололтой.

Х.Баттулга бол маргаангүй лидер мөн, гэхдээ "Зорилго нь аргаа зөвтгөнө" гэдэг хүн. Жүдо бөхийн холбоог аваад "2008 оны олимп хүртэл ардчилал гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Тэр зорилгодоо хүрсэн, гэхдээ энэ арга жүдогийн холбоо мэт байгууллагад л тохирохоос Монгол Улсад тохирохгүй. Х.Баттулга одоо Ардчилсан намд дэндүү хэрэгтэй, гэхдээ хэт томорч болохгүй. Удирдах арга барилаараа ОХУ, БНХАУ-тай ижилсэл үүсгэх, үүнээс үүдээд таагүй үр дагавар гарах магадлалтай гэдэг утгаар нь хэлж байна. 


Монгол Улс баруунаас зааглагдаж, /хоёр хөрш хүсэж байгаа/ МАН хүртэл ардчиллаа хадгалж, ялгарах ёстой гэдгийг ухамсарлаад парламентын орон зайг нэмж өгч байхад үндсэрхэх үзэл үнэндээ одоо манайд хортой. Үндэсний үзэл, үндсэрхэх үзэл хоёроо ялгадаггүй, гадныхныг гадуурхчихвал болно гэж ойлгодог хүн ихтэй манайд тэр тусмаа ийм эгзэгтэй цаг үед эрсдэлтэй. 

Ардчилсан намын хөдөө орон нутгийн хоёр томилолт ажил хэрэгч, бодлого шийдэл уралдуулсан нөхцөл байдалд болсон. Иргэдэдээ итгэж, боломж олгох замаар ардчиллын үнэт зүйлсээ хадгалж бэхжүүлэх агуулга яригдсан. МоАХ-ны явуулж байгаа аяных нь зорилго харин үндсэрхэх үзлийг дэврээж байгаа харагдана.  

Өөрөөр хэлбэл, байдал өөрт нь ашиггүйгээр эргэвэл 2024 оны сонгуульд МоАХ-г, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг сойх морины нүүдлээр нүүж байх магадлал байна. С.Ганбаатарын хувьд, 2017 онд Ерөнхийлөгч болохоо шахсан. Энэ суудалд хүрэхийн тулд ямар намаас нэр дэвших нь хамаагүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "МАХН намайг дэвшүүлэхгүй бол бие дааж нэр дэвшинэ" гэж ярьж байсан. 28-ны хурлын дараа Ардчилсан нам бүтэн үлдэж чадвал С.Ганбаатарт бараг ашиггүй дээ. 2027 онд нэр дэвших шаанс бага. Эрх ашиг яривал, нэг иймэрхүү хувь эрх ашгууд 28-нд болох Ардчилсан намын ҮБХ-ны хурлын уур амьсгалд нөлөөлөх нь баараггүй болчихлоо.       



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 101.176.213.112
    Өчигдөр

    Энэ 2 ыг ёстой дэмжинэ шүү

    Хариулах