Хэнэггүй зангаасаа болж хэдий болтол хохирох вэ?


Нэг сард 26 хүн усны ослоор амь насаа алдав

Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийтдээ 34 хүн усанд осолдсон гэсэн тоон мэдээлэл гарч байсан бол долоодугаар сар гараад хүмүүсийн амралт, аялал зугаалга эхэлснээр усны ослын тоо нэмэгдэж, зөвхөн энэ сард 26 хүн усны ослоор амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 69 тохиолдол гарч, нийт  60 хүн амь насаа алджээ. Эдгээрийн 51 нь том хүн,  ес нь хүүхэд аж. Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол осолдсон иргэдийн 88 хувь нь эрчүүд байна.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяа тайлбарлахдаа “Энэ бол иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдалтай шууд хамаатай. Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа юм. Уг нь Онцгой байдлын газар, цаг уурын байгууллагаас хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг байнга хүргэж байгаа. Гол устай газар битгий яваарай. Бороо хур элбэгтэй байгаа учир томоохон голууд үеийн түвшнээс давж үерлэсэн байна. Мөн дуу цахилгаантай усархаг бороо орж байгаа нь жижиг голууд, хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөртэй байна. Тиймээс голын ойр орчимд амрах бол аюулгүй байдлаа хангаж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр голын ойр орчимд тоглуулахгүй байх, автомашинтай зорчиж байгаа бол баталгаатай гүүр, гарц, гарамтай газраар гол гарах зэргээр аюулгүй байдлаа хангаач гэсэн сэрэмжлүүлийг байнга хүргэж ажиллаж байна” гэсэн юм.

Хоёр өдөрт 226 зам тээврийн ослийн шинжтэй дуудлага иржээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 27-28-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 366 дуудлагыг хүлээн авчээ. Үүний 226 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.  Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтсэн байна. Гэмтэж бэртсэн хүний 3 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Энэ бол амралтын хоёр өдөрт болсон үйл явдал.

Тэгвэл жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Улсын хэмжээнд жилийн хугацаанд бүртгэгддэг авто ослын тохиолдол дунджаар 32100 байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10.2 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бол жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас баржээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр зам тээврийн ослын шалтгааны дийлэнх нь авто машины хүрдтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл,  ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлдэг байна. Тэгвэл хажуу хоорондын зай тохируулаагүйгээс 43.4, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 15.3, эгнээ байр буруу эзэлсэн 14.8 хувь эзэлдэг аж. Түүнчлэн ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн, хурд хэтрүүлсэн 2.3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2.2 хувийг эзэлдэг байна. 

 “Санамсаргүй бөгөөд гэнэтийн тохиолдол” гэж байдаг ч байгалийн гамшиг биш л бол осол, хохирол нь хүний анхаарал, болгоомж, сэрэмжээс л хамаатай зүйл. Хэнэггүй зангаасаа болж хэдий болтол хохирсоор байх вэ?


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна