Н.Энхбаяр: Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа, одоо хэлэлцэх төсөл байхгүй болсон


Улс төрийн  17 нам, иргэдийн төлөөлөл  Үндсэн хуулийн шинэчлэл зогссон учир Ард нийтийн санал асуулга гэж байхгүй гэдгийг мэдэгдэж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрбээр Өчигдөр буюу /09.09/ Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэгдсэн төслөөс өөрийнхөө төслийг татсан нь Улс төрийн намууд, 100 гаруй иргэний хөдөлгөөн, эрдэмтэн судлаачдын тэмцлийн үр дүн гэдгийг онцолсон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ерөнхийлөгч өчигдөр төслөө татаж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүдийн хугацааг нэмнэ, тоог нь нэмэх гэж оролдоод уналаа. Намын тогтолцоог өөрчлөх гээд бүтэлгүйтлээ. Сэтгүүлчид, ард түмэн шүүмжилсэн учраас саналаа татлаа.  Анхнаасаа хоёр төсөл хэлэлцэж, хууль зөрчсөн. Энэ хоёр нэгдээд, нэг төсөл боллоо гэж бодъё. Гэтэл Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа. Одоо хэлэлцэх төсөл байхгүй болсон.  Ийм нөхцөл байдал бий болсныг ард иргэддээ ойлгуулмаар байна.  Одоо Ерөнхийлөгч шинэ үндсэн хууль санаачлах хэрэгтэй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний ажлын хэсэг байгуулж шинэ Үндсэн хуулиа хийе гэдгээ мэдэгдэх ёстой” гэдгийг хэллээ.

Мөн ард түмний тал нь Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжиж байгаа тул ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг санал асуулга авсны дараа шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.

Ард түмний олонхийн засаглалын намын дарга Ц.Нарангэрэл “ Хувьсгал хийх цаг болсон. Хувьсгал хийх ёстой болсон. Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн гуайн хэлснээр “УИХ-ын гишүүдийн 60 нь гэмт хэрэгт холбогдсон. Парламентыг тарааж, шинэ бүтцийг бий болгоё” гэсэн юм.

ИЗНН-ын дарга Ганхуяг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо. 2016 оны сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн МАН бэлэн бус байгааг харуулж байна. 1992 оноос хойш ямар өөрчлөлт оров. Иргэд эрх тэгш амьдрал, амгалан тайван амьдралыг л хүсч байна. Гэтэл Ардын намынхны зорилго иргэдийн хүслээс огт өөр буюу сандал суудлын төлөө, хэн нь эрх мэдэлд хүрэх вэ гэсэн өрсөлдөөн байсан нь бүтэлгүйтлээ. Ингэснээр бид эрх баригчдын жинхэнэ нүүр царайг харлаа” хэмээлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна