Б.Энхбаяр: "Эрдэнэс таван толгой" ХХК ажилтнууддаа жилд 37,9 Зам тээврийн яам 82,8 тэрбумыг урамшуулалд өгсөн


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор 2+1 буюу нийт 3 минутад багтаан асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Манай улсад 2019 оны байдлаар төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчийн 4862 нийтдээ 6012 хуулийн этгээд байна. Энэ тоонд төрийн бүх байгууллага, эмнэлэг, сургуулиас гадна төрийн болон орон нутгийн өмчит компанид орж байгаа. Нийтдээ 240-250 мянган хүн ажиллаж байна. 19 их наядын эргэлтийн хөрөнгө, 45 их наядын эргэлтийн бус, нийт 64 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна. 64 их наядын хөрөнгөөс 35 их наяд нь өр төлбөр байна. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн байгууллагуудын бүх хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байна. 

Төрийн өмчит хичнээн компани байгаа юм бэ гэдгийг Засгийн газраас асуугаад гурван сар болсон. Одоо болтол хариу өгөхгүй байна. 

Монголын төр орон нутгийн өмчит хичнээн компани байгааг мэдэхгүй байна. Хоёр жишээ хэлье. Эрдэнэс таван толгой компанийн 936 ажилтны цалин жилдээ 30 тэрбум. Гэтэл урамшуулалд нь цалингаас гадна 37,9 тэрбум төгрөг өгсөн байна. Зам тээврийн яамны 20 компани 2019 онд 82,8 тэрбумыг цалингаас гадна урамшуулалд өгсөн байна.

 2020 оны 8-р сард 80,1 тэрбум төгрөгийг урамшуулалд өгсөн байна. Төрийн өмчийн төлөөлөн удирдах зөвлөлтэй 70 компанид 242 яамны газар хэлтсийн дарга ажиллаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нэг дарга гэхэд л зургаан компанийн тузыг даргалж байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн хүрээнд сайжруулах асуудал мөрийн хөтөлбөрт орсон. Мөрийн хөтөлбөрт зааснаар бол энэ оны намрын чуулганд хуулийн багц төсөл Засгийн газраас орж ирэх байсан. Энэ асуудлыг хэзээ хууль эрх зүйн хүрээнд оруулж ирэх вэ. Хүн яриад асуудал шийдэгдэхгүй гээд 30 жил ярьсан. Энийг хуулийн аргаар тас цохихоос өөр аргагүй болсон" хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна