Т.Мөнх-Алдар: Хувийн цэцэрлэгийн 5000 орчим багш IV сараас хойш цалин аваагүй

2020 оны 05 сарын 19

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд Сангийн яамны сайдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал хийж байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Сангийн яамны төсвийн зарлагын газрын дарга М.Санжаадорж тайлбар хийж, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Төрийн ачааг үүрэлцэж байгаа хувийн цэцэрлэг, сургуулийнхандаа Засгийн газрын зүгээс үргэлж талархалтай хандаж ирсэн. Өнөөдөр Сангийн яамны гадаа хувийн цэцэрлэгийн багш нар жагсаж байна. Энэ хүмүүс хувьсах зардлаа авмаар байна гэдэг шаардлага тавьж байгаа. Хувьсах зардлыг гүйцэтгэлээр нь өгдөг. Хууль, журмандаа гүйцэтгэлээр нь олгоно гээд заагаад өгчихсөн санхүүжилт.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр 10 хүүхэд цэцэрлэгтээ ирсэн бол түүгээрээ тооцож хувьсах зардлаа авна. Сургуулийнх ч ялгаагүй.

Та бүхэн мэдэж байгаа, коронавирусээс болоод бүх шатны сургалтын үйл ажиллагааг зогсоочихсон. Тиймээс гүйцэтгэлгээр нь өгнө гээд хуулиндаа заачихсан санхүүжилтийг өгөх боломжгүй болчихоод байна. 

Яагаад гэвэл тэр анги танхимд хүүхэд суугаагүй байгаа шүү дээ.

Нөгөө талдаа хувьсах зардлыг өгөхгүй гээд энэ хүмүүсийг хаячихаагүй. НДШ, ХАОАТ-ыг нь чөлөөлж өглөө. Дээрээс нь нэмээд ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас ажилтан болгоных нь тоогоор 200 мянган төгрөг нэмж өгөхөөр шийдвэр гаргасан. Нөхцөл байдлаас шалтгаалаад маш олон бизнесүүд бүрэн зогсолт хийсэн. Фитнес төвүүд, сургалтын газрууд зогссон байна. Энэ бүгдэд татаас хэлбэрээр өгөх мөнгө Сангийн яаманд хомс байгаа. Бид татвар төлөгчдийн мөнгийг яаж хүргэж болох вэ, аль болох олон хүнд хүртээх байдлаар ажиллах боломж юу байна гэдгийг л судалж, шийдэхийн төлөө зүтгэж байна. 

Үүний нэг нь хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх. Хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг хууль журмын дагуу өгөх боломжгүй байна. Ямар байдлаар үүнийг шийдвэрлэж болох вэ гэдгийг судална. Нөгөө талаар  хувийн цэцэрлэг, сургуулиад төлбөрөө авчихаад буцааж өгөхгүй байна гэдэг гомдол эцэг, эхчүүдээс ирж байна. Энэ мөнгөө хувийн цэцэрлэг, сургуулиуд өгчихвөл бид хувьсах зардлыг нь өгч болно. Одоо хүүхэд суралцаагүй байхад бид хувьсах зардлыг нь өгчихөөр ирэх хичээлийн жилийнхэд суутгаж болох нь гэдгийг бид ярилцаж байна. Салбар хариуцсан Боловсролын яам энэ асуудлыг оруулж ирэх ёстой.

Нийтдээ хувийн цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээнд жилдээ 50 орчим тэрбум төгрөгийг үзүүлдэг. Ард түмний татварын мөнгөнөөс хувийн цэцэрлэг, сургуульд хувьсах зардал өгдөг. Дээрээс нь нэмээд сургууль, цэцэрлэгүүд өндөр төлбөр авдаг. 10 сая, 10 мянган ам.долларын төлбөртэй сургууль ч байгаа. 1 сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэг ч бий" гэв.

Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны тэргүүн Т.Мөнх-Алдар "Нийслэлд хувийн цэцэрлэг, сургуульд нийт 5000 орчим багш ажилладаг. Тэдний 97 хувь нь эмэгтэйчүүд. Тэд дөрөвдүгээр сараас хойш цалингаа авч чадаагүй. Иймд өнөөдөр Vангийн яамны гадаа цуглаад байна. Мөн бид амралтын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа юм. Төрийн сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна. Хувийн сургуулиуд ч мөн адил хичээлээ цахимаар зааж байна. Гэтэл төрийн сургуулиудад хүүхдийн хувьсах зардлыг олгож байгаа атлаа хувийн сургуулиудад олгохгүй гэлээ. Сургуулиудыг статусаар нь ялгаварлаж болохгүй" гэв.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.