Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 11 минутын өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Төв банкны Дэд ерөнхийлөгч Квон Мин Сү тэргүүтэй төлөөлөгчид Монголбанканд зочилж, төв банкууд хоорондын “Хамтын ажиллагаа, техник туслалцааны тухай санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.

Монголбанк болон БНСУ-ын Төв банк анх 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү шинэчлэл нь хоёр байгууллагын урт хугацааны түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, санхүү, технологийн хөгжлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж буйгаараа онцлог юм.

Шинэчилсэн санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Төлбөр тооцооны системийн хөгжил: Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан төлбөр тооцоог илүү хурдан, хялбар, зардал багатай болгох зорилгоор хоёр улсын төлбөр тооцооны дэд бүтцийг уялдуулан хөгжүүлэх;
  • Цахим шилжилт ба хиймэл оюун ухаан: Мөнгөний бодлого, макро эдийн засгийн шинжилгээ, банкны хяналт шалгалтын үйл ажиллагаанд их өгөгдөл (Big data) болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр туршлага, мэдлэг солилцох;
  • Мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал: Төв банкуудаас хэрэгжүүлдэг нэгдсэн бодлогын хүрээ (Integrated Policy Framework) болон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг оновчтой удирдах чиглэлээр БНСУ-ын туршлагыг судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төгрөг болон воноор шууд төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх, мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд БНСУ-ын арилжааны банкуудыг Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг дэмжин ажиллахаа албан ёсоор илэрхийллээ.

Энэхүү санамж бичгийн шинэчлэл нь Монголбанк болон БНСУ-ын Төв банкны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, санхүүгийн дэд бүтэц, бодлогын чадавх, технологийн шинэчлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна