ДЭМБ: Цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй

2020 оны 08 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 17 сая 956 мянган хүн өвчилж, 689 мянган хүн эндсэн байна. Харин 11 сая 436 мянган эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

24 цагийн дотор дэлхий дахинд 262 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5000 гаруй хүн нас барсан байна.  

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5462 хүн шинээр халдвар авч, 70 хүн эндсэн байна. 

БНХАУ-д 158 тохиолдол шинээр бүртгэгдсэний долоо нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. 

Япон улсад 1358 хүн халдвар авсан байна. Токиод халдвар голомтлон гарч байгаа учраас зарим үйлчилгээний газарт хязгаарлалт тогтоожээ.

ДЭМБ-аас цар тахал дэлхий нийтэд эрчимтэй тархаж байгаа ч улс орнуудын хариу арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг онцолсон. Гэхдээ цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй учраас улс орнууд төдийгүй хүн бүр эв нэгдэлтэй, тэвчээртэй байх үе ирж буйг онцлон тэмдэглэсэн.

Манай улсын хувьд тусгаарлалтад 2752 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 76 хүн эмчлүүлж байгаагаас хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байна” гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.