Б.Пүрэвсүрэн: Гал зогсоогүй байхад өрхөө бүтээснээс болж олон хүн угаартдаг


2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Нийслэлийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч гээд 4500 гаруй алба хаагч нар хамрагдаж байгаа аж.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн 

Сургалтын агуулгын хувьд өнгөрсөн жилийн алдааг давтахгүй байх, учирсан эрсдлийг бууруулах зорилготой. Жишээлбэл, угарын хий эрсдэл, айл, өрхүүдийн зуух яндангийн стандарт, зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хүрсэн түлэлт, олон нийтийн хяналт гэх мэт асуудлыг хэлэлцэж байна.

Мөн иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл өнгөрсөн хавар угартсан иргэдээс судалгаа авахад 95 хувь нь бороо орохоор нь яндангаа аваад, өрхөө бүтээсэн гэх хариултыг ихэвчлэн өгсөн. Ямар ч тохиолдолд зуух, янданг салгахгүй байх, гал зогсоогүй байхад өрхөө бүтээхгүй байх хэрэгтэй. 

Энэ жил Засгийн газраас шийдвэр гарсан. Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хөнгөлттэй буюу 1735 төгрөгөөр худалдан авах шийдвэр тусгагдсан. Бид хүртээмжийн асуудлаас илүү зохион байгуулалтын асуудлыг сайжруулах нөхцөл байдал дээр ажиллаж байна.

Хүртээмжээ сайжруулахын тулд зун, намрын улиралд нөөцлөлтийн ажлыг явуулдаг. Одоогоор 20.000 тонн нөөцтэй байгаа бөгөөд нөөцлөлтийн ажил хэвийн явж байна. Энэ жилийн хувьд нийслэлд  686 борлуулалтын цэг дээр шахмал түлшийг зарж борлуулна. 

Бид нийслэл хотын агаарын бохирдлыг 80 хувь буулгана гэсэн мөрийн хөтөлбөртэй. Үүнд хүрч ажиллахын тулд  төр засгаас гарах шийдвэр маш чухал. Мөн иргэдийн мэдээлэл, хандлага агаарын бохирдол бууруулах хүчин зүйл болж байна гэж тэрбээр ярилаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна