Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ил тодоор олгохыг үүрэг болголоо

2020 оны 10 сарын 21

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх /2020.10.20-ны өдөр/ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны харъяа Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолуудаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан.

Монгол улсын ерөнхий сайд салбар яамдын үйл ажиллагаатай биечлэн танилцаж 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан болон холбогдох бусад асуудлуудаар яамдуудтай уулзаж санал бодлыг сонсож байр сууриа илэрхийлсэн.

 

 

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Уул уурхай хүнд үйлдвэрийн яам бол манай улсын хувьд хамгийн чухал яам. Нийт экспортын 94 хувь бол та бүхний ажил төрөлтэй шууд холбоотой. Монгол Улсын Их хурал 2020 оны 24-р тогтоолоор Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ мөрийн хөтөлбөрт Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хийх ажлууд тусгалаа олсон байгаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой  салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг сануулаад бусад яамд салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулж ажилласнаар танай яамны ажил урагштай сайн явахыг хэллээ.Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.