Т.Аубакир VS Ж.Баясгалан: Халамж хавтгайрсан уу

Т.Отгонсувд
1 цаг 17 минутын өмнө

2026 оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж болон асаргааны мөнгийг нэмэгдүүлэх асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар маргалдав. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан салбарын сайд Т.Аубакир иргэдийнхээ төлөө ажиллахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хайхрамжгүй хандаж байна хэмээн шүүмжилж түүнд хариуцлага тооцох шаардлага Засгийн газарт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн. 

Тодруулбал, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн мөнгийг нэмэгдүүлэх санал маань Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдлээ. Ямар ч байсан дэмжигдээд, гүйцээн боловсруулах чиглэл авсан.

Энд ярьж байгаа “хавтгайрсан халамж” гэдэг бол төр, засгийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн болохоос гэртээ хэвтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал биш.

Өнөөдөр гэртээ хэвтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ойлгоогүй байж “хавтгайрсан халамжийн 30 хувийг баячууд авч байна” гэж ярьж байгаа бол тэр тогтолцоог хэн бий болгосон юм бэ.

Үүнийг Засаг барьж байгаа хүмүүс, үе үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан, Эрүүл мэндийн яамныхан өөрсдөө бий болгосон. Өөрсдийнхөө алдааг өвдөж, гэртээ хэвтэж байгаа иргэд рүү чиглүүлж болохгүй.

Т.Аубакир сайд сая Хөдөө аж ахуйн сайд юм уу, Эдийн засгийн сайд юм уу гэмээр зүйл ярьж байна. Хүнийхээ тухай биш, хүнсний тухай яриад, инфляц өснө гэж яриад байна. 

Уг нь энэ хүн ам зүйн бодлогыг хариуцаж байгаа сайд биз дээ. Гэтэл тэр асуудлаа огт ярьсангүй.

Хоёрдугаарт, 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр би Ерөнхий сайд, Сангийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны түвшнээс дээгүүр болгох шаардлага тавьсан. Төсөв батлагдахаас өмнө, тавдугаар сарын 13-нд шүү дээ. Тэр үед энэ асуудлыг сайд нэг ч хөөцөлдөөгүй байж одоо араас нь явлаа гэсэн яриа гарч байна. Тийм зүйл огтхон ч биш.

Өнөөдөр сайдын хийх ёстой ажлыг Сэлэнгэ аймгийн Сант суманд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрөө хийж явна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдээс гарын үсэг цуглуулаад, таягтайгаа багийн төв дээр сууж байна. Хүмүүс олноороо ирэх байх гэж хүлээгээд, “Бид ингэж амьдарч байна шүү дээ” гэдгээ хүмүүст хэлж, гарын үсэг цуглуулж сууна. Бид ингэж амьдарч байна.

Гэтэл сайд нь энд Байнгын хороо, чуулганаасаа зугтаагаад явж байна. Одоо Ж.Баясгалан гэдэг хүний тухай яриад байх шаардлагагүй. Ж.Баясгалан биш, 110 мянган өрхийнхөө тухай хоёулаа ярья.

Тиймээс энэ хариуцлагагүй сайддаа хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал маш хэцүү. 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний ард өчнөөн олон ар гэр, ах дүү байгаа. Тиймээс энэ асуудлыг зөвхөн нэг хүний асуудал гэж харах биш, нийт 110 мянган иргэн болон тэдний ар гэрийн асуудал гэж харах хэрэгтэй" гэв. 

Харин сайд Т.Аубакир "Яамнаас бодлогын асуудлуудаа шийдээд, хуулиа өргөн бариад ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хайхрамжгүй хандсан зүйл байхгүй. Халамж хавтгайрах гээд байгаа учраас Ж.Баясгалан гишүүний саналыг дэмжээгүй" хэмээв. 

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн тэтгэмж авдаг. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа тэтгэмж гээд бид хайхрамжгүй хандсан зүйл огт байхгүй. Иргэдэд УИХ-аас санаатай, санаандгүйгээр ташаа мэдээллүүд өгөөд байна.

2027 оны улсын төсөвт нийт халамжийн сангаа 20 хувиар нэмэгдүүлж байгаа. Иргэд болон зарим улстөрчид халамж хавтгайрлаа гэж ярьж байна. Ж.Баясгалан гишүүний оруулж ирж байгаа зарим санал үнэхээр хавтгайруулж байгаа. Ингэхээр хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй болж эхэлнэ гэсэн үг.

2027 оны улсын төсөвт зарим төрлийн халамжуудыг нэмэлтээр оруулж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд очиж байгаа нийгмийн халамжийн 470 мянган төгрөг 2027 онд 525800, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа асаргааны тэтгэмж 484 мянгаас 532400 төгрөг болно.

Халамж шаардлагатай, хэрэгцээтэй байгаа хүндээ хүрэх ёстой. Нөгөө талдаа нийгэмд улсын төсвөөс халамжид зарцуулж байгаа төсвийн зардлын 30 хувийг амьдралын боломжтой атал ямар нэгэн байдлаар халамж авах гэсэн хүмүүс эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгийг авахын тулд зориудаар үйлдэл хийж байгаа тохиолдлууд илэрч байна. Үүнийг манай яам судалж үзээд бодлогодоо тусган ажиллаж байна. Тийм учраас Ж.Баясгалан гишүүний гаргаж байгаа бодлогууд зарим талдаа халамжийг хавтгайруулж байна.

Монголын төр хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ харж хандахгүй, хайхрамжгүй хандаагүй. Дөрвөн жилийн өмнө 80 орчим тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжид зарцуулдаг байсан бол одоо 600 тэрбум болсон.

Ийм учраас бид Халамжийн тухай хууль өргөн барьсан. Энэ хуулиараа иргэн хэдэн хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг тогтоодог ICF үнэлгээг нэвтрүүлнэ. Ингэхгүй бол цоо эрүүл шахуу, 10 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүн 90 хувиа алдсан иргэнтэй адилхан тэтгэмж авах ёсгүй шүү дээ.

Улсын төсөв хэлэлцэж байгаа тодотголын үеэр зарим боломжгүй зардлыг оруулж ирэн зохиомлоор халамжийг хавтгайруулж байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөвт санал өгөх эрхтэй. Үүнийг санал хураагаад шийднэ. Яамны зүгээс Халамжийн тухай хуулийг өргөн барьсан. Одоо цэгцлэх асуудлыг хэлэлцээд явж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна