Монголын рок попын домог болсон “Чингис хаан” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд хийснээс хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 16-ны хагас сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олныхоо сонорыг мялаах гэж байна.
Энэхүү тоглолтын хүрээнд “Чингис хаан” хамтлаг XX зуунд зохиогдож, олны зүрхэнд хоногшсон дуугаа дахин эгшиглүүлэх гэнэ.
Тус хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан юм. “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд, мөн МУАЖ А.Долгор, МУГЖ С.Амармандах, МУГЖ Д.Отгонжаргал нартай хамтран “Эх орон”, Х.Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхавгасүрэн нартай хамтран “Дөрвөн цаг” гэх мэт дуунуудыг үзэгчдийн сэтгэлд хоногшуулжээ.
Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа аж. Зохион байгуулалтын хувьд тоглолтын өдөр үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулж, 17:30 цагаас урилгаар ирсэн уран бүтээлчдийн дуугаар эхэлж, улмаар “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэжлэн шөнийн 12:00 цагт өндөрлөх юм байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН: XX зууны дуунууд XXI зуунд хэрхэн эгшиглэх нь сонин
Тоглолтын хэвлэлийн бага хурдын үеэр МУАЖ Д.Жаргалсайхан “Энэ сарын 16-нд “Чингис хаан” хамтлагийн “XXI зуун” тоглолт болох гэж байна. Та бүхэнтэйгээ тэр оройг хамтдаа дуу хөгжмийн баяр болгон тэмдэглэхийг хүсэж байна. Тоглолтод маань Монголын рок попын үе, үеийн авьяслаг залуучууд маань ая дуугаа өргөнө. Бид XX, XXI гэсэн хоёр зууныг дамнан амьдарч, сурч хөгжиж байгаа үнэхээр азтай үеийнхэн. Хамтлагийн маань ХХ зуунд зохиогдож дуулагдсан дуу XXI зуунд хэрхэн эгшиглэх нь хүмүүст сонин байгаа болов уу.. Тиймээс та бүхнийгээ энэ сарын 16-нд Төв цэнгэлдэхэд урьж байна” хэмээв.
Тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С.Наран, дуучин Наагий болон Хар сарнай, Никитон, Guys, Киви зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид, хамтлагууд ирж, ая дуугаа өргөх аж.
Тоглолтын тасалбар 9 дүгээр сарын 11 хүртэл 39,000 төгрөгөөр борлогдох ба үүнээс хойш 59,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдах юм байна.
Монгол Улсын АЖ Д. Жаргалсайхны авч байсан гавьяа шагналаас дурьдвал
-1997 онд Пентатоникийн дээд шагнал болох “Монголын Рок урлагийн шилдэг дуучин”
-1998 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” шагнал
-2000 онд Олимпын хорооны дээд шагнал “Алтан очир” шагнал
-2005 онд Hi-Fi records-ийн “Алтан цомог” шагнал
-2007 онд “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь”, “Харийн нутагт давчдаад байна” зэрэг дуунуудыг нь үнэт бүтээл хэмээн үзэж “Монголын алтан дуу” шагнал
-2018 онд “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал”
-2021 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол тэмдгээр тус, тус шагнагдаж байсан дундрашгүй сод авьяастан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.120
урлагийн
Хариулах