“Кью Эс Си” ХХК Уул Уурхай, металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр 2010 оноос эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Анх Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулагч татахад Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг улсаас санал ирсэн. Ганцхан үндэсний хөрөнгө оруулагч компани байсан нь “Кью Эс Си” ХХК юм. Ингээд “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан байдаг.
Компани төслөө хэрэгжүүлээд 60 сая ам.доллар буюу 90 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд явж байтал тухайн үед хувьчлах компанийн жагсаалтад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг оруулчихсан байж. Үүнийг төр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үргэлжлүүлэн бүтээн байгуулалтыг хийе. Хувийн хэвшилд энэ ажлаа даатгаж үлдээгээд, Концессын гэрээний дагуу бүтээн байгуулалтуудыг хийлгүүлээд, 30 жилийн дараа төр өөртөө шилжүүлж авъя” гэсэн шийдвэрийг гаргаад, хувьчлахгүйгээр ажил үргэлжилжээ. Гэрээ байгуулахдаа гэрээний төлбөрт Дарханы төмөрлөгийн үйлдвэр улсад төлж байсан ногдол ашгийн 30 жилийнх нь төлбөрийг урьдчилаад төлүүлж авъя хэмээн шийдвэрлэжээ. Ингээд эхний 15 жилийн төлбөр болох 32 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” ХХК Концессын гэрээний төлбөр гэж Төрийн санд төлсөн байна.
Түүнээс хойш “Кью Эс Си” ХХК 30 орчим төсөл хэрэгжүүлжээ. Эдгээр төслүүдэд нийт 600-700 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна. Төслийн хүрээнд гангийн үйлдвэрлэлийг барьж байгуулах олон бүтээн байгуулалтын хүрээнд хоёр үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Нэгдүгээр үе шатанд, уул уурхайн олборлох хүчин чадлыг бий болгох, хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах, боловсруулалтын шатны үйлдвэрлэлийг хийж дуусгах, төмөрлөгийн үйлдвэрлэлийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн хэрэгжүүлсэн байна. Энэ шатны ажлуудыг хийхийн хажуугаар шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг Концессын гэрээнд тусгасанаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг давхар хэрэгжүүлж дуусгажээ. Үүнд, авто болон төмөр зам барих, цахилгаан татах зэрэг ажлыг хийв. Гангийн үйлдвэрлэлийн үе шатанд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний төрөл зүйлийг олшруулах зорилгоор бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд, ган бөмбөлгийн үйлдвэр, давтах аргын үйлдвэрийг евро стандартаар барьж байгуулжээ. Гангийн үйлдвэрлэлийн үе шатанд гангийн чанарыг сайжруулахаар шанаган зуухны үйлдвэрийг нэмж барьжээ. Мөн цахилгаан соронзон хуйлруулагч технологийг шинээр Монголд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг “Кью Эс Си” ХХК хийсэн байдаг.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Кью Эс Си” ХХК-тай байгуулсан Концессын гэрээгээ гэнэт цуцлах шийдвэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор баталсан байна. Тэгвэл "Кью Эс Си” ХХК уг шийдвэрийг эсэргүүцэж, Засгийн газрыг шүүхэд өгчээ.
Энэ талаар “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.
-Засгийн газар ямар шалтгааны улмаас “Кью Эс Си” ХХК-ийн Концессын гэрээг цуцалсан юм бэ?
-Манай компанийн барьж байгуулах гангийн үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжихгүй зогсонги байдалд орсон учраас бид цахилгаан эрчим хүчээр хийх гангийн үйлдвэрээ барих төлөвлөгөө цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон. Концессын гэрээнд бидний бүтээн байгуулалтын хажуугаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц зэрэг баригдаж, бид тэндээс цахилгаанаа авч хэрэглэнэ гэсэн тооцоололтой байсан. Гэвч тэдгээр төслүүд хэрэгжээгүй. Иймээс бид тоггүй болохоор цахилгаанаар ажиллах гангийн үйлдвэр барих боломжгүй болсон. Тиймээс, 2017 оноос эхлээд гангийн үйлдвэрийг барьж байгуулах төслөө өөр бага эрчим хүчний хэрэглээтэй технологиор хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж эхэлсэн. Үүн дээр мэргэжлийн байгууллага, яам, тамгын газруудтай хамтраад явж байсан. Гэтэл Ковид-19 цар тахал гарсан. Энэ үед ч бид ажлаа зогсоолгүй бага багаар явуулсаар л байсан. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ коксын эрчим хүчээр ажилладаг домен зуухны технологиор хийгдэх гангийн үйлдвэрлэлийн төслийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ингээд 2021 оны арванхоёрдугаар сард энэхүү ТЭЗҮ-ээ батлуулсан. Төртэйгээ хамтраад л явж байсан. Гэтэл 2022 оны дөрөвдүгээр сард гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК-ийг юу ч хийгээгүй байна гэх үндэслэлгүй шалтгаанаар Концессын гэрээг цуцалж гацааж зогсоосон. Ингээд л биднийг шууд л хашаанаас хөөгөөд гаргачихсан.
-Танай компанийн хийсэн ажил дээр ямар нэгэн аудитын шалгалт, үнэлгээ хийлгэсэн үү?
-Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дүгнэх, ямар шатанд ирсэн бэ, юу юу хийсэн бэ, юу юу хийгдээгүй байгаа вэ, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бэ, хийгдсэн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ, гэрээгээ зогсоохтой холбоотой ямар процесс явуулах вэ гэдэг ажлыг огт хийлгүй зүгээр л зогсоочихсон.
- “Кью Эс Си” ХХК хэзээ шүүхэд хандсан бэ?
-2022 оны тавдугаар сараас бид шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн процесс удаашралтай, одоог хүртэл үргэлжилсээр байна.
-Энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон байх аа?
-Дундуур нь 2022 оны арван хоёрдугаар сард Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсон. Ингээд бүтэн жил шүүх дээр явж байсан процесс цаг алдсан ажил болоод 2023 оны дөрөвдүгээр сард шинэ хуулийн дагуу процессийг дахин эхлүүлээд явж байна. Энэ нь цаг хугацаа алдсан ажил л болоод байна.
-Цахилгаан станц барьж байгуулаагүйгээс болоод үйлдвэр барих технологи өөрчлөгдөж, цаг хугацаа зарцуулсан процесс өрнөсөн байна шүү дээ. Энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага, яам тамгын газруудад хандахаар юу гэсэн хариулт өгч байв?
- Манай төсөлтэй зэрэгцээд Концессын зүйлсийн жагсаалтад орсон байсан эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгжээд явах төсөөлөлтэй байсан. Тэр баригдсан бол зөвхөн дамжуулах сүлжээ буюу хэрэглэгч болохын тулд үйлдвэрээ цахилгаанд холбох ажлууд хийгдээд явах ёстой байсан. Үүн дээр нэлээд цаг хугацаа алдсан. Бид өөрсдөө ч цахилгаан станц баръя, эсвэл эрчим хүчний төслүүдэд давхар оролцоод явах санаачлагууд явж л байсан. Гэтэл төрийн зүгээс л тэрхүү ажлууд дээр шийдэл нь төвлөрөөд үлдсэн. Сүүлдээ энэхүү ажил хэрэгжих үгүй нь тодорхойгүй гацсан. Цахилгаан эрчим хүчний төслүүдийг явуулахад бидний хувьд энэ төслөөс гадуур хийгээд явах боломжтой олон санаачилгууд байсан. Тэр төслүүд бүгд зогссон. Гангийн үйлдвэрийн төсөл явагдахад эрчим хүчний хангалттай эх үүсгэвэр байхгүй гэдэг хариулт л өгдөг. Удахгүй ажил эхэлнэ, явагдана л гэж яригддаг. Явагдах гэж байгаад л зогсчихно. Жишээ нь, Багануурын цахилгаан станцын ажил эхлэх гэж байна гээд гадаадын нэг компани орж ирсэн. Буцаагаад л зогсчих шиг боллоо. Тавдугаар цахилгаан станцыг барих гэж байна л гэсэн. Байршлыг нь солихоор боллоо гээд л зогссон. Хэнтийд Чандганы цахилгаан станц барина гэсэн. Бас л зогссон. Тавантолгойн цахилгаан станц баригдана гэсэн бас л чимээгүй болсон. Бид цахилгааны эрчим хүчээр ажиллах гангийн үйлдвэр барих шийдвэрээ өөрчлөх хүртэл маш олон удаа эдгээр төслүүд явна, явахгүй болж олон өөрчлөгдсөөр бүгд гацсан. Ингээд коксын эрчим хүчээр ажиллах үйлдвэр баръя гэдэг шийдвэр гаргасан.
-Үүнд нэг асуудал байгаа нь төр өөрөө ч дэд бүтцийн төслүүдээ явуулахгүй цаг хугацаа алдсан байна шүү дээ. Концессын гэрээнд төр өөрийн зүгээс хийх ёстой ажлаа хийгээгүй бол ямар үүрэг хүлээх байв. Зөвхөн та бүхэнд хариуцлага үүрүүлээд, гэрээг цуцалж байгаа нь нэг талыг барьсан шийдвэр юм шиг харагдаад байна л даа?
-Тийм. Уг нь төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааны үндсэн дээр байгуулагдсан гэрээ. Тиймээс хамтдаа түншлээд явах ёстой. Энэ түншлэлийн гол цөм нь улсын төсөв дээр ачаалал болоод байсан улсын үйлдвэрийг улсад ямар нэгэн ачаалал үүсгэхгүй, түүний бүх хөрөнгө оруулалтыг олж босгох ажил, зах зээлийн эрсдэл гээд маш олон зүйлийг хувийн хэвшлийн компани үүрээд явчихаж байгаа юм. Ийм үйлдвэртэй болно гэдэг нь өөрөө улсын бодлого. Улсын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшил бүх эрсдэл, ачааллыг үүрээд үйлдвэр бий болгоод өгье гэдэг ийм түншлэлийн харилцаа. Хэцүү зүйл нь өнөөдрийн манай төрийн залгамж шинж чанар нь болохгүй, алдаа их байна. Залгамж шинж чанаргүй байгаа учраас үүнээс үүссэн томоохон эрсдэлүүд нь улс орны хэмжээнд бүтээн байгуулалт явуулж байгаа ажилд нөлөөлж байна. Монголын эдийн засагт хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд хамгийн гол зүйл нь төр засгийн тогтвортой байдал гэж олон хүн дүгнэж байгаа. Саяхан болсон эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын ганц ярьж байгаа зүйл нь энэ л байлаа. Ийм төрлийн уулзалтууд дээр энэ л асуудлыг хөнддөг. Манай улсад хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, орчин л хэрэгтэй байна.
-Гэрээг цуцлахаас өмнө гангийн үйлдвэрлэл явагдаж байсан шүү дээ. Ашиг олж чадаж байсан уу?
-Одоогийн үйлдвэр маань хаягдал төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэт хуучирсан технологитой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг нь зах зээлийн үнээсээ даваад гарчихдаг байсан тийм л үйлдвэр. Бид энэ үйлдвэрийг цаашлаад ажилчдыг нь дараачийн шинэ гангийн үйлдвэрт бэлтгэх зорилгоор огт зогсоогоогүй. Алдагдалтай байсан ч ажиллуулсаар л байсан.Энэ шинэ үйлдвэр бүрэн ашиглалтад ороод дуусвал нийт 1900 гаруй шинэ ажлын байр бий болно. Жилдээ 350 мянган тн ган бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болчихно. Тэр хэмжээний гадагш урсдаг байсан валютын урсгалыг дотооддоо үлдээнэ. 2021 онд ТЭЗҮ-ээ гаргасан. Маш олон хүндрэлтэй зүйлүүдийг туулж л түүнийг баталж гаргасан. Гэтэл үүнийг үнэлж үзэлгүй, мэргэжлийн байдлаар хандалгүй, асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлохгүйгээр та нар үйлдвэр бариагүй байна гээд үйл ажиллагааг таслан зогсоосон нь үнэхээр бүдүүлэг үйлдэл.
-Шүүх хурал удаашралтай байна гэсэн. Шүүхээс ямар нэгэн байдлаар танай компанийн хийсэн ажлыг үнэлэх аудит шалгалтын баг гаргасан уу?
-Бидний хүсээд байгаа зүйл л наадах чинь. Концессын гэрээг цуцална гэдэг шийдвэр гаргах нь нэг хэрэг. Бидний хувьд яагаад гэрээг цуцлах болов, шалтгаанаа тодорхойлъё гэж нэгдүгээрт шүүхэд хандсан. Төр хувийн хэвшлийн түншлэлээс хувийн хэвшлийг гаргая, төр өөрөө хийе гэдэг шийдвэрийг төр гаргаж болно. болохгүй зүйл байхгүй. Хоёрдугаарт, хэрэв тийм шийдвэр төр гаргасан бол өмнө нь ажиллаж байсан компанитай төр тооцоо нийлэх хэрэгтэй. Бидний хийсэн хөрөнгө оруулалт, тооцоолол төрийн зүгээс харж байгаа тооцооллыг нэг болгох ёстой. Бидний хийсэн ажлууд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлүүд олон бий. Тэгтэл манай компанийг улсыг хохироочихлоо гэж хэвлэлээр зарлаад байдаг. Тэгэхээр хөндлөнгийн болон мэргэжлийн аудит, үнэлгээний газрыг энэ төсөл рүү оруулаад, мэргэжлийн шалгалт хийлгүүлье. Үнэхээр бид улсыг хохироосон байна уу, бүтээн байгуулалт хийж байна уу гэдэг зүйлийг хоёр талаасаа шалгуулаад, тайлбараа гаргаад, хоёр талаасаа ярилцмаар байна. Түүн дээрээсээ энэ ажлыг үргэлжлүүье, эсвэл ингээд дуусгая гэдэг зүйлийг гаргаж ирмээр байгаа юм. манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар засаг төртэйгээ шүүхдэлцээд, асуудал үүсгээд байх сонирхол алга. Улс орныг хохироосон уу, үгүй юү гэдгээ мэргэжлийн байгууллагаар дүгнүүлж, бид ч бас нэрээ цэвэрлэж авах ийм л асуудлыг бид ярьж байгаа юм.
- Одоо цаашид яах ёстой гэж бодож байна вэ, шийдэл гарц байна уу
Шийдэл гарц бол хэзээд байдаг. Шийдлээ олохын тулд түншлэлийн харилцааны гэрээгээр явж байсан хоёр тал хоорондоо уулзах ёстой. Асуудлыг бодитойгоор мэргэжлийн үүднээс салбарын байгууллагуудтай ажил хэрэгчээр дүгнэж хэлэлцэх ёстой. Ингэж бид нар асуудлаа эвийн журмаар шийдвэрлээд явах гарц гаргалгааг гаргах нь чухал байна. Энэ нь хэрэв шийдэл хүрч чадахгүй бол бидний зүгээс энэ асуудалд олон улсын хөндлөнгийн мэрэгжлийн байгууллага оролцуулах боломжтой гэж харж байгаа. Ингэж төр засаг маань гаргасан шийдвэрээ эцэслэн дүгнэж дуусгах ажлыг хэрэгжүүлж хиймээр байгаа юм. Ингэж гэмээ нь Монгол Улсад бий болох Гангийн үйлдвэрийн төсөл бидэнтэй ч байна уу, үгүй юу дараагийн шатандаа хурдан шилжээд зогсолтгүй хурдан үргэлжлээд явах ёстой юм.
- Бид цаг хугацаа алдсанаараа юу алдаж байна вэ?
Ач холбогдол талаасаа маш өргөн агуулгатай юм шүү. Томоохон гол зүйлийг дурдвал шинээр бий болох 1900 ажлын байр, гаднаас импортод төлж байгаа 250 сая ам.долларыг валютын урсгалыг зогсоох боломж. Энэ хэмжээний үнэ цэнийг дотооддоо үлдээж буй үнэ цэн Монголдоо үлдэх юм. Товчхондоо ийм. Ийм бүтээн байгуулалтыг Монголдоо Монголчууд өөрсдөө хийж бүтээхээр л зорьж байгаа төсөл юм даа.
- Баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.202
гангийн үйлдвэр барина гээд 10 жил болсон ч бариагүй, Төмөртэйн ордоос төмрийн хүдэр ачаад урагш гаргаж цөм ашиг хийдэг ийм луйварчдаас төр үйлдвэрээ авах ёстой. Эдгээр луйварчдаар ХБ-аас авсан зээлийг нь төлүүлж, хүдрийн орлогыг нь улс хурааж, удирдлагыг нь шоронд хийх ёстой.
Хариулах139.5.219.75
Битгий балайраад бай
Хариулах202.126.88.77
Bidend uildveruud heregtei
Хариулах