Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын тавдугаар багийн малчин Т нь “Унаганы гатлага” гэдэг газар адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон. Түүний унаж явсан морь нь есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 20-ны өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг явуулсан байна.
Эрлийн багийнхан Шар говь гэх газраас Хулангийн гатлага хүртэл 12 км-т Ховд голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрлийг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 12-20-ны өдрийг дуустал нийт есөн өдөр зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрлийг зогсоосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна