Косовогийн хойд хэсэгт байх Баньска тосгоны сүмд Косовогийн цагдаа нар үндэстний цөөнх болох сербүүдтэй буудалцсан хэрэг өчигдөр гарчээ. Энэ хэрэг таарамж муутай байсан Серб, Косовогийн харилцааг дахин хурцатгасан байна. Косово улс хэрэг явдлын дараа Сербийг “Зэвсэгт бүлэглэлийг дэмжсэн” гэж буруутгасан бол Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Болж байгаа үйл явдлын хариуцлагын дийлэнх нь Косовогийн эрх баригчдад хамаатай” гэжээ.
Косово улс АНУ-ын шууд дэмжлэгтэйгээр 2008 онд тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ Серб болон Сербийн гол холбоотон болох БНХАУ, ОХУ одоо ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Сербүүдийн дунд Косовог өөрсдийнх гэж үздэг хэсэг одоо ч байгаа бөгөөд энэ нь хоёр улын харилцааны гол хүндрэл хэвээр байгаа юм.
Косовогийн 1.8 сая хүн амын 92 хувийг албани, зургаахан хувийг сербүүд эзэлдэг ч энэ үзэл хэвээр бөгөөд сүүлийн жилүүдэд Косовогийн Цагдаагийн байгууллага сербүүдийг хатуу чанд мөрдөж мөшгих болсноор харилцаа нь хүйтрээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна