“Turkish Airlines”-ын онгоц Токиогийн төвөөр нисэж, Японыг түгшээжээ

Х.Батсайхан
2023/10/06

Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” авиа компанийн онгоц Токиогийн Ханэда Олон улсын нисэх буудлаас хөөрснийхөө дараа тодорхойгүй шалтгаанаар замаасаа гарч, хотын яг төв дээгүүр ниссэн түгшүүртэй үйл явдал өнгөрсөн сарын 22-нд болжээ. Болсон явдалтай холбогдуулан Японы талаар Туркийн иргэний агаарын тээврийг зохицуулдаг төрийн байгууллага болон онгоцыг эзэмшигч “Turkish Airlines” компанид хандаж, дахиж ийм тохиолдол гаргуулахгүйн тулд болсон явдлыг мөрдөн шалгах хүсэлт тавьсан байна. “Эн Эйч Кей” агентлаг энэ талаар мэдээллээ.


Уг онгоц өнгөрсөн сарын 22-ны орой 22.30 цагт Токиогоос Станбулын чиглэлд хөөрөх үедээ дээрх хачирхалтай үйлдлийг гаргажээ. Тодруулбал, буудлаас хөөрсөн даруй зүүн тийш эргэж, Токиогийн булангийн эргийг эмжиж нисэх ёстой байтал шууд хотын төв рүү, тэр дундаа Токиогийн цамхаг руу чиглэсэн юм байна. Нислэгийг удирдах төвөөс тухайн үед яаралтайгаа буцаж замдаа орохыг шаардсаны дараа чиглэлээ зугуухан өөрчилж, замдаа буцаж оржээ. Онгоц энэ хооронд Токиогийн бараг төвд хүрч байж сая эргэсэн аж.

 
“Turkish Airlines” авиакомпанийн гаргасан тайлбараар бол, тухайн үед нисгэгч нь гар удирдлагаас автомат удирдлага руу шилжүүлж чадаагүйгээс дээрх алдаа гарсан гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.100
    2023/10/08

    Тийм муу нисэгчтэй, тэр олон хүний амь насыг даатгаж явуулсан гэж үү. Үгүй бол техникийн бүрэн бус байдалтай гэсэн үг юм уу

    Хариулах