В.Путин "Нэг бүс-Нэг зам" чуулганы нээлтээр ОХУ-МОНГОЛ-БНХАУ олон улсын тээврийн гарцыг онцолжээ

Х.Батсайхан
2023/10/19

Манай улсын олон жилийн өмнөөс зорьж зүтгэсэн ОХУ-БНХАУ-ыг холбосон тээврийн гүүр болох хүсэл биелэхэд ойртсон бололтой. БНХАУ-д энэ сарын 17, 18-нд болсон "Бүс ба зам" /Belt and road initiative/ чуулганы нээлтэд хэлсэн үгдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлыг онцлон дурьджээ. Тэрбээр чуулганы эхний өдөр ажил хэргийн зургаан уулзалтад оролцсон бол хоёр дахь өдөр "Бүс ба зам" санаачилгын III чуулганы нээлтэд л оролцоод үлдсэн хугацааг Ши Жиньпинтэй уулзахад зарцуулсан байна. Ши Жиньпинтэй тэрээр олон асуудал ярилцсаны дотор Украины дайны явц ч багтаж байсан. Бээжинд тохиролцсоны дагуу ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян нар удахгүй Бишкект уулзаж, 2030 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэдгийг хоёр удирдагч "Дяоютай" цогцолборт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.    

ОХУ чухал гэдгийг онцолж, төсөв хөрөнгө зарцуулахаа мэдэгдсэн Монголд хэрэгжүүлэх төслүүд

Монголд хэрэгжүүлэх төсөр замын төсөл, эдийн засгийн хонгил байгуулах тухайд, ОХУ одоогоос жилийн өмнө "Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор" ирэх жилүүдэд хилийн чанадад 30.8 тэрбум ам.долларыг төмөр зам, боомттой холбоотой төслүүдэд оруулахаар болсон тухайгаа олон нийтэд зарлаж байсан. Энэхүү төслүүдээс хамгийн чухал нь ОХУ-МОНГОЛ-БНХАУ олон улсын тээврийн гарц /Коридор/ байгуулах явдал хэмээн “Ведомости” сонин тухайн үед онцолж байв. 

"Ведомости"-ийн мэдээлснээр, ОХУ ойрын жилүүдэд өөрийн улсаас гадна гурван улсад хөрөнгө оруулахаар болсны нэгэнд Монгол Улс багтсан. Тодруулбал, Казахстан, Монгол, БНХАУ-д төмөр зам, боомтын хөгжүүлэлт чиглэлээр хөрөнгө оруулах бөгөөд гол зорилго нь БНХАУ-тай аль болох олон сувгаар холбогдох явдал гэсэн байв.  

ОХУ өөрийн нутаг дэвсгэрт хилийн хоёр шинэ боомт нээж, 369 км зам шинээр барих бол Казахстан, Монгол, ОХУ-ын нутагт нийтдээ 3 000 км зам барих долоон төсөлд хөрөнгө оруулах асуудал яригдаж байна. “Ведомости”-д мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, мэдээллийн эхэнд дурдсанчлан, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн төслүүдийн хамгийн том нь ОХУ-МОНГОЛ-БНХАУ олон улсын тээврийн гарц /Коридор/ аж.

"Ведомости" сонинд гарсан мэдээлэлд дээрхээс гадна Эрээнцав-Соловьёвка боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах агуулга мөн багтсан байсан. Эрээнцав боомт нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутгаар ОХУ-тай хил залгаа Олон улсын зорчигч, ачаа тээврийн болон 2 талын шинжтэй төмөр замын зориулалт бүхий байнгын ажиллагаатай боомт юм. Ерөнхийлөгч нь олон улсын хуралд дээр онцолсон явдал Монгол дахь бүтээн байгуулалтууд эрчимжиж, эдийн засгийн хонгил байгуулах ажил хурдсах найдлага төрүүлж байна. 


    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.