Б.Батзориг: Олимпын аварга төрүүлье гэвэл өсвөрийн дэлхийн аваргатай болохыг зорих ёстой

Х.Батсайхан
2023/10/24

Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны лигийн тэмцээнийг өсвөр, залуу тамирчдын дунд зохион байгуулсан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батзоригтой ярилцлаа. Өнгөрсөн жил Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан свөрийн лиг энэ жил хүрээгээ орон нутаг руу тэлээд байгаа юм. 

-Чөлөөт бөхийн спорт лигийн тэмцээнтэй болсонд спорт сонирхогчид баяртай байгаа. Хоёулаа Лигийн тэмцээнтэй болъё гэдэг санаа анх хэзээ төрсөн гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Чөлөөт бөхийн спорт Монгол Улсад 1961 оноос хөгжсөн байдаг юм. Эхэн үедээ амжилт өндөр байж олимп, дэлхийн АШТ-ий анхны медалиудыг авчирсан. Гэсэн ч 1980 оноос хойш олимпоос медаль аваагүй, 1975 оноос хойш дэлхийн аварга төрөөгүй. Медаль аваад байдаг, аварга төрдөггүй.

Би өөрөө тамирчин байж байгаад дасгалжуулагч болсон хүн. ДАШТ-д долоо, олимпод нэг удаа орсон. Жингийнхээ шилдгүүдтэй боломжийн өрсөлддөг байсан ч том тэмцээн дээр нэг л болж өгдөггүй. Тэгээд дасгалжуулагч болсныхоо дараа учир нь юунд байдаг юм бол гэж их бодсон л доо. Эцэст нь “Өсвөр, залуу тамирчдаа дэлхийн түвшинд бэлтгэх ёстой юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Ингэж дүгнэх болсон шалтгаан нь юу байв?

-Монголын эрэгтэй чөлөөт бөхөд 2012 оноос хойш залуучуудын дэлхийн аварга төрөөгүй. 1993 оноос хойш өсвөрийн дэлхийн аварга байхгүй. О.Эрдэнэцогт гэдэг ах авч байсан, түүхэндээ өсвөрийн ганцхан дэлхийн аваргатай, манайх. Гэтэл сүүлийн гурван олимпын аваргуудыг судлаад үзэхэд өсвөр, үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насанд тогтмол өндөр амжилт гаргаж ирсэн бөхчүүд байдаг. Эндээс л тогтолцоо буруу явж байгаа юм байна гэдэг эхний бодол, дүгнэлт гарч байгаа юм л даа.

Ер нь жүдо, бокс ч ялгаагүй, өсвөрийн дэлхийн аварга байхгүй. Энэ чинь л олимпод очоод бат түрүүлнэ, медаль авна гэж найдах тамирчин гарч ирэхгүй байх шалтгаан болоод байгаа юм. Тэгээд лигийн тэмцэний талаар бодож эхэлсэн. 2017 оноос хойш бөхийн хүрээнийхэнтэйгээ ихэнхтэй нь л уулзаж ярилцсан даа. Зарим нь гоё санаа хэлнэ, тэрийг нь тэмдэглэж авна аа.


Хамгийн сүүлд Токиогийн олимпоос төрсөн зургаан аваргын тав нь өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын аварга гэсэн замналтай. Өөрөөр хэлбэл олимпын аварга бол өсвөр үедээ л аварга байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө талаас, өсвөрийн дэлхийн аваргад амжилт гаргаагүй бөх цаашдаа олимпын аварга болох магадлал маш бага гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр бидний хийсэн эхний дүгнэлтийг Токиогийн олимп бүрэн баталсан нь ажлаа шуурхайлах том хүчин зүйл болсон. Харин хэрэгжүүлэх тал дээр бид АНУ-ын NCAA буюу их, дээд сургуулийн чөлөөт бөхийн лигийн загварыг судалсан. Тэнд яадаг вэ гэхээр, хүүхдүүд үндсэндээ 15-22 насандаа л тамирчин хүний туулах ёстой замналыг туулдаг.

-Америк бөхчүүд NCAA-д байх хугацаандаа л маш өндөр түвшинд хүрчихдэг, чөлөөтийн шигшээд багтаж, олимп, дэлхийд барилдахгүй байлаа ч холимог тулаан, бусад төрлүүдээр өндөр амжилт гаргах хэмжээнд бэлтгэгдсэн байдаг шүү дээ?

-Токиогийн олимпын аварга Гэйбл Стивенсон гэж залуу бүр бага, 5, 6 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн байгаа юм. Тэгээд өсвөрийн дэлхийн аваргад хоёр, залуучуудын ДАШТ-д нэг түрүүлсэн. Насанд хүрэгчдийн ДАШТ-д орж үзээгүй залуу Токиогийн олимпод очоод түрүүлж байгаа байхгүй юу. Энэ залуу өөр яасан бэ гэхээр, Highschool, NCAA буюу дунд сургууль, коллеж, их сургуулийн түвшинд маш олон удаа түрүүлсэн.

NCAA систем буюу байнгын тэмцээнтэй байх тогтолцоо нь бөхчүүдийг сайжруулдаг юм байна, эндээс гарч ирсэн бөх шууд олимп, дэлхийд түрүүлэх хэмжээнд очдог юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

АНУ-д есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд л тэмцээн нь хамт эхэлж, гуравдугаар сар хүртэл долоо хоног болгонд сургууль, клубуудын уулзалт, халз барилдаанууд үргэлжлээд явчихдаг. Японд бас яг адилхан. Тэгэхээр ингэж их барилдаад, туршлагажсан хүүхдүүдтэй манай хүүхдүүд өрсөлдөх боломж маш бага.

Манайхан бол есдүгээр сард хичээл нь эхэлж, хичээл ном гэж явсаар байгаад дараа жилийнх нь гуравдугаар сард үлгэн салган улсын аваргадаа ороод, тэнд түрүүлсэн нь шууд тив, дэлхийд очиж барилддаг. Гэтэл гадныхан өвлийн зургаан сар тасралтгүй бэлтгэлтэй, энэ хоорондоо алдаж, оночихсон хүүхдүүд байгаа учраас ялах боломж маш бага.

-Тэгээд өсвөртөө амжилт гаргаагүй болохоор залуучууддаа ч гавихгүй, насанд хүрэгчдийн түвшинд очихоороо олимпын аварга боломж магадлал ч муу байдаг байх нь?

-Үндсэндээ гаднын хүүхдүүдийн 15-18 насандаа туулдаг тэр амьдралд манай хүүхдүүд 20-22 насандаа дөнгөж хүрч очиж байгаа юм.

-Тэмцээний нягтралын хувьд, тийм үү?

-Яах вэ, шигшээ багт ороод, цалинтай болоод, тэмцээний зардлын ачаалал буураад гэх мэтээр хөнгөрдөг гэсэн үг. Бас учир зүггүй олон тэмцээнд орж чадахгүй шүү дээ. Гэсэн ч манай монгол хүүхдүүдийн потенциал бол аймаар байгаа байхгүй юу.

Шигшээ багт бэлтгэл хийж, гадны хэдэн тэмцээнд орж, том цугларалтад гарч үзээд ирэхэд л дөрвөн жилийн дотор шууд амжилт гаргаад эхэлчихэж байгаа юм. Манай Т.Тулга, М.Лхагвагэрэл гээд сүүлд ДАШТ-ээс медаль авсан залуучууд яг энэ жишгээр явсан. 18-тайдаа шигшээ багт ирээд 4-5 жил бэлтгэл хийхэд яалт ч үгүй ДАШТ-ээс медаль авч байна.

-Тэгэхээр, одоогийн нөхцөлд ийм байгаа юм чинь өсвөр, залуучууддаа сайн бэлтгэчихвэл амжилт бүр өсөх нь ээ?

-Бидний лигийн тэмцээн зохион байгуулж байгаа зорилго яг энэ. Өсвөр тамирчдаа долоо хоног болгонд тэмцээнтэй, зорилготой байлгая, өвөлжингөө алдаг оног бэлтгэл хийгээд байх биш, долоо хоног болгон тэмцээнд ороод, өрсөлдөгчөө судлаад толгойгоо ажиллуулж байх нөхцлийг үүсгэе гэж зорьсон. Тэгсэн байхад хүүхэд өөрөө хөгжөөд ирдэг. Намайг “Хангай” клубт чөлөөт бөхөөр хичээллэж эхэлж байхад Д.Оюунболд багш маань тэмцээнд маш их авч ордог байсан, тэр хэрээр бид хөгжиж, сайжирч байсан.

-Энэ жил лигийн тэмцээн илүү өргөн хүрээтэй зохиогдохоор болжээ. Хөдөө орон нутгийг хамруулж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бөхөд дуртай, бөхийг ойлгодог, спортод элэгтэй хүмүүсийн буянаар энэ жил өсвөрийн лигийн тэмцээнээ хөдөө орон нутагт явуулах боломж бүрдсэн. 21 аймгаа зургаан бүсэд хувааж, өрсөлдүүлнэ. Нийслэл мөн тусдаа аваргаа шалгаруулна. Нийслэлийн тэмцээн ирэх бямба гарагт эхлэх товтой байгаа.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна