Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ

Х.Батсайхан
2023/12/03

Японы нийслэл Токио хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга ангиллын тэмцээнээс Монголыын жүдочид нэг, мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Тайванийн Енг Мин Ченгийг, гуравдугаар тойрогт Израилийн М.Кокляевыг, хэсгийн аваргын төлөө Бразилийн Виллиан Лимаг ялж,  хагас шигшээд Францын Дайки Бубаг ялан алтан медалийн төлөө шалгарсан. Алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хифүми Абэд цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртэхээр болов.  

Энэ жинд барилдсан манай өөр нэг бөх ОУХМ Б.Эрхэмбаяр В хэсгийг тэргүүлэн барилдаж, Узбек, АНЭ, Испанийн бөхчүүдийг дараалан ялж шөвгийн дөрөвт үлдээд мөнгөн медалийн төлөөх барилдаанд эзэн орны Хифүми Абэ, хүрлийн төлөө Туркменистаны Хеким Агамамедовт ялагдаж, тавдугаар байрт оров.  

Түүнчлэн, 100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Нидерландын Майкл Коррелтой барилдаж ялагдан тавдугаарт оржээ. 

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Л.Сосорбарам Испани, Португалын бөхийг ялж, Икраилийн бөхөд ялагдаж, торгуулийн тойрогт АНЭ-ын нэрийн өмнөөс барилддаг Б.Хорлоодойг, хүрэл медалийн төлөө Унгарын Река Пуппыг ялж, манай тамирчдын хоёр дахь медалийг хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна