2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.
Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ "булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.
Гоё гарсан зургаараа “Аймагт А.Адъяасүрэн ирлээ” гэх бичигтэй плакат хийлгэн тарааж хүн цуглуулаад, нэгэнт цугласан хойно нь “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шууд дэмжлэгт байгаа хүн” гэдэг ойлголт төрүүлэн сурталчилсаар УИХ-ын гишүүн болсон хүн бол А.Адъяасүрэн. Анхны чуулган дээр ч УИХ-д хамт суух гишүүд, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улс төрийн замналынх нь талаар бус цэвэрхэн төрсөн царайных нь тухай уралдан бичиж байсан нь үнэн юм.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, 42.12 хувийн саналаар гуравдугаарт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон. Шийдвэрлэх өрсөлдөөнийг тухайн үед Гадаад харилцааны дэд сайдаар дөрвөн жил ажиллачихаад байсан Б.Батцэцэгтэй өрнүүлж, 286 санал илүү авчээ.
А.Адъяасүрэнг улс төрд хөтөлж оруулсан хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Жолооны курс, нүүрс тээврийн компани удирддаг эмэгтэй яаж яваад Ерөнхийлөгчид зөвлөсөн нь маш ойлгомжгүй. Гэсэн ч А.Адъяасүрэн зөвлөсөн. Зөвлөөд зогсохгүй, түүний шууд дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болж, улмаар 2020 оны сонгуульд өрсөлдсөн. Өрсөлдөөд зогсолгүй ялсан.
А.Адъяасүрэнгийн улстөрчийн амьдралд гурван удаа эргэлт гарсан. Эхнийх нь, "Женко" Х.Баттулгатай танилцсан, хоёр дахь нь Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй болсон, гурав дахь нь Х.Баттулга шинээр эвлэлдсэн Ардчилсан намд нөлөөгөө бэхжүүлсэн эдгээр болно.
Хоёр, гурав дахь эргэлтийн хооронд, тодруулбал, 2021-2023 оны дунд үе хүртэл /У.Хүрэлсүх Сү.Батболдтой нийлснээс хойш АН-д нөлөөгөө бэхжүүлэх хүртэлх/ хоёр жил А.Адъяасүрэнгийн хувьд хуулийн байгууллагад шалгуулж, хэцүүхэн өнгөрсөн.
Ер нь "Женко" хэмээх Х.Баттулга нэг хөлөө МАН, нөгөө хөлөө АН-д алцайж зогссоноос УИХ-д "үхмэл", тус, тусын намын бүлэгтээ ямар ч үүрэггүй болж хоцорсон гишүүд бий. Тэдний нэг нь А.Адъяасүрэн. Ямар сайндаа л 2020 онд гишүүн болсон хэр нь 2023 оны долдугаар сард "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Юуны өмнө ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-д орж ирснээсээ хойш хэвлэлд тэр дундаа сонинд анхныхаа ярилцлагаа өгч байна" гэж хэлж байх вэ.
Тэр нь Ардчилсан нам дахин нэгдэх үйл явцын эх, Х.Баттулга улс төрд үлдэх шинэ төлөвлөгөө боловсруулах үетэй яг таардаг. Ярилцлагынх нь гарчиг ч их л итгэлтэй, "А.Адъяасүрэн: Хүний нэр төрийг “захиалгаар” харлуулдаг шигээ сэргээж чаддаг байх ёстой" гэснээс үзэхүл, "Женко" Ардчилсан намын нэгдлээр дамжуулан дахин сэргэн мандах биш юм гэхэд, улс төрд үлдэх тохироо тэр үед хийгдэж байжээ гэж үзэж болохоор. Түүнээс хойш Ардчилсан нам дахь Х.Баттулгын нөлөө тасралтгүй өссөн. А.Адъяасүрэнгийн дуу ч цагаан хоолой аятай чангарсан юм.
Тэрбээр хэвлэлд ярилцлага өгч, эрх баригчид, эрх баригчдын санаачилсан зарим хуулийн төслийн талаар, ялангуяа Засгийн газраас санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн агуулгаар эрс хурц байр суурь илэрхийлэн олны анхааралд өртсөн. Гэхдээ цагаан хоолой дууг чангаар дамжуулдаг болохоос өөрөө дуу гаргадаггүй. Ард нь заавал хэн нэгэн байж дуу гаргадаг ёстой. А.Адъяасүрэнгийн хувьд тэр хүн нь мэдээж Х.Баттулга байсан.
Улстөрч, ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа хүн үзэл бодлоо эрс шийдмэг илэрхийлэх нь байдаг л үзэгдэл. Гэвч мэдлэг хомс хэрнээ геополитикоор жишээ авч ярихыг оролдсон нь хүмүүст “Уул шугамандаа эзэндээ үнэнч л боол юм даа” гэхээс илүүг илэрхийлж чадаагүй. Тэр тусмаа улстөрчийн өөрийнх нь чанар чансааны тухайд сайныг огт илэрхийлээгүй юм. А.Адъяасүрэн Х.Баттулгад үнэнч байх шалтгаанууд бий. Авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа нь эдгээр шалтгааны эхэнд биш юм гэхэд урдуур эрэмбэлэгдэх нь лавтай.
Тэрбээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан 2020 оны гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100,000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон. Өөрөө үүнийгээ үгүйсгэдэг ч олон эх сурвалж хэргийг үнэн гэж нотолдог.
Хамгийн сүүлд гэхэд, “НТВ” телевизэд “Сонсголоор нотлох баримтгүй юм ярьж болохгүй шүү дээ” гэж байгаад олон ноцтой зүйл ярьсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр яг тэр “Баримтгүй ярьж болдоггүй” сонсголын үеэр “Өөрөөс чинь авлига авсан нөхөр хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа сурагтай байсан. Та яахаараа энд зүгээр сууж байдаг хэрэг вэ” гэж асууснаас үзэхүл, ямар нэг юм байж таарах гээд байгаа. Улс төр бохир тоглоом гэдэг ортой нь ортой, гэхдээ оргүй хоосон гүтгүүлэх, Сонсгол дээр Хууль зүйн сайд баримт нотолгоотой ярих ондоо.
Гэсэн ч гишүүн өөрөө бол “Намайг УИХ-д нэр дэвшихээр болсон учраас л хуулийнхан хэрэг үүсгэсэн” гэж, энгийн иргэн байсан бол яах ч үгүй байсан мэтээр ярьсаар, мэтгэсээр байгаа. Яах вэ, түүнийг үнэхээр улс төрд орсон болохоор л хуулийнхан оролдсон ч байж магадгүй. Гэхдээ тийм бол тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихгүй орхиход л амар тайван амьдрах баймаар. Гэтэл дахин гишүүн болохоор зүтгэж байгаа нь хачин. Намын жагсаалтад бат бичигдэж, найдвартай УИХ-ын гишүүн болно гэгдсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж, цөөхөн саналаар ялагдсан. Гэсэн ч дэд гэсэн тодотгол олж авсан нь УИХ-ын гишүүнээр улирах сонирхол асар өндөр байгааг харуулсан.УИХ-ын гишүүн болсноосоо хойш лавтай 10 хууль өөрөө болон бусадтай хамтран санаачилж, гурван хуулийн ажлын хэсэгт орж ажиллажээ. Гэхдээ “Миний хийсэн хамгийн том ажил бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд орж, "Эрэгтэйчүүдийн чуулган хийе" гэж гуйн, зөвшөөрөл авч чадсан явдал юм” гэж өөрөө ярьдаг.
Хуулийн байгууллагад нээнтэгтэй, УИХ-ыг хоргодох байр болгож ашиглах сонирхолтой улстөрчид байдаг. Тийм улстөрчийн шинж төрхийг тод хадгалсан ийм нэг эмэгтэй УИХ-д баянхонгорчуудыг дөрвөн жил төлөөлж байна.
Мажоритар тойрогт нэр дэвшвэл өрсөлдөгчийнх нь аз болно. Гэхдээ түүн шиг хүмүүс тогтолцооны алдаан дээр тоглолт хийхийг үргэлж эрмэлздэг. 2020 онд жижиг мажоритар тогтолцооны гажиг болж УИХ-д орж ирсэн А.Адъяасүрэн 2024 онд пропорциональ тогтолцооны сул тал болоод УИХ-д орж ирэх боломжтой гэсэн үг. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний төлөө үхтлээ тэмцсэн, ялагдчихаад “Дэд” гэх сэтэр зүүж үлдсэн нь ийм хувилбар байж болохыг баталдаг.
Ер нь бол ирэх сонгуульд тойрогт ч бай, жагсаалтаар ч бай өрсөлдөх нь тодорхой. Гэхдээ, сонгож байгаа тойргийнх нь иргэдийн хувьд “Анхны хүүхэд алагтай цоогтой” гэдэг шиг эхний сонголт алдаа, оноотой байж болох ч хоёр дахь сонголт алдаатай байж болохгүй. Баянхонгорчууд ч тэнэг биш. Тойрог тоомссон учраас хэрвээ Х.Баттулгын зүгээс А.Адъяасүрэнг УИХ-ын гишүүнээр улираахаар шийдэж гэмээ нь, “Монгол ялна” үлгэрээ сонгогчдод их л чанга сонсгох хэрэгтэй болох болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.253
Зөв
Хариулах