Нэн ховордсон суматрын хирсийг клонын аргаар хувилахыг зорьж байна

Х.Батсайхан
2024/02/15

Малайз улсын нутагт амьдарч байсан сүүлийн хирс (Dicerorhinus sumatrensis) 2019 оны арваннэгдүгээр сард Калимантан аралд үхсэн байна. Иман хэмээх дуудлагатай уг хирс Малайз дахь суматрын хирсний сүүлчийн төлөөлөгч байжээ. Иман үхсэнээр тус улсад суматрын хирс бүрэн мөхөж сөнөсөн гэж хэлж болно. Тэгвэл эрдэмтэд нь энэ төрлийн хирсийг Иман болон үхсэн бусад хирсний генетикийн материалаас хувилан олшруулахаар ажиллаж байна.  

Тус улсын Исламын их сургуулийн эрдэмтдийн багийн хэрэгжүүлэх гэж буй уг төсөл үүдэл эсийг хувилах шинэ арга технологи дээр суурилж байгаа аж. “Энэ үйл явц нь үхсэн хирсний эс, генетикийн материалаас шинэ хирс гаргаж авахаараа клоны аргатай төстэй” гэж багийн ахлагч, төслийг санаачлагчдын нэг Мухаммад Локман ярьж байна.

М.Локманы хэлснээр, эрдэмтэд энэ төслийг хэрэгжүүлэхээр эртнээс бодож боловсруулсан бөгөөд Иманаас гадна өөр хоёр хирсний зүрх, тархи, элэг, бөөрнөөс үхэхээс нь өмнө биологийн дээж авч хадгалжээ. Эдгээр эсүүд одоо ч амьд хэвээр байгаа аж.

Төслийн багийнханд мөхөж сөнөсөн суматрын хирсийг дахин гаргаж авах хоёр арга зам бий. Эхнийх нь дээжээс эр, эм эс гаргаж авч үр тогтоогоод тээгч эхэд суулгаж төрүүлэх. Хоёр дахь нь шууд тээгч эхийн өндгөн эсийг суматрын хирсний эстэй нийлүүлж үр тогтоох. Эхнийх нь илүү ярвигтай ч цэвэр суматрын хирс гаргаж авна. Харин хоёр дахь арга нь илүү амар, өмнө нь туршигдаж байсан баталгаатай. 1996 онд алдарт Долли хонийг хувилахад энэ аргыг хэрэглэж байжээ.  

Суматрын хирс нь хирсийн төрөл дундаа хамгийн жижиг биетэй бөгөөд Азийн халуун бүсийн бүх нутагт амьдарч байсан ч өдгөө зөвхөн Индонезид 80 орчим тоо толгой үлдэж хоцроод байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна