НҮБ хэмээх бүтэц цаашид байх шаардлагатай юу

Х.Батсайхан
2024/02/22

Газад гал нэн даруй зогсоох тогтоол гаргах НҮБ-ын Аулгүйн зөвлөлийн оролдлогод АНУ хориг тавьснаар бүтэлгүйтсэн билээ. Ингэснээр Газын зурвасын дайн цаашид үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, НҮБ хүн төрөлхтөнд тулгарсан, шийдвэр зохих зарим чухал асуудлыг бие дааж шийдвэрлэх чадамжгүй гэдгээ Израиль Палестины асуудал дээр дахин нэг харууллаа. Үүнээс үүдээд "НҮБ гэдэг бүтэц ер нь цаашид байх шаардлагатай юу", "оршин тогтнох хугацаа нь дуусах дөхсөн юм биш үү" гэсэн асуулт гарч ирэв. Системийн зөрчилтэй холбоотойгоор байнга тавигдаж ирсэн энэ асуулт өдөр ирэх бүр чухал болсоор байна. 

Антониу Гутерриш ЕНБД-аар сонгогдсон 2016 он НҮБ-ын хувьд тодорхойгүй байдал тулчихсан, амаргүй цаг үе байлаа. Ливи, Лалын улс, залгаад “Арабын хавар”, Сири, Украины асуудл дэгдэж, сөргөлдөгч талууд Аюулгүйн зөвлөл дээрээ шийдлүүдийг харилцан таг гацааж, НҮБ чадамжгүйгээ, басхүү зарим нэг шийдпэл дээр АНУ-д талтай гэдгээ улам тод харуулж байсан үе. Ямартаа л тэрбээр уг албан тушаалд өрсөлдсөн ганц нэр дэвшигч байх вэ.  

-НҮБ ХЭМЭЭХ БҮТЭЦ ЦААШИД БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЮУ-

Уг нь сонгуулийн жил /2016 он/ гарав уу үгүй юу Бан Ги Муны залгамжлагч хэн байж болох тухай таамаг мэдээлэл олон улсын хэвлэлд гарч эхэлсэн. Тэрхүү мэдээллүүдээс харахад гишүүн орнууд эмэгтэй хүнийг дарга болгохоор санал нэгдсэн гэж харагдаж байсан ч эцэстээ Антониу Гуттерриш ганцаараа нэр дэвшиж сонгогдсон юм. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж (А.Гутерриш Португалийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан), НҮБ-д Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороог толгойлж үзсэн гэсэн үндэслэл гол жин дарсан байдаг. Дэлхийн улс төрийн байдалд дүрвэгсдийн асуудал чухал болж орсон нь түүнийг энэ албан тушаалд томилох гол үндэслэл болсон гэж ч бичиж байлаа. Өөрөөр хэлбэл “Дэлхийн дарга” болохдоо А.Гутерриш НҮБ-д 10 гаруй жил ажилласан туршлагатай,  байгууллагын бүтэц, ажлын үйл явц, олон улсын харилцааны талаар өргөн мэдлэг хуримтлуулсан байсан юм. 

Дарга болоод ирэхэд нь түүний өмнө байгууллагаа АНУ-ын хараат (санхүү болон бодлогын хувьд) байдлаас гаргах, АЗ-ийн шийдвэр гаргах механизмыг тодорхой болгох, гишүүн улс орнуудын эрх ашгийг илүү өндөр түвшинд хамгаалах, дээрх гурван зорилтыг хэрэгжүүлснээр байгууллагынхаа цаашдын ирээдүйг хадгалж үлдэх зорилго тулгараад байсан. Зургаан жилийн дараа эргээд харахад байдал яг хэвээрээ байна. НҮБ-ын бүтэц нүсэр, санхүүжилтийн ихэнхийг АНУ гаргадаг, АБЗ-ийн шийдвэр гаргах журам хуучнаараа. НҮБ ер нь байх шаардлагатай юу гэсэн эргэлзээ, яриа ч хэвээрээ байна. 

Нөхцөл байдал буруугаар эргэж, дайн дэгдэх магадлал өдөр ирэх бүр өссөөр байна. Энэ нөхцөл байдал ч НҮБ үүргээ биелүүлж, таслан зогсоох чадамжгүй гэдгийг харуулж байгаа юм. Дөайн дэгдэж, хүчний тэнцвэр өөрчлөгдвөл НҮБ ялсан талд нь үйлчлээд явахаасаа илүү татан буугдаж, А.Гутерриш энэ байгууллагын сүүлчийн дарга гэж бичигдэж үлдэх магадлал өндөр болж байна. Хүмүүнлэгийн асуудал гэх мэт асуудлыг зохицуулах чадамж байгаа ч хүмүүнлэгийн тусламж авахад хүртлээ доройтсон тэдгээр улсуудыг чадавхижуулах, цаад шалтгааныг нь олж засах ажил өнөөх л томчуудын ашиг сонмирхолтой тулдаг тул дорвитой ахиц гаргах үндэслэл үгүй болох юм.

А.Гутерришийн шийдэж бараагүй, НҮБ-ыг хүйчгүйдүүлж байгаа үндсэн асуудлуудыг дор жагсаав.         

НҮБ-ЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС    

Хүчин зүйл 1. Асуудлыг шийдвэрлэх чадамжгүйгээ харуулсан

Дэлхий нийт нэгэн үе НҮБ-ыг хамгийн хүчирхэг байгууллага гэж тооцон, ямар ч үл ойлголцол гарсан зохицуулах чадамжтай гэж боддог байлаа. Дорой буурай улс орны иргэд “Гаднын ямар нэг улс халдвал НҮБ болиулна” гэж итгэдэг байв. Гэвч тийм биш гэдгийг өнгөрсөн 10 жилд өрнөсөн үйл явдал харууллаа. Нөгөө л Сьерра Леон, Өмнөд Суданаас гадна зохицуулах өч, төчнөөн асуудал гарсан ч НҮБ оролцож чадсангүй. Ашиг сонирхлын бүлгүүд хүссэн улсаа байгуулаад, “энхийг сахиулагч” нэрийг нь зээлдэн ачир дээрээ цэргүүдээ байршуулдаг болжээ.

Хүчин зүйл 2. Бүтэц, зохион байгуулалт, зардлын эх үүсвэрээ тодорхой болгож чадсангүй

НҮБ-ын бүтэц өнгөрсөн 77 жилд хэрээсээ хэтэртэл томорчээ. НҮБ-ын зургаан үндсэн байгууллагын нэг Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт гэхэд л 5.5 мянган хүн ажиллаж, жилийн төсөв нь 5.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ их мөнгийг гишүүн орнуудын татвараар бүрдүүлэх ямар ч боломжгүй болсныг хэн ч анзаарсангүй. Хэтэрсэн зардлыг АНУ санхүүжүүлсэн эдүгээ шийдвэрт нөлөөлөх хэмжээний эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн байна. АНУ-ын эрх ашигт хүссэн ч хүсээгүй ч үйлчилдэг энэ сул талаа НҮБ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте “НҮБ-аас гараад БНХАУ болон бусад улсуудтай нийлж шинэ тогтолцоо бий болгоно” гэж мэдэгдсэн нь үүний тод жишээ. Өөрийнх нь халааг авах болсныг мэдээд Бан Ги Мун А.Гутерришт “НҮБ-д итгэх итгэлийг сэргээх”-ийг аминчлан захисан гэдэг. Үнэхээр ч энэ бол А.Гуттеришийн өмнө тавигдсан хамгийн хүнд даалгавар байсан нь одоо улам тод мэдэгдэж байна.

Хүчин зүйл 3. Аюулгүйн зөвлөлийн тодорхойгүй байдлыг өөрчлөх

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнийхээ 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг гэдгийг бүгд мэднэ. Чухам энэ дүрэм НҮБ-ыг үүргээ гүйцэтгэхэд саад болж, улмаар иргэдийн итгэл алдахад хүргэсэн. Сирид энхийг сахиулагч оруулах шийдвэрийг ОХУ хоёр жил гаруй хориглосоор хяналтдаа үлдээж чадсан, зөрүүлээд АНУ Украины асуудалд дөрөөлөн ОХУ-ын гаргасан бүх л ажил хэрэгч саналуудыг унагаж, түүгээр ч зогсохгүй Аюулгүйн зөвлөл, цаашлаад НҮБ-аас шахан гаргаж тусгаарлахыг чармайна гэдгээ (Линда Томас-Гринфилд) ил тод зарласан. Энэ мэтчилэнгээр дэлхийн аль нэг өнцөг буланд болж буй мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн эрх ашигт нөлөөлж байх юм бол НҮБ хөндлөнгөөс харахаас өөр юу ч хийж чадахгүй байдалд хүрч. Энэ байдлыг хэрхэн шийдэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Магадгүй А.Гуттерриш ч мэдэхгүй байгаа болов уу. Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн санал хураах одоогийн дүрмийг өөрчлөх юм бол ОХУ шийдвэртэй арга хэмжээ авна гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Үнэхээр ч олонхийн саналаар шийддэг болсон тохиолдолд НҮБ шууд л тарж бутрах юм.

Хүчин зүйл 4. Украины асуудал

ОХУ Крымыг авсны дараа АНУ тэргүүтэй барууны орнууд нөлөөг нь шууд өсгөн Украиныг Аюулгүйн зөвлөлийн гишүүн болгосон. АЗ-ийн шинэхэн гишүүн болоод Украин А.Гуттеришийг дэмжсэн байдаг. Тэгвэл А.Гуттерриш өнгөрсөн хугацаанд тэдний төлөө юу хийв. Крымээр хязгаарлагдаж байсан асуудал Донбасс, Донецк, сүүлдээ бүхэл Украиных болж томорлоо. Украинчууд бол НҮБ-ыг юуны түрүүнд ОХУ-тай үүсгэсэн асуудалд хөндлөнгийн “Шүүгч”-ийн үүрэг гүйцэтгээсэй гэж хүсч байгаа. Гэвч НҮБ дээр хэлсэнчлэн, АНУ, ОХУ гэсэн том эрх ашгийг сөрөн зогсох чадваргүйгээ харуулсаар байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.144
    2024/02/23

    НҮБ ийн хугацаа дуусжээ

    Хариулах