Зудын гамшгийн хохирлыг арилгахад орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж байна

Zuv.mn
2024/03/01

Олон хоног үргэлжлэн орсон цасны улмаас Дорнод аймгийн Дашбалбар суманд зудын нөхцөл байдал үүсэн, мал өвөлжилт хүндэрч, олон тооны мал хорогдож, сумаас аймгийн төв хүртэлх бүх автозамууд хаагдаж, орон нутаг, хот хоорондын хөдөлгөөн тасалджээ. Тус сумын Засаг дарга Ж.Ёндонжамц 2 дугаар сарын 25-нд “Шинь Шинь" ХХК-д хандан автозамын хөдөлгөөнийг нээхийн тулд замын цасыг цэвэрлэн, зам чөлөөлөх шаардлагатай байгаа учраас энэ ажилд хүн хүч, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

"Шинь Шинь" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн цахилгаан механик цехийн ажилчид цас цэвэрлэх төхөөрөмжийг хурдан хугацаанд шуурхай үйлдвэрлэж, 2 дугаар сарын 26-ны өдөр компанийн аврах баг цас цэвэрлэх техник хэрэгсэлтэйгээр Чойбалсан хотоос Дашбалбар сум хүртэлх хаагдсан замын цас цэвэрлэх ажлыг эрчимтэй эхлүүлсэн юм.

Техник хэрэгслийн тусламжтайгаар цас цэвэрлэж, хаагдсан замыг нээхэд нэг цаг гаруйн хугацаа зарцуулсан байна. Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орсон учраас малчид мориор зам туулахаас өөр боломжгүйд хүрч, сумын төвөөс малын тэжээл авч чадахгүй байснаас олон тооны мал нь зүй бусаар хорогджээ. Зам нээгдсэнээр малчид тээврийн хэрэгслээр малын тэжээлээ тээвэрлэн авч ирэх нөхцөл бүрдэж байна хэмээн талархаж буйгаа илэрхийлж байв.

Гэнэтийн цасан шуурга, зудын гамшгийн үед “Шинь Шинь" ХХК шуурхай арга хэмжээ авч, хур тунадас, цас, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх онцгой байдлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Компанийн ажилтан, техник, материалын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаанд тухай бүрд оролцож байна.

Одоогийн байдлаар, "Шинь Шинь" ХХК нь 14 сая төгрөгийн үнэ бүхий хивэг тэжээлийг Дашбалбар сумын малчдад, Чойбалсан суманд 3 сая төгрөгийн бензин талон, хөнжил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг, Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн холбоонд 5.6 сая төгрөгийг тус тус хандивласан. Түүнчлэн орон нутгийн гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд хандив цуглуулах аянд нэгдэж, Хятад, Монгол нийт 285 ажилтан 7.2 сая төгрөгийг хандивлаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна