АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буагантай уулзав

Zuv.mn
2024/02/29

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Ричард Буанган “Монгол Улс ардчилсан, чөлөөт, нээлттэй сонгууль зохион байгуулдаг туршлагаараа олон улсад жишиг болдогт АНУ болон Элчин сайдын хувиар маш их бахархдаг. Сонгуулийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад танай байгууллагын үүрэг чухал юм” гэж тэмдэглэв. Мөн ээлжит сонгуулийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажиглах хүсэлттэй байгаагаа дурдлаа.

Харилцан туршлага судлах, хоёр улсын сонгууль ажиглах болон техник хангамжийн чиглэлээр хамтран ажилладагт Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран талархал илэрхийлээд Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллага, гадаадын ажиглагчид сонгуулийг ажиглах бүрэн боломжтойг тэмдэглэв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой түүхэн сонгууль болно гэж ойлгож байгаагаа Элчин сайд онцлоод тулгамдаж байгаа асуудлыг тодруулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцсан юм.

АНУ-ын сонгуулийн зохицуулалтыг холбооны түвшинд ажиглах, туршлага солилцох болон техник хангамжийн чиглэлээр дэмжлэг авах, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уламжилсан юм. Элчин сайд Ричард Буанган саналыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны гадаад харилцаа хариуцсан зөвлөх Ч.Баттөмөр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Кристи Доэрти, Г.Золбоо нар оролцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна