Дэлхийн түүхийг зөвхөн аугаа удирдагчид бий болгодог биш билээ. Хүүхэд ч гэсэн түүхэнд үлдэх олон өөрчлөлтийг авчирч чадсан. Бид та бүхэндээ өөрсдийн амьдрал, үйлээр дэлхийн түүхэнд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан долоон хүүхдийг танилцуулж байна.
Энн Франк 1929-1945
Энни Франк охин Германы Франкфурт хотын еврей гэр бүлд төрсөн байна. Дэлхийн II дайны үеэр Холландыг нацист германууд эзлэн авахад тэднээс нуугдаж байсныг өгүүлсэн өдрийн тэмдэглэлийг нь нийтэлснээр тэрбээр нас барсан хойноо олон улсад ихээхэн нэр хүндтэй хүүхэд болжээ.
Энни Франк охин 1945 онд Бельзен хорих лагерт нас барсан юм. Нацистуудын гарт орсон энэ гэр бүлээс зөвхөн эцэг Отто Франк ганцаараа амьд үлдсэн бөгөөд дайны дараа Амстердам хотноо эргэн ирж, охиныхоо амьд сэрүүн байхдаа бичсэн өдрийн тэмдэглэлийг 1947 онд хэвлүүлжээ. Энни Франк нь олон улсад сайн нийтлэлч гэдгээ харуулснаас гадна түүний бүтээл холокостын хохирогчдын тухай өгүүлсэн хамгийн шилдэг нийтлэлийн нэг болжээ.
Саманта Смит /1972-1985/
Америкийн Мэн муж улсын сурагч Саманта Рид Смит охин АНУ-Зөвлөлтийн хүйтэн дайны үед нэр хүндээ цуурайтуулжээ. 1982 оны 11 дүгээр сард 10 настай Смит охин АНУ-ЗХУ-ын харилцаа яагаад хөндийрсөн болохыг мэдэхийн тулд Зөвлөлтийн удирдагч Юрий Андроповт захидал бичсэн байна.
Саманта Смит
Түүний захидлыг Зөвлөлтийн «Правда» сонинд нийтэлжээ. 1983 оны дөрөвдүгээр сарын 26-нд Андропов америк охинд хариу захидал илгээсэн байна. Ингэснээр Смит охин хоёр улсын хэвлэлийн гол баатар болж, «сайн үйлсийн элч» гэж нэрлэх болжээ. Үүнээс гадна тэрбээр Японд болсон энх тайвныг дэмжигчдийн жагсаалд оролцон «Америкийн хамгийн залуу элч» болсон байна. Бяцхан охин 13 насандаа нисэх онгоцны ослоор өөд болохын өмнө ном бичин телевизийн олон ангит кинонд тогложээ.
Хектор Пиетерсон /1964-1976/
Хектор Пиетерсон гэдэг хүү Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Совето дүүрэгт 1976 онд болсон арьсны өнгөөр ялгаварлан үзэх үзлийн эсрэг бослогын гол бэлгэ тэмдэг нь болжээ. Бослогын үеэр амь үрэгдсэн Хекторыг ангийн найз болон түүний эгч нь тэвэрч байгааг харуулсан зурагчин Сэм Нзимагийн гэрэл зургийг хэвлэлд нийтэлснээр Өмнөд Африкийн арьсны өнгөөр ялгаварлан үзэх үзлийн тухай дэлхий нийт анхаарах болжээ.
Арьсны өнгөөр ялгаварлан үзэх үзлийг эсэргүүцсэн бослогын үеэр цагдаагийнхан оюутнууд руу гал нээхэд 12 настай Хектор бууны суманд өртөн амь үрэгджээ. Түүний амь үрэгдсэн өдөр буюу зургадугаар сарын 16-ны өдрийг арьсны өнгөөр ялгаварлан үзэх үзэл баримтлагч Өмнөд Африкийн Засгийн газартай тэмцэх өдөр гэж үздэг байсан ч одоо энэ нь тус улсын Залуучуудын үндэсний өдөр болжээ.
Икбал Масих /1982-1995/
Икбал Масих гэдэг пакистан хүүг дөрвөн настай байхад нь 12 доллартай тэнцэх мөнгөөр хивсний үйлдвэрт заржээ. Икбал хүүг хивс нэхэгч машинаас уян өдөрт 12 цаг ажиллуулдаг байжээ. Хэт ачаалалтай ажиллан хангалттай бус хоол өгдөг байсан учир бяцхан хүүгийн биеийн өсөлт зогссон байна.
Тэрбээр 12 нас хүрэхэд биеийн хэмжээ нь бараг зургаан настай хүүхэдтэй адил байжээ. Икбал 10 насандаа хэрцгий балмад боолчиллоос зугтан бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсооход туслах Пакистаны олон улсын байгууллагатай нэгдсэн байна. Үүний дараа тэрбээр хөдөлмөр эрхэлж буй 3000 гаруй пакистан хүүхдийг боолчлолоос чөлөөлөхөд тусалж, дэлхийн нийтэд насанд хүрээгүй хүүхдүүдийн албадан хөдөлмөр эрхлэлтийн талаар үг хэлжээ.
Икбал хүү 1995 оны Улаан өндөгний баяраар бусдын гарт амь үрэгдсэн байна. Тэрбээр хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлтэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан учир хивсний үйлдвэрлэл явуулдаг хүмүүс түүнийг зэвүүцэн амийг нь хороосон гэдэгт олон хүн итгэдэг юм. 2000 он Дэлхийн хүүхдийн эрхийн төлөө шагнал бий болж, хамгийн эхний шагналыг амь үрэгдсэн Икбал хүүд нэхэн олгожээ.
Нкоси Жонсон /1989-2001/
Нкоси хүү 1989 онд Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Нонтлантла Дапхне дүүрэгт төрсөн байна. Тэрбээр өөрийн эцгээ огт мэддэггүй байжээ. Нкоси хүүгийн хувьд төрөхдөө ХДХВ-ийн халдвартай төрсөн бөгөөд түүний ээж өвчний улмаас хүүхдээ асрах боломжгүй байсан учир Йоханнесбург хотын олон нийтийн харилцааны сайн дурын ажилтан Гаил Жонсон хүүг үрчилэн авчээ. Нкоси Жонсон 1997 онд бага сургуульд орохоор нэрээ бүртгүүлэхэд тус сургууль түүнийг ХДХВ-ийн халдвартай гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзжээ. Энэ нь улс төрийн хүрээнд яригдан, Өмнөд Африкийн Үндсэн хуулинд эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан үзэхийг хориглодог учир хүүг сургуульдаа элсүүлэхээс татгалзсан шийдвэрийг хянан үзэхэд хүргэв.
Нкоси ДОХ өвчинтэй тэмцэх олон улсын 13 дугаар хурлын гол төлөөлөгч болсон бөгөөд ДОХ өвчний халдвар тээгчдэд урам зориг өгч, чөлөөтэй үгээ хэлж, бусдын адил тэгш эрх эдлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Нкоси хүү Өмнөд Африкийн хамгийн алдартай хүний жагсаалтын тавдугаарт бичигдсэн бөгөөд тэрбээр ХДХВ-ийн халдвар тээн хамгийн удаан амьдарсан хүүхэд болжээ.
Тэрбээр 2001 онд нас барсан хэдий ч түүнийг үрчилж авсан Гаил 2005 онд хүүгийнхээ нэрийн өмнөөс Зөвлөлтийн Ерөнхийлөгч Михаил Горбачёвын гараас Олон улсын хүүхдийн энх тайвны шагналыг гардан авчээ.
Ом Пракаш Гуржар /1992/
Гуржар гэдэг энэтхэг хүүг таван настай байхад нь эцэг, эхээс нь салган гурван жилийн турш тариан талбайд ажлуулжээ. Үүний дараа тэрбээр «Хүүхдийн нөхөрсөг тосгон» гэж нэрлэсэн сүлжээ байгуулахад гар бие оролцжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг эсэргүүцсэн боловсрол олгодог газар аж.
Түүнчлэн хүүхдүүдийг төрсний гэрчилгээжүүлэх ажлыг удирдан явуулдаг байна. «Хүүхдүүдийг төрсний гэрчилгээтэй болгох нь тэдний эрхийг хамгаалах эхний алхам. Тэдний насыг үнэн зөв тодорхойлсноор хүүхдүүдийг боолчлол, хүний наймаа, хүчээр гэрлүүлэх болон цэрэгт татагдахаас хамгаална» гэж Гуржар хүү ярьжээ. Түүний хийсэн ажлыг үнэлэн 1993 онд Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал гардуулсан байна.
Тандиве Чама /1991/
Замби улсын Тандиве Чама гэдэг охин 2007 оны Олон улсын хүүхдийн энх тайвны шагналд дэлхийн улс орны 28 хүүхэдтэй өрсөлдөн энэ шагналыг 16 насандаа хүртсэн байна. Тандиве 1999 онд буюу ердөө найман настай байхад түүний сурч байсан сургууль багшийн орон тоогүй болсноор үйл ажиллагаагаа хаажээ.
Тандиве охин энэ байдалтай эвлэрэхийг хүсээгүй учир сургуулийнхаа 60 сурагчийг дагуулан өөр сургууль олохоор явсан байна. Үүний үр дүнд тэдгээр сурагч Жак Цецупийн сурагч болжээ. Хүүхдүүдийн боловсролын төлөө тэмцсэний дараа Тандиве сүм хийдийн цуглааны үеэр хүүхдийн эрх, ДОХ өвчний талаар үг хэлдэг байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна