ТАНИЛЦ цувралын энэ удаагийн дугаарт эдийн засагч, санхүүч Ганбатын Батбаярыг онцолж байна.
Г.Батбаяр нь 1988 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд, айлын ууган хүү болон мэндэлжээ. Аав В.Ганбат авто механикч, ээж Ж.Сайнбаяр нь цахилгааны инженер мэргэжилтэй. Аав, ээж нь тухайн үед сурч ОХУ-д суралцаж байсан учраас амьдралын эрхээр өвөө, эмээ дээрээ өсчээ.
Г.Батбаяр их сургуулиа төгсөнгүүтээ л "Хаан" банкинд теллерээр ажилд орж, тогтвортой, хичээл зүтгэлтэй ажилласныхаа хүчинд удирдах албан тушаалд томилогдож, салбар, бүс, бүр банкны системийн шилдэг ажилтан болж байжээ.
Г.Батбаяр бизнес, банк санхүүгийн удирдлагын бакалавр, мөн эдийн засгийн магистрын зэрэгтэй мэдлэг боловсролтой шинэ үеийн төлөөлөл юм.
Тэрээр банкны салбарт 10 орчим жил үр бүтээлтэй ажилласныхаа дараа төр, нийгмийн салбарт эзэмшсэн мэргэжил, ур чадвараа зориулжээ. Тодруулбал 2022 онд ЧД-ийн Засаг даргын орлогчийн чухал албыг хариуцан ажилласан бөгөөд энэ хугацаандаа дүүргийнхээ орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлд идэвх санаачилга гарган, үеийн залуусаа манлайлан ажиллажээ.
Дараа нь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт богино хугацаанд ажиллахдаа төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулах зорилготой "ХУРДАН" хөдөлгөөнт үйлчилгээг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Г.Батбаяр нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох, түгээн дэлгэрүүлэх өрнүүн хүсэлтэй нэгэн. Энэ хүслээ биелүүлэхийн тулд залуучуудын JCI олон улсын байгууллагад элсэн орж, нийгэмд тустай, эерэг өөрчлөлтийг бий болгох, түгээн дэлгэрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, гар бие оролцон зохион байгуулжээ.
Халамжит сайн хань, гурван сайхан хүүхдийн аав хүн учраас хүндээ, ялангуяа хүүхдэд ээлтэй хотыг үлдээхийг хүсдэг шинэ үеийн залуу улстөрч билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна