“Үндэсний эвсэл”-ээс Нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид мандатаа гардан авлаа. Улс төрийн шинэ, хүчтэй сөрөг хүчин болох Үндэсний эвсэл НИТХ-ын 2024 оны сонгуульд “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөрийг боловсруулан “Хотоо хулгайчаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” уриатайгаар оролцож байна.
Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр
-2024 оны НИТХ-д Үндэсний эвслээс нийт 26 хүнийг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэх, батламжийг гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд “Иргэн баян бол хот баян” гэх мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Гучин жил засагласан нам өнөөдрийн хотыг бий болголоо. Бид есөн төрлийн татварыг бүрдүүлж, нийслэлийн төсөвт нэмэгддэг ч бидний амьдралын чанар дордсоор л байна.
Бид хотоо хулгай, бохирдол, үнийн өсөлт, цаг алдалтаас аваръя гэдэг уриан дор энэ удаагийн сонгуульд оролцож байна. НИТХ-д суусан 45 төлөөлөгч иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй байна. Урт хугацааны төлөвлөлт огт байхгүй байгаа нь өнөөдрийн хотыг бий болгосон.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Монгол Улсын нийт хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн амьдардаг хотын удирдлага, төсвийн захирагчийг сонгодог сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд одоо өөр сонголт хийх цаг нь болсон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 34 жил өнгөрөхөд 30 жилд нь өнөөдрийн эрх баригчид хотын удирдлагаар ажиллажээ. Маш олон сайхан нэртэй мөрийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Энэ нь ажил хэрэг болж, асуудал шийдэгдсэн зүйл алга. Ногоон автобус, агаарын бохирдол, түлшний үйлдвэр гээд хулгай хийсэн асуудлууд нь гарч ирсээр л байна.
Нийслэлийн төсөв 2020 онд 800 тэрбум, 2022 онд 2 их наяд, 2024 онд 5 их наяд төгрөг болж өссөн. Хотын удирдлагуудад эрх мэдэл, мөнгө дутаагүй, сэтгэл дутсан гэж харж байна.
Бид үндэстнээрээ үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Татвар төлдөг, ажлын байр бий болгодог аж ахуй нэгжүүддээ боломж олгодог ийм төртэй байх ёстой. Үүний тулд Үндэсний эвслээс энэ удаагийн НИТХ-д нэр дэвшсэн 26 нэр дэвшигчийг дэмжээсэй гэж хүсэж байна гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна