Төр 34 хувиа авахаар Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж эхэлжээ

Zuv.mn
2024/10/01

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордын 34 хувийг шууд эзэмшихээр болсон билээ. Тэгвэл Засгийн газар уг эрхээ эдлэхээр орд эзэмшигчидтэй хэлэлцээр эхлүүлжээ. Эх сурвалжийн хэлснээр, хэлэлцээр хийж байгаа хувийн хэвшлийн дотор Цагаан суваргын зэс, молибден, Нарийн сухайтын нүүрсний ордыг эзэмшигч МАК компаниас гадна өөр гурван субъект байгаа бөгөөд тэдэн дунд фосфоритын орд эзэмшигч байгаа гэж дурдсан байна.    

 Төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудаас 16-г нь Стратегийн орд хэмээн албан ёсоор нэрлэсэн байдаг бөгөөд үүнээс есөн орд нь одоо хувийн хэвшлийн мэдэлд байдаг юм.   

Төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэдэл дэх ордууд:

1.“Оюу толгой”-н зэс, молибдены орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. 34% нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн, 66% нь Канадын “Рио Тинто” компанийн мэдэлд байдаг. Зэс, молибденээс гадна, алт, мөнгө бий. 

2.“Таван толгой”-н чулуун нүүрсний БҮЛЭГ орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК /Өмнөговийн орон нутаг, Ажнай Д.Бат-Эрдэнэ/ болон Ухаа худгийн ордыг “MCS”-ийн "Энержи Ресурс" ХХК гэхчлэн хувааж эзэмшдэг.

3. “Эрдэнэт”-ийн зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. 51%-ийг монголын төр, 49%-ийг Mongolia Copper Corporation компани эзэмшдэг.

4. “Багануур”-ын хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. “Багануур” ХК олборлож, 51%-ийг төр, 49%-ийг олон нийт эзэмшдэг.

5. “Шивээ Овоо”-гийн хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.

6. “Төмөртэй”-н төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг Монгол-Хятадын “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. 100% Дарханы төмөрлөгийн үйлдвэр буюу төр эзэмшдэг болсон.

7. “Асгат”-ын мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байв. 2019 онд “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд авах шийдвэр гаргасан.

Хувийн хэвшлийн мэдэлд очсон 9 орд

“Цагаан суварга”-ын зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж 2014 онд Н.Нямтайширын МАК-д 100 хувь шилжсэн. 

“Нарийн сухайт”-ын нүүрсний орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. БНХАУ-ын "Чинхуа", Монголын  МАК ХХК хамтарч эзэмшдэг.

“Төмөртэйн овоо”-ны цайр, хар тугалгын орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. 40%-ийг төр, 50%-ийг “Цайрт минерал” ХХК, 10%-ийг хувь хүн эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээтэй.

“Бүрэнхаан”-ы фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. 100%  “Талст маргад” ХХК (Монгол), “ТопроуХэнцо” ХХК (Хятад), “Тефас майнинг” ХХК (Хятад), Сутайхэнцо ХХК (Хятад). “Талст-Маргад” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх. Батбаярын Батхишиг эзэмшдэг.

“Бороо”-гийн алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Канадын “Центерра Гоулд монголия” ХХК 100% эзэмшдэг байв. 2018 онд Сингапурын хувийн компани "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Мөн "Сэлэнгэминералс" ХХК 2014-2044 оны хооронд 30 жилээр ашиглалтын лиценз авсан нь анхаарал татаж байна.

“Гацуурт”-ын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байршилтай.  "Центерра гоулд Монголиа" компани эзэмшиж байгаад Сингапурын “OZD ASIA PTE Ltd"-д зарсан.

“Мардай”-н ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. Социализмын үед оросууд уран олборлож байжээ. Монголын талтай хамтарсан компани байгуулах хөрөнгө оруулагч гарч ирвэл Мардайн олборлолтыг сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци эзэмшдэг байна.

“Гурванбулаг”-ийн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци 49 хувийг нь эзэмшиж байна. 

“Дорнод”-ын ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. 21 хувийг төр, 58 хувийг Канадын “Ханресурс” ХХК эзэмшиж байв. Монголын Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар 2015 оны үес 100 сая ам.долларын өрөнд орж байв.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.250
    2024/10/02

    Изэнх ордыг хятадууд эзэмшдэг юм байна

    Хариулах
  • 59.153.114.216
    2024/10/02

    ШУНАЛТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДТАЙ АРД ТҮМНИЙ ТӨР ЗАСГ ГУЙЖ ГЭРЭЭ ХИЙДЭГГҮЙ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДДЭГ ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ !!!

    Хариулах
  • 59.153.114.216
    2024/10/02

    " ГАЗРЫН ХЭВЛИЙ ДООРХИ АШИГТ МАЛТМАЛ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙНА " ГЭСЭН ҮҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧӨЖ ХУВЬДАА ӨМЧИЛЖ АВСАН ШУНАЛТ ЛУЙВАРЧИДААС ШУУД 50 ХУВИЙГ АВАХААР ТӨР ЗСАГ ШИЙДВЭР ГАРГА !!! ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛГОН ХУРААН АВЧ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ БИЕЛҮҮЛ !!!

    Хариулах