Орлого нь тасрах эрсдэлтэй ИРЭХ ОНЫ УЛСЫН ТӨСӨВ

С.Гандэлгэр
2024/10/10

Монгол Улсын засгийн газар наймдугаар сарын 30-ны өдөр ирэх оны төсвийн тухай хуулийг өргөн барьсан. 

Ингэхдээ 2025 оны нийт орлого болон тусламжийн дүнг энэ оны төсвөөс 6.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 36,8 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Энэ нь ДНБ-ий 38.8 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. 

Энэ тоог худалдааны эргэлт, экспорт, татварын бүртгэл хамрагдалтыг сайжруулах, уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүний экспортын нэмэгдүүлж төлөвлөсөнтой холбогдуулан гаргасан. Үүний 11.7 орчим их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөсөн. 

Тодруулбал ирэх онд 83.3 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн нь энэ оноос 5.2 сая тонноор их. Боловсруулаагүй нефт мөн энэ оноос 1.2 сая.бар илүү экспортлохоор төлөвлөсөн байна. 

Тэгвэл манай уул уурхайн салбар урд хөршөөс шууд хамааралтай. БНХАУ-ын эдийн засгийн байдал, нүүрсний эрэлтээс шалтгаалан манай эдийн засаг, төсвийн орлого савлагаатай байна гэсэн үг. 


Судлаачдын зүгээс ч нүүрсний үнэ ирэх онуудад буурах төлөвтэй байгааг анхааруулж байгаа. Олон улсын шилдэг дата статистикийн флатформ Statista.com дээр ирэх гурван жилд нүүрсний үнэ буурах төлөвтэй байгааг харуулж байна. 

Энэ талаар ч төрийн аудитын байгууллага болох Аудитын Ерөнхий газраас "коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна" хэмээн дүгнэсэн. 

Мөн алт, төмрийн хүдэр, газрын тосны үнэ ч буурах төлөвтэй байна. Энэ нь яах аргагүй ирэх оны Улсын төсөвт тулгарах аюул гэсэн үг. Өмнө дурдсанчлан манай улс БНХАУ-ын эдийн засгаас шууд хамааралтай. БНХАУ-ын эдийн засаг унах, ОУ-ын хурцадмал байдал үүссэн тохиолдолд Монголоос гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт багасах, үнэ буурах магадлалтай гэсэн үг. 

Ерөөсөө л БНХАУ-ын гангийн эрэлт буурч, үйлдвэрлэл багассан тохиолдолд Монголоос нүүрс авахгүй байх эрсдэл үүснэ гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд ийм асуудал тулгамдаагүй ч энэ эрсдлийг тооцоолох ёстойг АУДИТ-аас сануулж байгаа юм. Мөн БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээл уналтад ороод байгаа нь санаа зовних томоохон шалтгаан болж буй. 

Тодруулбал 2024 оны эхний хагас жилд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 10.1 хувиар, борлуулалт 25 хувиар буурсан. 

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд тогтвортой хадгалагдана гэж Олон улсын валютын сан (ОУВС) тооцоолж байна. Гэсэн хэдий ч геополитикийн тогтворгүй нөхцөл байдал хурцдах, голлох эдийн засгуудын өсөлт удаашрах, инфляц төсөөллөөс удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах зэрэг эрсдэлүүд дэлхийн эдийн засгийн төлөвийг муутгаж болзошгүй хэвээр байна. 

УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 1-т “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг 2025 онд барихаар төлөвлөсөн. Үүнээс манай улсын экспортын хүчин чадал 40 сая тонноор нэмэгдэх боломжтой болох юм. 

УИХ-ын намрын чуулган өнгөрөгч долоо хоногт нээсэн. Тун удахгүй ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. 

Том төслүүдээ урагшлуулж, эдийн засаг, ДНБ-ээ тэлэх нь маш зөв бодлого. Гэсэн хэдий ч экспортын түүхий эдийн үнийн бууралт, болон гёополитикийн тогтворгүй байдлыг бодолцон төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөхгүй байх, зарлагыг бууруулах эсхүл төсвийн орлогыг нөхөх эрсдлийг тооцох шаардлагатай байгаа юм. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна