-Монгол Улсад "Өөрийнхөөрөө хөгжих" боломж олгох хил дамнасан төмөр замууд-
Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байна.
Хамгийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төслийг танилцуулъя.
Өртөг өсөх, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй байх зэрэг мега төслүүдийг дагаж явдаг эрсдлүүдийг хаах эдийн засгийн боломжийг бий болгох "Гал хамгаалагч" болсон төсөл учраас онцоллоо.
Биднээс хамаарахгүй хүчин зүйл буюу мега төсөл хэрэгжүүлэх ШАЛТГААН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар сарын өмнө Москвад уулзалт, хэлэлцээр хийхдээ манай улсад хамааралтай /чухамдаа Төв Азид/ нэг чухал шийдвэр гаргасан байдаг. Тэр нь В.Путин Бээжингийн олимпын үеэр БНХАУ-д айлчлахдаа тунхагласан “Төв Азийн улсуудаас гуравдагч улсын ашиг сонирхлыг шахах, оруулж ирэхгүй байх” тохироогоо дахин нотолж, эрчимжүүлэхээр санал нэгдсэн явдал байв.
Хоёр удирдагч "Шинэ эринд орох гэж буй иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх тухай" улс орнуудын хамтарсан мэдэгдэл" гэгчийг Москвад гаргасан бөгөөд тус мэдэгдэлд Төв Азийн бүс нутгийн асуудлыг тусад нь авч үзсэн юм.
Тодруулбал, Төв Азийн улс орнуудын тусгаар тогтнол, үндэсний хөгжил цэцэглэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд харин “өнгөт хувьсгал” импортлох, бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцгойлон дурьдсан.
Энэ нь ОХУ Украинд цэрэг оруулах эсэхээ БНХАУ-тай зөвшилцсөн, түүнчлэн цаашдын үр дагавар нь юунд хүргэж болохыг бүрнээ ухамсарласан бөгөөд Төв Азийн улс орнууд үүнд онцгой байр суурь эзлэхийг харуулсан юм / https://www.gazeta.uz/ru/2023/.../.
Үүнээс хойш Төв Азийн улсуудад юу болсон бэ гэхээр дотооддоо буюу үндэсний эв нэгдлээ хангаж, ОХУ, БНХАУ-ын сануулж хэлсэн эрсдлийг хааж байна. Казахстан улс иргэд нь баялгийн сангаасаа хишиг хувь хүртэх илүү шударга тогтолцоог нэвтрүүлж, Туркменистаны Ерөнхийлөгч, хурц зан араншинтай Гурбангулы Бердымахаммедов ээлжит бус сонгууль зарлан /2024 онд сонгууль болох байсан ч 2022 оны гуравдугаар сард/ ард түмний дунд өөрөөс нь илүү нэр хүндтэй, аядуу зөөлөн улстөрч гэгддэг хүү Сердар Бердымухаммедовт суудлаа тавьж өгөв.
Хамгийн сүүлийн жишээ нь, дарангуйлагчтай байсан Узбекистан улс өнгөрсөн долоо хоногт түүхэндээ анх удаа Парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явууллаа.
Түүнчлэн, биеэ дааж оршиход чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, гадаад бодлого талдаа илүү анхаарсан, хянамгай нүүдлүүд хийж эхэлсэн.
Энэ бүх үйл явцыг ажиглахад, ОХУ, БНХАУ нь хөршүүдээ ямар нэг зүйлээр дутагдуулж, дутагдлыг нь өмнөөс нь хангах замаар нөлөөндөө барьж ирсэн өмнөх бодлого өөрсдөд нь илүү эрсдэл авчрах ч магадгүй нөхцөл үүссэн учир бие даах эрмэлзлийг нь дэмждэггүй юм аа гэхэд хориглохгүй болж, нэг хэсэгтээ өөрсдийнхөөрөө явах боломж бүрдэв үү гэж санагдана.
Мэдээж, улс орноо харьцангуй чөлөөтэй хөгжүүлэх бололцоо бүрдсэн энэ нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй учраас улс орон бүр боломжийг ашиглан төрийн тусгай албаа чадавхижуулах, бие даасан байдлаа хангах бусад арга хэмжээг авахаар шуурхайлсны манай улсад ажиглагдаж байгаа тусгалын нэгээхэн хэсэг нь үндэсний баялгийн сангийн тогтолцоо, энэ жилээс бодитоор хэрэгжүүлээд эхэлсэн 14 мега төсөл гэж хэлж болох юм. 14 төслийг аваад үзэхэд бүгд өөр, өөр салбарынх боловч, бие дааж оршиход зайлшгүй шаардлагатай нөхцлийг хангах, урьд өмнө хийх гээд ямар нэг шалтгаанаар бүтээгүй, тэр утгаараа улс орны сул тал болсон төслүүд байгааг ойлгоход төвөггүй.
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, дагуул хот, дэд бүтцийн төслүүд ч хүн амын амьдралын нөхцлийг сайжруулж, сэтгэл санааг нь өргөдөг гэдэг утгаараа үндэсний эв нэгдлийг хангах чухал хүчин зүйл мөн бөгөөд хэрэгжүүлэх бололцоог бий болгох үндсэн суурь бүтэц нь зам тээвэр, эрчим хүчний төслүүд юм.
Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ боомтуудыг холбосон төмөр зам, терминал нь мега төслүүдийн танилцуулгын эхнийх учир энэ бүхнийг бичсэн бөгөөд дараа дараагийн төслийн танилцуулгад дахиж нуршихгүй, харин линкийг нь тавьж явах болно.
Нүүрсний улс төр буюу тоонд нуугдсан далд тооцооллууд
Олон улсад хэрэгжсэн мега төслүүдэд хийсэн судалгаагаар, эрчим хүч, төмөр замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бусад салбарт өсөлт бий болгох чадвар хамгийн өндөр байдгийг баталжээ. Бүх салбарт ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд ажиллах хүчний өөрчлөлт хамгийн их ажиглагддаг салбар нь төмөр зам байна.
Ашиглалтад орсон даруйдаа өгөөж өгч, бусад төслүүд амжилттай хэрэгжих бололцоог хангана гэдэг утгаараа “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалын хувьд, ач холбогдол нь бүр ч өндөр юм.
Илүү тодорхой тооцоолол уншья гэсэн хүмүүст зориулж тоон мэдээлэл хүргэхэд гурван төслийг нийт 957 тэрбум төгрөгөөр барьж, жилдээ 3.5 тэрбум ам.долларын экспортыг шинээр бий болгоно. Экспортын хүчин чадал 40 сая тонноор (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн) нэмэгдэж, нэг тн нүүрснээс /бусад ашигт малтмал ч орно/ олох ашиг хоёр дахин өснө. 80 сая тонн нүүрс гаргаж байж олдог ашгаа /Энэ жил 80 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд 2025 оны төсөвт мөн энэ хэмжээнд төлөвлөсөн байгаа/ 40 сая тонноос олно, дээр нь биет хэмжээ 40 сая тоноор нэмэгдэнэ гээд бодохоор Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг холбосны дараа 120 сая тонн нүүрс гаргаж, автомашинаар 160 сая тонн нүүрс гаргасантай дүйцэх өгөөж хүртэх юм.
Тээврийн зардлыг буулгаснаас гадна, бид "Нүүрсний хулгай" гэж ерөнхийлж ярьдаг тээврийн зардлыг өсгөх замаар өндөр ашиг хүртдэг зуучлагчдыг шахаж гаргаснаар энэ нөхцөл бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, төмөр замаар тээвэрлэх нүүрс Тавантолгойгоос шууд БНХАУ-ын хэрэглэгчдэд буюу Бугат руу очиж, тээвэрлэлтээс 30 хувийн ашиг хийдэг чейнж маягийн компаниуд Монгол, Хятад аль, аль талдаа алга болж буй.
Монгол, БНХАУ-ын хөгжлийн 16 жилийн гацаа арилна
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын ажил 14 жил гацаад 2022 онд тохиролцоонд хүрсэн. Өөр, өөр Засгийн газар, өөр, өөр улс төрийн байдалд гацаж байсан үйл Л.Оюун-Эрдэнийн үед гацаанаас гарсан. Ганц Гашуунсухайтыг гацаанаас гаргаад зогсоогүй, боомтуудыг ч холбох тохироо хийсэн. Одоо ч хүчин чармайлт гаргасаар, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна /http://www.zasag.mn/news/view/.../.
Манайхан Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замыг ярихдаа манайх л 16 жил хөгжлөө гацаасан мэтээр ойлгох тал бий. Үнэндээ аль хэдийнэ хөрөнгөө гаргаад төмөр замаа Ганцмод руу барьчихсан гэдгээрээ 16 жилд биднээс гадна БНХАУ-ын тал хохирсон.
Төслийг хэрэгжүүлснээр, хоёр тал алдагдлаа бага, багаар нөхөх боломж бүрдэнэ. Ач холбогдлоосоо шалтгаалаад нүүрс нь улс төрийн асуудал болчихдог манай хоёр улсын хувьд энэ нь ойлголцоо бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хөгжүүлэх чухал боломж. Энэ бол манай улсын хувьд эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм.
Эрсдэл, эрсдэл, эрсдэл...
Ерөнхийдөө, манайхны санаа зовох гол шалтгаан нь БНХАУ Монголоос нүүрс худалдаж авахгүй байх бүрэн чадамжтайд оршиж буй. Нүүрс бол эдийн засгаас гадна улс төр байдаг тул санаа зовох нь аргагүй. Гэхдээ одоо байгаа, биржээр худалдаалах нүүрсний хэмжээ буурсан нөхцөл байдал цэвэр эдийн засгийн шалтгаантай /Манайх биржийн үнээр зардаг болсноор БНХАУ-ын худалдан авагчид манай нүүрсэнд илүү өндөр үнэ төлөх болсон/ бөгөөд үүнийг хэвлэлүүд “Нүүрсийг биржийн үнээр зарах журам” гарснаас хойш л тогтмол бичиж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу.
Бодит эффект нь гэвэл, хууль хэрэгжиж эхэлснээс хойш манайхаас нүүрс худалдаж авах компанийн тоо цөөрсөн. "Амны үнэ"-ээр зардаг байх үед 178 компанитай харьцдаг байсан бол бирж нээгдэхэд 50 компани бүртгүүлж, дөрөв нь л арилжаа хийсэн явдал үүнийг баталдаг.
Өөрөөр хэлбэл, нүүрсний бизнес газар нутгийн байршлаас илүү хамааралтай болж, манай хилтэй илүү ойрхон компаниуд л худалдан авалт хийх болсон. Бид харин хил дамнасан төмөр замын гурван төслөө хэрэгжүүлснээр биднээс авахад ашигтай байх хязгаарыг тэлж, Биржийн хууль цаашдаа хэрэгжсээр байх боломжийг өсгөж байгаа хэрэг. Учир нь, биржийн үнэ гэдэг нэгэндээ тулган хүлээлгэх байдлаар тогтдоггүй, санал болгож чадах дээд үнээ л хэлдэг зарчим.
Нөгөө талаар, нүүрсийг ашигт малтмалын гэхээсээ илүүтэй ложистикийн бизнес гэж ярьдаг. Цаашдаа нүүрсний үнэ өндөр байгаа ч үү, үгүй ч үү. Тэр цаг ирэхэд нүүрсээ ядаж ложистикийн бизнес болгож авч үлдэх боломжийг бидэнд хил дамнасан төмөр замын төсөл л олгох юм.
"Тэгсэн ч нүүрс авахаа больбол яана" гэх хүн цөөн боловч байж мэднэ. Тэдэнд хандаж хэлэхэд, БНХАУ-ын Австралиас авдаг коксжих нүүрс хэтэрхий үнэтэй, авч буй зуучлагч компанидаа ямар ч ашиггүй. Өмнөд хэсгийн хэрэглэгчдэд юу юм гэхээс Монголын хилд ойрхон компаниудад бүр алдагдалтай.
Тийм ч учраас Австралиас нүүрс авч эхэлсэн нь эдийн засгийн гэхээсээ илүү дипломат бодлого гэсэн дүгнэлт ч байдаг. Дипломат бодлого гэдэг нь харилцаагаа хүндэтгэхээс гадна гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх зорилготой холбоотой.
Манай дээр жишээ нь, Монголоос нүүрс авахаа больбол өөрсдөө бидэнд бараагаа зарж чадахаа болино гэж тайлбарламаар ч юм уу. Өөр нэг өнцөг гэвэл, хэрвээ ийм байдал үүсгэвэл Монголд улс төрийн хямрал нүүрлэнэ, тэр нь Бээжинд ашиггүй.
Том зургаар нь харвал, одоогийн нөхцөлд ОХУ, БНХАУ аль, аль нь хажуу хавирганыхаа улсыг хясан боох нь маш ашиггүй байдлыг үүсгэнэ. Тиймээс хоёул дундын бүс буюу аль алинтай нь хил залгадаг улс орнуудыг улс төрийн хувьд маш тогтвортой нэг цул болгохыг хүсэж, түүнийгээ бат нотолсоор байгаа. Энэ ажлаа хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлэх бодлого барьж буй. Үүнийгээ зөрчих том шалтгаан бараг байхгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.210
munhiin 2 hutshtei zuv haritsah n ulsiin hugjild tustai !
Хариулах139.5.217.79
Цаг хугацаа бага байна. Мега төсөл цаг их шаарддаг. Гэсэн ч зүтгүүлэхээс өөр арга алга. Цөвүүн цагт улс орнуудын харилцаанд мөнгө зээл чухал биш, итгэлцэл хамгийн чухал байдаг юм даа
Хариулах122.201.31.235
зөв шүү явуулах хэрэгтэй
Хариулах45.117.34.124
Маш ойлгомжтой бичжээ
Хариулах