МЕГА ТӨСЛҮҮД: Баруун бүсийн хөгжлийн ТҮЛХҮҮР “Эрдэнэбүрэнгийн УЦС”

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 55 минут

Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад бид 90 мВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг танилцуулж байна.

Өвөг дээдсийн алсын хараа буюу “Эх оронч гол” дээр хэрэгжих эх оронч төсөл

“УЦС нь амархан ашиглагдаад дуусах алтны ордоос илүү ашигтай. Нэг талаас ус турбин руу орж, нөгөө талаас нь мөнгө түүнэ” гэсэн үг бий. Тэгвэл манай улс ойрын дөрвөн жилдээ багтаад 11 ширхэг Дөргөний УЦС-тай дүйцэх хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх гэж байна.

Монгол Улсад УЦС барих боломжийн судалгааг 1960-аад онд ЗХУ-ын эрдэмтэд голчлон Сэлэнгэ мөрний цутгал голууд дээр хийсэн баримтыг бид Эгийн голын УЦС-ын төслийн танилцуулгадаа дурдсан билээ. Тэгвэл тэр үед тохиолдлоор ч юм уу, бодлогоор ч юм уу, Төв Азийн гадагшаа урсгалгүй голууд дээр мөн судалгаа хийлгэж, тохиромжтой газруудыг тодорхойлсны нэг нь нутгаасаа эх аваад нутагтаа цутгадаг, энэ онцлогоосоо болоод уран зохиолд “Эх оронч гол” гэгдэж алдаршсан Ховд голын Шижигтийн хавцал юм.

“Судалгааны ажилд зарсан мөнгө дэмий үрэгддэггүй, ядаж л болохгүй, бүтэхгүй гэдгийг тогтоодог” гэдэг шиг, БНМАУ-ын үед хийгдсэн ажлууд шилжилтийн үеийн БНМУ-д үр өгөөжөө өгсөөр ирсэн, одоо ч өгсөөр байгаагийн нэгээхэн жишээ энэ юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын анхны ТЭЗҮ-ийг “MCS”, “Kyushu Electric Power”, “West Japan Engineering Consultants”, “Industrial Design” компаниуд хамтран 2008 онд боловсруулжээ. Тухайн жил Монгол Улс түүхэндээ анхны Усан цахилгаан станцаа Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг Дөргөн нуурын Чонохарайх гол дээр амжилттай барьж, ашиглалтад оруулсан түүхэн жил байсан гэдгийг уншигчдын зарим нь мэдсэн биз.

Энэ утгаараа /Төв Азийн гадагшаа урсгалгүй голын ай савд багтдаг Ховд гол дээр хэрэгжих учир/ Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл анхнаасаа гаднын нөлөөнд орохгүй, амжилттай хэрэгжих нь ойлгомжтой төсөл байсан юм. Гэсэн ч хачирхалтай байдлаар нэг бус удаа зогсонги байдалд орж байсныг /Орон нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргаж зогсоосон тохиолдол ч бий/ бид мэднэ.

Зогсонги байдалд орж байсан шалтгааныг хэвлэлүүд тухай бүрт гаднын хүчин зүйлтэй холбож, “ОХУ эрчим хүчний экспортын орлогоо алдахыг хүсээгүй, Монголын нэг томоохон бүсийг эрчим хүчээр нь ч болтугай барьж, нөлөөгөө өндөр хэмжээнд байлгах сонирхлын үүднээс нөлөөлсөн байж магадгүй” гэх мэтээр бичиж байсан нь ч сонин баримт. Тодорхой үндэслэлүүд ч байсан. . Ямартай ч санасан шиг шулуун дардан замаар хэрэгжчихээгүй, их хүчин чармайлт шаардсан гэдгийг баттай хэлнэ /Цагалбараас харна уу/.   

Гэхдээ яаж ийгээд болгож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчлах үедээ Эрдэнбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилтийн гэрээг байгуулаад байна. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалт ирэх хавар эхлэх нь тодорхой болсон юм. Саадгүй явбал дөрвөн жилд дуусгах тооцоотой.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсаныхаа маргаашнаас л бүс нутгийн нөхцөл байдлыг өөрчилж эхэлнэ

Баруун бүсийн аймгууд Эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, 24 хувийг Дөргөний УЦС-аас авдаг. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад ороод шууд бүсийн одоогийн хэрэглээнээс гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ. Эхний жилдээ л ОХУ руу урсдаг олон арван сая ам.долларын урсгалыг дотооддоо авч үлдээд зогсохгүй, төвийн эрчим хүчний дутагдлыг хуваалцана гэсэн үг.

Баруун бүсийн эрчим хүчний систем нь төвөөс тусдаа систем учир одоо төлөвлөж байгаа эрчим хүчний төслүүд амжилттай хэрэгжиж /14 мега төслийн найм нь эрчим хүчнийх/, энэ салбарт өрсөлдөөн үүсэж гэмээ нь, баруун бүсийн хэрэглэгчид хамгийн хямд, хамгийн эко ногоон эрчим хүч хэрэглэдэг болно. Учир нь, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-дээ нэг кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоотой юм. Харин өртгөө 19 жилийн дотор нөхөж, түүнээс хойш ашиг олж эхэлнэ гэжээ.


Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 19 жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлнэ гэсэн тооцоо бий. УЦС байгальд ээлтэй технологи, хамгийн бага өртгөөр эрчим хүч үйлдвэрлэдэг, нэгэнт барьсан байхад хэдэн арав, зуун жилээр ажилладаг онцлогтой билээ.

Баруун бүс эрчим хүчний диваажин болно

Мега төслүүдээс бусад салбарт үзүүлэх нөлөөлөл хамгийн өндөр нь эрчим хүчний төслүүд гэдгийг бид Тавантолгойн ДЦС-ын талаар нийтлэлдээ цухас дурьдаж байсан. Өөрөөр хэлбэл, төслийн үр нөлөөг тодотгохдоо олон салбар бичих болдгоороо төстэй.

Гэхдээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухайд, хэрэгжих бүс нутгийн өнөөгийн нөхцөл, эрчим хүч хангамжаа шийдсэн байдал зэргээс шалтгаалсан илүү онцлогууд бий.    

Жишээ нь, мега төсөл хэрэгжих баруун бүс бол манай улсын хувьд хөгжил хамгийн дорой, хүн ажиллаж амьдрах орчин нөхцөл хүнд, эрчим хүчний дутагдал хамгийн их, үндэсний аюулгүй байдал алдагдаж мэдэх эмзэг цэг болсон газар.  

Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 75.5 хувийг хөдөө аж ахуй, 26.2 хувийг үйлчилгээ, -1.7 хувийг аж үйлдвэр, барилгын салбар эзэлдэг. Улсын төсвөөс өөр хөрөнгө оруулалт бараг байхгүй учраас дарга нарын нэр нөлөө өндөр, тэр хэрээр улс төржилт хэрээс хэтэрч, сул тал болчих гээд байдаг онцлогтой.

Ерөөс аж үйлдвэр хөгжөөгүй гэж болохоор, 420 мянган хүн амын дийлэнх нь мал бүхий иргэд байдаг. Тэр ч утгаараа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ улсын дунджаас 2 дахин бага, тэгсэн хэр нь газар нутгийн алслагдмал байдлаас болоод төвийн бүсээс илүү өндөр өртөгтэй амьдарч буй.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт, ажилгүйдлийн түвшин улсдаа хамгийн өндөр ийм л бүс нутагт Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж, “Эрчим хүчний диваажин” үүсгэх гэж байна.

“Диваажин” гэсний учир нь, эрчим хүч хямд бүс нутагт аж үйлдвэрүүд олноор байгуулагдаж, эдийн засгийн өгөөж өгдөг бичигдээгүй хуультай. Гэхдээ мэдээж, илүү хөгжихийн тулд өөр эх үүсвэрүүд шаардлагатай болно. 

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Баруун бүс эрчим хүчний хэрэглээгээ бараг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж, Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн “2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 14 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах” үүрэг биелэгдэнэ. Бүхэл бүтэн бүс нутгаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангасан гэдэг үзүүлэлт олон улсад ч ховор гэдэг нь лавтай. 

Баруун бүс эдийн засгийн хувьд чадавхжиж, бусад бүстэй ижил, бүр илүү гарах ч боломж бий. Ингэснээр Нийслэл, Төвийн бүсийн баячуудын өсөн нэмэгдэх эд хөрөнгийг нийт иргэдэд нялзаасан хуурамч статистик бодит болж, Засгийн газраас дэвшүүлсэн “Дундаж давхаргыг 80 хувьд хүргэх” том зорилт ч хангагдах юм. Өсөлтийг зорилтот бүлэгт чиглүүлж, тэгш бус байдлыг арилгах нь дундаж орлогыг өсгөхөөс /статистик үзүүлэлтийг хэлж байна/ ч чухал билээ.  

Бурхны бэлэг, мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн

Ховд гол, Шижигтийн хавцал бол байгалиасаа УЦС барихад маш тохиромжтой, эдийн засгийн хувьд асар их зардал хэмнэхүйц тогтоцтой газар гэдгийг хэлэх хэрэгтэй. Улс орноо энэхэн цаг үед эдийн засгийн боломж тааруу гэдгийг мэдсэн юм шиг, “Намайг олж ашиглаад нөхцөл байдлаа сайжруул” гэж байгаа юм шиг, үнэхээр сонин.

Гадны улс орнууд стратегийн чухал ач холбогдолтой УЦС-уудаа барихын тулд бүхэл бүтэн хот суурингаар нь нүүлгэн шилжүүлдэг бол Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлийн бүсээс 1281 иргэнийг зохих нөхөн төлбөрийг нь өгч нүүлгэн шилжүүлсэн. Өмнөговь суманд Улсын тусгай хэрэгцээнд авсан 4576 га газарт 29 байршилд 96 түүхийн дурсгалыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран нүүлгэн шилжүүлж буй.

Төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан 28,000 га газрын 9,7  орчим га газарт нь хиймэл нуур үүснэ. Хиймэл нуур үүссэнээр загас үржих маш таатай нөхцөл бүрдэнэ. Дэлхийн дунджаас 4-20 дахин бага хур тунадас унадаг манай улсын хувьд хиймэл нуур маш таатай нөлөөлөх бөгөөд ууршсан ус нь Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадас болж буун, хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэсэн тооцоо бий. Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ

Хиймэл нуураа дагаад шинэ эко систем бий болдог тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Урсацын тохируулга хийх учраас Ховд гол дээр УЦС-ын далангаас доош хэсэгт үер буухгүй, эсрэгээрээ гантай жил усаар тасрахгүй. Мөнгөөр хэмжиж болшгүй байгаль экологийн эерэг талуудыг бий болгох ажээ.  

ТӨСЛИЙН ЦАГАЛБАР

1964 он. ЗХУ-ын Электросеть институт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын анхны урьдчилсан судалгааг хийв.

2008 он. “MCS”, “Kyushu Electric Power”, “West Japan Engineering Consultants”, “Industrial Design” компаниуд анхны ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Анхны ТЭЗҮ-д 64 мВт хүчин чадалтай, жилд 197-230 сая кВт*ц эрчим хүч үйлдвэрлэх станцыг 268 сая ам.доллараар барихаар тооцжээ.

2010 он. Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулжээ.

2015 он. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг байгуулав.

2018 он. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн /Эгийн голын УЦС-ын барихаар олж ирсэн/ 288.5 сая ам.доллараар нь санхүүжүүлэхээр шийдвэрлэв.

2019 он. Төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталсан. БНХАУ-ын Төрийн өмчит “China Water Resources Beifang Investigation Design and Research” компани гүйцэтгэжээ. Анхны ТЭЗҮ-ээс хүчин чадал 90 мВт, жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 366 сая кВт/цаг болж нэмэгдсэн ч өртөг төдийлөн нэмэгдээгүй, 271 сая ам.доллараар тооцжээ.

2019 он. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулзвар дөрвөн сумын газар нутгийг дамнан байрладаг.

2020.01.23: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоол батлагдав.

2021 он. Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна”, “Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулав.

2024.11.05. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсоор уулзаж, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг баталлаа.

Зээлийн гэрээнд Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.