Улаанбаатарын гудамжаар алхахад хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол явган хүний замыг “эзэлсэн” автомашинууд. Хүүхдээ тэрэгтэй түрж яваа ээж, тэргэнцэртэй иргэн, өндөр настай хүн гээд алхах ёстой иргэд бүгд явган хүний зас дээр зогссон машиныг тойрч гарах сорилттой нүүр тулна. Энэ бол зөвхөн нэг гудамжны мөчийн зураг биш, нийслэлийн өдөр тутмын нийтлэг дүр зураг юм.
Аюулгүй амьдрах эрхээ алдсан иргэд
Оройн 18.00 цаг, Баянзүрх дүүргийн нутаг, ШУТИС-ын Бизнесийн удирдлагын сургуулийн урд талын явган хүний зам. Ажил тарж, хүн машины хөдөлгөөн ид ихсэх энэ үеэр явган хүний зам харин явган хүний зам биш, автомашины зогсоол гэж хэлэхээр болжээ.
Хүмүүс эгнэн алхах ч замынх нь талыг эзэлсэн машинуудыг тойрч гарахаас өөр аргагүй болно. Бага насны хүүхэд тэвэрсэн залуу хос, шахуу тавьсан машины хоорондуур гарахдаа толийг нь мөргөчих шахна. Харин тэргэнцэртэй залуу явах ёстой зам дээр нь “Түр зогссон” машиныг тойрох гэхдээ автомашины зам руу орон өөрийгөө эрсдэлд оруулах ажээ.
Өндөр настай эмээ таяг тулсаар ирээд мөн л “түр зогссон” машины ардуур тойрч авто зам руу орон, төв замын түрэмгий жолооч нарт нүд үзүүрлэгдэхээс өөр сонголтгүй үлдэнэ.
Нийслэл хотын хаана ч, хэзээ ч ийм дүр зураг олж харж болно.
Ээжүүд, өндөр настнууд, тэргэнцэртэй иргэдэд өдөр бүр тулгардаг энэ бэрхшээл явган хүний зам дээр байршуулсан автомашинууд иргэдийн аюулгүй амьдрах эрх ашигт халдаж, гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлд оруулж байгааг харуулж байна.
Зөрчлийн тухай хуульд явган хүний зам дээр машинаа байршуулсан жолоочид “35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн ганцхан заалтаар хариуцлага тооцдог. Гэтэл тэр машинаас болоод эрсдэлд орж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд хэрхэхийг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт алга байна.
Иргэн А /Хүүхдээ тэвэрсэн ээж:
“Яагаад бид үргэлж тойрч гарах ёстой юм бэ? Энэ бол зөвхөн миний биш, бүх ээжүүдийн өдөр тутмын асуудал”
Тэргэнцэртэй иргэн Г.Баярсайхан ч мөн:
Би явган хүний замаар явах эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зурвас гаргаж өгсөн байдаг. Гэсэн ч дүрэмгүй жолооч нараас болоод эрхээ эдлэх боломж алга"
Жолооч нарын байр суурь
Хотын төвд таксигаар зорчигч тээвэрлэж явсан жолооч Ц.Бат:
“Би хүнд үйлчлэхийн тулд хотын төвд ирдэг. Зогсоол байхгүй болохоор хаа нэг газар түр тавихаас өөр аргагүй. Буруу л даа. Гэхдээ өөр сонголт байхгүй” хэмээн бухимдав.
Жолоочдын энэ байр суурь нь асуудлыг зөвхөн нэг талд буруутгах бус, хотын төлөвлөлтийн доголдлыг ч мөн анхаарах ёстойг харуулж байна.
Явган хүний зам дээр машинаа байрлуулах нь ганц жолоочийн буруу үйлдэл биш. Энэ нь хотын буруу төлөвлөлт , зогсоолын хүрэлцээгүй байдал, хууль сахиулах сулхан тогтолцоотой уялдаж буй олон талын асуудал юм.
Гэвч ямар ч шалтгаан байсан, аюулгүй амьдрах эрхэд халдах нь зөвтгөгдөх боломжгүй. Хүүхдээ тэрэгтэй түрж яваа ээж, тэргэнцэртэй иргэн, энгийн явган зорчигч гээд хүн бүрийн алхах эрх хамгаалагдах ёстой.
Зогсоолын хүрэлцээ ба автомашины өсөлт
АТҮТ-ийн 2021 оны судалгаагаар Улаанбаатар хотод нийт 72,667 зогсоол бүртгэгдсэн байна. Үүний:
• 36,907 нь нийтийн зогсоол
• 22,450 нь орон сууцны гаднах
• 11,297 нь албан байгууллагын
• ердөө 1,610 нь давхарлсан буюу хэвтээ зогсоол байжээ.
Гэтэл автомашины тоо үүнтэй уялдахгүйгээр жилээс жилд огцом өсөж байгаа. Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2023 онд 800 мянга орчим байсан бол 2024 онд 917 мянга гаруйд хүрчээ. Энэ өсөлт нь хотын замын даац, агаарын бохирдол төдийгүй зогсоолын хомсдлыг улам хурцатгасан байна.
Хууль ба даатгалын асуудал
Иргэдийн дунд түгээмэл асуулт бол: “Хориотой газар тавьсан машин маань эвдэрвэл даатгал үйлчлэх үү?” гэдэг.
Даатгалын ерөнхий нөхцөлд:
• Бусад тээврийн хэрэгсэл мөргөсөн бол буруутай жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдана.
• Хулгай, эвдрэл бол иж бүрэн даатгал (КАСКО)-д хамрагдана.
• Харин хориотой газар байрлуулсан тохиолдолд нөхөн төлбөрөөс татгалзах эсвэл бууруулах үндэслэлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл явган хүний зам дээр машинаа тавих нь зөвхөн бусдад саад болохоос гадна өөрийн эдийн засгийн эрсдэлийг ч нэмэгдүүлдэг.
Хотын түвшинд шийдэх гарц
Нэг жолоочийн “түрхэн зуурын” буруу зогсолт үнэндээ хотын бүх иргэдийн алхах эрхийг хааж байна. Энэ асуудлыг зөвхөн торгууль, цагдаагаар биш дараах цогц арга хэмжээгээр шийдэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнд:
• Ил, нийтийн зогсоолыг нэмэгдүүлэх
• Олон давхар зогсоолын төсөлд хөрөнгө оруулалт татах
• “Улаанбаатар паркинг” зэрэг апп-аар бодит цагийн менежмент хийх
• Хууль сахиулах тогтолцоог чангатгаж, торгуулийг автоматжуулах
• Иргэдийн ухамсар, соёлыг нэмэгдүүлэх сурталчилгаа явуулах
Явган хүний зам дээр машиныг тавих асуудал бол зөвхөн дүрмийн хэрэгжилтийн асуудал биш. Энэ бол хот төлөвлөлт, хууль хэрэгжилт, жолоочийн ухамсар гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцол дээр гарч буй асуудал. Хүүхдээ тэрэгтэй түрж яваа ээж, тэргэнцэртэй иргэн, өндөр настай хүн — бүгд өдөр бүр замын гол руу гарж алхан, амь нас, аюулгүй байдалдаа эрсдэл үүрч байна. Нөгөө талд жолооч нар “зогсоол байхгүйгээс өөр аргагүй” гэж гомдоллож буй нь хотын бодлого, шийдэл дутагдаж буйг тодхон харуулж байна.
Эцэст нь, энэ бол зөвхөн ухамсар, хүндлэл төдийгүй бодлого, шийдэл зэрэгцэж шийдэх ёстой нийслэлийн бодит сорилт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна