Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах Үндэслэл болоод буй 55 дугаар тогтоол, түүний үр дагаварын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
ЭХЛЭЭД АМНАТ-ЫН ТУХАЙ
Иргэд АМНАТ-ийг татвар гэж ойлгох тохиолдол их байдаг учраас Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоолыг тайлбарлахын тулд эхлээд АМНАТ гэж юу вэ гэдгийг товч тайлбарлах хэрэгтэй болов уу.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тэгвэл энэ заалтыг амилуулж байгаа цорын ганц зүйл нь буюу ард түмэн баялгийн эзэн гэдгийг харуулдаг ганц зүйл нь АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм.
ААН-үүд зөвшөөрлийн үндсэн дээр байгалийн баялгийг олборлож, ашиг орлого олж болно. Гэхдээ баялгийн эзэн болох ард түмэнд ногдох хувийг нь буюу АМНАТ-ийг заавал төлдөг учиртай.
АМНАТ НОГДУУЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЗАРЧИМ
Дээр бичсэнчлэн, Үндсэн хуульд “...Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” бөгөөд төрийн хамгаалалтад байна” гээд заачихсан учир АМНАТ-ыг төр ногдуулна. Манай улсын хувьд энэ нь 5 хувь байдаг бөгөөд үнэ тооцох журам, аргачлалыг Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор зохицуулдаг.
Гол хэрэглэгддэг заалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн:
-47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:
47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;
47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;
-47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:
-47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;
-47.16.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:
47.16.1.худалдсан, худалдахаар ачуулсан;
47.16.2.экспортолсон;
47.16.3.өөрийн хэрэгцээнд ашигласан.
Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын:
2.1.2. тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан;
2.9. Энэ журамд заасны дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, тээвэрлэхтэй холбогдон гарах зардал болон аж ахуйн үйл ажиллагааны бусад зардлыг хасаж тооцохгүй.
3.3. Хувь хүн, хуулийн этгээд нь ашигт малтмалыг “уурхайн ам” (EXW) нөхцөлөөр оршин суугч бус этгээдэд худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд тухайн ашигт малтмалыг экспортолсонд тооцож, АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1.2-т заасны дагуу тодорхойлно гэсэн заалтууд.
Дээрх хууль, тогтоолд байгалийн баялгийг /Нүүрс/ уурхайн ам нөхцлөөр худалдсан ч Олон улсын биржийн үнээр тооцож төлнө шүү гэдгийг тодорхой зааж өгчээ.
Бүр тодорхой хэлбэл, Төр нь ард түмний баялгийн хамгаалагч буюу манаач болохынхоо хувьд үнэ тооцох аргачлалыг боловсруулахдаа АМНАТ-ыг АЛЬ БОЛОХ ӨНДӨР байлгах зарчим барьдаг болох нь тодорхой байна.
55 ДУГААР ТОГТООЛ ЯМАР ЗАРЧИМ ЗӨРЧИВ
Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард 55 дугаар тогтоол гаргаж, дээр бичээтэй байгаа Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд доор дурдсан өөрчлөлтийг оруулжээ.
-3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө)
-3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн)
Ингэснээрээ Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолуудад АМНАТ-ын талаар заахдаа баримталдаг “Төр нь ард түмний баялгийн хамгаалагч буюу манаач болохынхоо хувьд үнэ тооцох аргачлалыг боловсруулахдаа АМНАТ-ыг АЛЬ БОЛОХ ӨНДӨР байлгах зарчим”-ыг алдагдуулжээ.
Өнөөдрийн байдлаар, Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр тонн нүүрс 90 ам.долларын үнэтэй, хил дээр 130 ам.доллар байна.
Гэтэл биржээр 25 хувийг нь худалдсан тохиолдолд үлдсэн 75 хувийнхаа АМНАТ-ыг биржийн буюу хямд үнээр тооцуулж төлөх нөхцлийг бий болгосон. Нэгэнтээ шүүмжлэгч нар нь тодорхой тоо хэлээд байгаа учраас шууд тоо бодож шалгая.
ААН 100 тонн нүүрс хил үнээр буюу 130 ам.доллараар борлуулахад 13,000 ам.доллар олж, 650 ам.долларын АМНАТ төлнө. Үлдэгдэл 12.350 ам.доллар.
25 хувийг нь биржийн үнээр /90 ам.доллар/, үлдсэн 75 тонныг нь хил үнээр /130 ам.доллар/ зарахад 12,000 ам.доллар олж, 450 ам.долларын АМНАТ төлнө. Үлдэгдэл нь 11,550 ам.доллар.
Одоо хамгийн гол хэсэг нь эхэллээ. Засгийн газрын 55 дугаар тогтоол хэнд ашигтай байна вэ.
Энэ харилцаанд баялгийн эзэн буюу ард түмэн, баялгийн хамгаалагч буюу төр, баялгийг ашиглагч буюу ААН гэсэн гурван харилцагч байна.
ААН-үүдийн тухайд, боловсруулалт хийдэг, 100 хувь хил нөхцлөөр зарж чадаж байгаа ААН-үүдийн хувьд ашиггүй /нүүрсний үнэ өсөх тусам нэмэлт АМНАТ тооцох журам бас бий/, ихэнхийг нь уурхайн ам.нөхцлөөр зарж байгаа ААН-үүдэд бага ч гэсэн ашигтай /Тэртэй тэргүй 130 ам.доллараар тооцож АМНАТ төлж байсан нь 90 ам.доллар болчихоор/.
Төрийн тухайд, ам.нөхцлөөр буюу хямд худалдаж байгаа ААН олон байгаа тохиолдолд Орлогын албан татвараас эхлээд ашигтай байдал үүсэхээр байна.
Харин ард түмний хувьд, ямар ч тохиолдолд хохирч үлдэж байгаа нь тодорхой байгаа юм.
Бүр тодорхой хэлбэл, төр ард түмний хувь болох АМНАТ-ийг бага, харин өөрийн хувь болох, хурааж чадвал захиран зарцуулах эрхтэй болдог татвар хураамжийг их авах гэжээ.
Үндэсний баялгийн сангаас татгалзсан гэх агуулга
Монголчууд өнөөдөр байгалийн баялагтаа эзэн болж, захиран зарцуулахыг юунаас ч ихээр хүсэж байгаа билээ. Тэр ч утгаараа байгалийн баялгаас гурван сан байгуулж, Ирээдүйн өв санг АМНАТ-өөс, Хуримтлалын санг Стратегийн ордуудын ногдол ашгаас, Хөгжлийн санг төсвийн илүүдлээс санхүүжүүлэхээр тогтсон.
Тэгэхээр, Ирээдүйн өв санг арвижуулах учиртай АМНАТ-өөс татгалзана гэдэг ард түмний өмчид халдаж байгаа нэг хэлбэр мөн.
АМНАТ-аа хуульд заасны дагуу, бүрэн бүтэн олж авч чадаж байна гэдэг төр ард түмэндээ үнэнч байгаагийн нэг шинж гэж үзвэл 55 дугаар тогтоол тийм байж чадсангүй.
Төсөв бүрдүүлэх нь иргэдээ бодож байгаа нэг хэлбэр гэж мэтгэж болох ч АМНАТ-ийг татвараас бүрддэг, төр өөрөө захиран зарцуулдаг, цавчаа ихтэй төсөв рүү шилжүүлэх оролдлогыг зөвтгөж яавч болохгүй.
Өмнө нь төр олон удаа АМНАТ рүү халдаж байсан. Алтны салбарыг дэмжихэд үргэлж АМНАТ буюу ард иргэд хохирогч болдог байлаа. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, байдал өөр болсон үед харин ийм шийдвэр гаргах нь хоцрогдсон, Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж, иргэдийн өмчид халдсан тогтоол болжээ гэж л хэлмээр байгаа юм.
ААН-үүдээ дэмжиж болно. Гэхдээ татварын бодлогоор дэмжих учиртай. АМНАТ руу халдлаа, халдлаа гэхэд ядаж л уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүнээс АМНАТ тооцохоо болих хэрэгтэй шүү дээ. Тэр нь ядаж л цаг үедээ нийцсэн, бодлого шийдвэрт тохирсон харагдана..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна