УИХ-ын гишүүд, ЗГХЭГ-ын төлөөлөгчид БНКУ-ын орон нутгийн төлөөлөлтэй уулзлаа

Х.Есү
2024/11/30

Монгол Улсын Их Хурал цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг баталсан. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий ураны төсөл урагшлах хууль эрх зүйн орчин бүрдсэн. 

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид 11-р сарын 28-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын зарим гишүүд болон ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон нарын албаны төлөөлөгчид ажиллаж байна. 

Өнөөдөр (2024.11.29) БНКУ-ын Туркестан мужын Созак дүүргийн Засаг даргын орлогч Оразов Калдыбек болон “Катко” компанийн гүйцэтгэх захирал Паскаль Бастьен нартай уулзаж, Казахстаны уран олборлолт, боловсруулалт, орон нутагт үзүүлж буй дэмжлэг, байгаль орчны нөлөөлөл, татварын орчин зэрэг асуудлаар мэдээлэл авч, санал солилцлоо. 

Созак дүүргийн Засаг даргын орлогч Оразов Калдыбек: “Катко” компани манай аймагт  2006 оноос  эхэлж газрын доор уусган олборлох буюу байгаль орчинд хөнөөлгүй технологиор ураны исэл олборлож байна. Ингэснээр эдийн засагт эерэг үр дүн гарсаар байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд ураны олборлолт аймгийн хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй, байгаль орчинд сөрөг үр дагавар гараагүй болохыг судалгаагаар тогтоосон. Орон нутгийн иргэдийн зүгээс ураны олборлолттой холбоотой эсэргүүцэл гаргаж байгаагүй.

“Катко” компанийн гүйцэтгэх захирал Паскаль Бастьен:  Үйлдвэрт  ажиллаж буй 1300 орчим хүний 70 хувь нь орон нутгийн иргэд бөгөөд нийт ажилтны 60 хувь нь 10-аас дээш жил ажилласан.  Суурь гэрээний дагуу жилд 600 мянган ам.долларыг Созак дүүргийн хөгжилд зарцуулдаг. 2009-2024 онд орон нутгийн нийгмийн төслүүдэд 10,2 сая ам.доллар зарцуулаад байна. Түүнчлэн үйлдвэрт ажиллахаар төлөвлөсөн оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн хариуцдаг.

УИХ-ын гишүүд, ЗГХЭГ-ын төлөөлөгчид маргааш “Катко” компанийн олборлолтын үйл ажиллагаа болон уурхайн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна